Сүүлийн үеийн судалгаагаар Ардчилсан намын рейтинг өсөж эхэлжээ. УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал “News.mn”-д өгсөн ярилцлагадаа энэ тухай дурдсан.
УИХ-д есхөн суудалтай үлдсэн цөөнхийн рейтинг сэргэх нь олон найдлагын эхлэл юм. Товчхондоо олны итгэл Ардчилсан нам руу эргэлээ гэж тодорхойлж болно.
Ардчилсан нам руу салхийг эргэсэн үндсэн шалтгааныг эрх баригч намын хэрэгжүүлж байгаа бодлоготой холбоотой болохыг экс гишүүн онцолжээ.
Үнэндээ ч эрх баригч хүчний бодлогод шүүмжлэлтэй хандах иргэд олон болсон. Мэргэжлийн Засгийн газар байгуулах нэрийн дор мэргэжлийн бус хүмүүсийг яам, агентлагуудад томилж, төрийн албыг төрлийн алба болгон хувиргах ажлыг Ардчилсан намаас ч өндөр рейтингтэйгээр давуулан биелүүлж ажиллаж байгаа.
Түрээсийн төлбөрөө хойшлуулан байж, ажилчдынхаа цалинг арай ядан тавьж байхад татвар нэмэх санаачилгыг хэн гаргалаа.
Эрүүгийн хууль, Процессын тухай хуулийн төслүүдийг буцаан татсан нь хэн билээ, МАН. Нэг нам хэт олонхи болбол юуг ч зогсоох боломжгүйг ингэж л харуулсан. Буцаан татсан хуулийн төслүүдэд Ерөнхийлөгч хориг тавиад ч дийлээгүй. Хууль эрх зүйн салбарт хийгдсэн шинэчлэл ингэж л нэгхэн өдрийн дотор орвонгоороо эргэсэн.
Уг нь өнгөрсөн дөрвөн жилийн түүхийг сөхвөл МАН-ынхан шиг мундаг эх орончид энэ улсад байгаагүй юм. Парламент дахь 26 гишүүн нь “Эх орон сүйрлээ” гэж бархиралдахад хамгийн шударга, хамгийн баатарлаг улстөрчид нь байв.
Гэтэл тэр нь олонхи болохын төлөө, эрх мэдэлд хүрэхийн төлөө, УИХ-ын сонгуульд зориулж дэглэсэн жүжиг л байсан юм билээ. Энэ тухай Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат бүлгийнхээ хуралдаанд оролцохдоо илчилсэн удаатай. Тэрбээр “Бид өмнө нь 26-уулаа байхдаа хүнд таалагдахын тулд юу ч хамаагүй ярьдаг байсан. Одоо популизм хийх цаг биш ээ” гэж… Хаалттай хуралдааны дээрх яриа ил болсноор МАН зөвхөн эрх мэдэлд шунаж байсан нь ингэж ил болсон.
Одоо тэдний дараагийн зорилго нь орон нутгийн эрх мэдлийг гартаа төвлөрүүлэх явдал бол удаах нь хэдхэн сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгууль болж хувирч байна.
Бүх эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлэхийн тулд юм, юм л сэдэж эхлэв. Сарын өмнө санхүүгийн боломжгүй, Монгол Улсыг дампууруулах эрсдэлтэй гэж үзэн зогсоож байсан “Сайн оюутан” хөтөлбөрийг зүсийг нь хувиргаад Боловсролын зээлийн сан нэртэйгээр оруулж ирлээ. Төсвийг нь 101.5 тэрбум төгрөгөөр төсөвт суулгажээ. “Сайн хашаа”, “Сайн малчин” хөтөлбөрүүдийг “Малчны зээлийн сан”, “Хашаа зээлийн сан” нэртэйгээр хувиргаад оруулаад ирэхэд гайхах юм ер алга.
Санаа, санаачилга хоёрыг хуулбарлана гэдэг энэ л болов уу.
Дээр нь өнгөрсөн дөрвөн жилд Засгийн газарт ажиллаж үзээгүй, УИХ-д байгаагүй мэт эдийн засгийн уналт нь зөвхөн Ардчилсан намын үйл ажиллагаанаас л болсон мэт улс төр хийх болсоор удав. Угтаа бол өнгөрсөн дөрвөн жилд МАН шиг төрөөрөө “тоглосон” улстөрийн хүчин хэн байлаа даа. Засгийн газрыг унагачихаад дараа нь дотор нь ороод сууцгаасан. УИХ-ын түвшинд яаж “бойкот” зарлаж чуулган, байнгын хорооны хурлыг хуралдуулахгүй байж, дөнгөдөг байлаа. Парламентад дахь 26 кнопыг өөрсдийнхөө хүссэнээр ашиглаж, тоглолт хийчихээд эцсийн мөчид бурууг нь зөвхөн Ардчилсан намд л үүрүүлээд байгаа юм.
Энэ мэт олон зүйлийг нь олон нийт тунгаан бодсоны эцэст Ардчилсан намд итгэл үзүүлж эхэлсэн хэрэг биз.
Ер нь ч тэгээд УИХ-д 65 суудалтай нам буруу бодлого дэвшүүлэхэд хязгаарлах, хянах ямар ч боломжгүй байгааг өнгөрсөн хугацаанд хангалттай харуулсан. Ийм нам орон нутгийн сонгуульд эрх мэдлээ тогтоовол Монгол Улс нэг намын л гарт төвлөрөх эрсдэл бий.
Г.ХОРОЛ