Засгийн газраас Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулж, өчигдөр Сангийн яамнаас мэдээлэл хийлээ.
Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн тайлбарласнаар ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа Тавантолгой, Гацууртын орд төслүүдийг хөдөлгөж, Оюутолгойн далд уурхайн ажлыг эрчимжүүлснээр эдийн засгийн өсөлтийг гурван хувьд хүргэхээр тооцсон байна.
Татвар нэмэхгүй байх бодлого баримтална, шинээр татвар бий болгохгүй. Алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг ашигтай ажиллуулах үүрэг өгөгдөнө. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Боловсролын зээлийн санг 101.5 тэрбум, Насны хишиг хөтөлбөрт 20.5 тэрбумыг тус бүр тусгасан байна.
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ноос, хүнсний улаан буудайн урамшуулалд зориулж 54 тэрбум төсөвлөсөн бол “Эрүүл мэндийг дэмжих сан”, “Спортыг дэмжих сан”, “Соёл урлагийг дэмжих” санг шинэчлэн байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр тус бүр 3 тэрбум байхаар тусгажээ.
Ингэснээр улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5 их наяд 974 тэрбум буюу ДНБ-ий 22.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8 их наяд 564 тэрбум байна. Төсвийн алдагдал 2 их наяд 589 тэрбум буюу ДНБ-ий 9.9 хувьтай тэнцүүлснээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагыг хангах аж.
Дээрх мэдээллийн дараа Сангийн сайд Б.Чойжилсүрэн сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгсөн юм.
–Монгол Улсын Засгийн газар “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг Олон Улсын Валютын Санд (ОУВС) гаргасан гэх мэдээлэл бий, хариу өгсөн үү?
-ОУВС-гийн төлөөлөгчид өнгөрсөн наймдугаар сарын 15-17-нд манай улсад ажилласан. Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан захидлыг ОУВС-д илгээсэн. Захидлын хариуд ОУВС-гийн техникийн багийг аравдугаар сард ажиллуулахаа илэрхийлсэн. Техникийн баг ажилласаны дараа хэлэлцээр хийж “Стэнд бай” хөтөлбөрт хамрах эсэхийг шийднэ.
-2017 онд хэчнээн төгрөгийн өр төлөх вэ. Мөн хэчнээн төгрөгийн бонд гаргахаар төлөвлөсөн бэ?
-Монгол Улс ирэх онд 6.6 их наяд төгрөгийн зээл төлнө. Төсвийн орлогоос давсан зээл гэсэн үг. Тиймээс дээрх хэмжээний бонд гаргах байх. Эсвэл өмнө нь гаргасан бондоо хойшлуулах арга хэмжээ авна.
-Зээлийг хойшлуулах арга хэмжээ авч чадаагүй нөхцөлд бондоор зээлээ төлөх хувилбарт шилжихээс аргагүй гэсэн үг үү?
-Бондыг бондоор төлөх арга хэмжээ авахаас биш төсөв алдагдалтай үед санхүүжүүлэлт гаргах боломжгүй.
-Төрийн өмчит компаниудыг хувьчлах уу?
-Алдагдалтай ажиллаж байгаа Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг ашигтай ажиллуулах чиглэл өгсөн.
–Ирэх онд цалин нэмэх үү?
-2017 онд цалин, тэтгэврийг одоогийн байгаа түвшинд нь хадгалах шийдвэр гарсан. Нэгдсэн төсвийн орлого хангалттай нэмэгдэж чадаагүй нөхцөлд үүнээс өөр арга байхгүй байгаа.
Г.ХОРОЛ