Нью-Иоркийн тэмдэглэл

Хуучирсан мэдээ: 2016.10.01-нд нийтлэгдсэн

Нью-Иоркийн тэмдэглэл

Монголчуудын мөрөөдлийн орон бол Америк. Яагаад гэвэл Америк бол эрх чөлөөний орон. Ийм бодолтойгоор дэлхийн өнцөг булан бүрээс сая, сая хүн Америкийг зорьдог. Тэдэн дунд энэхүү эрх чөлөөний орон руу тэмүүлэх монголчууд ч цөөнгүй. Америк бол өөртөө итгэлтэй, нэр төрөө эрхэмлэсэн, бие даасан хүмүүсийн чөлөөт нийгэм. Тэр ч утгаараа АНУ-ыг либертаричуудын “мөрөөдлийн эх орон” гэж хэлэх хүмүүстэй ч таарч байлаа. Гэхдээ л, Америкт ирсэн анхны асуулт энэхүү өртөг өндөртэй, мөнгөгүй л бол амьдрах боломжгүй их хөлийн орны юунд нь дурлаж, эх орноосоо цагаачлан амьдардаг юм бол?!

Атлантын далайн тохой дээр орших Нью-Йорк нь дэлхийн санхүү, худалдааны гол төв. Америкийн төдийгүй дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хот. Гэсэн хэдий ч тус хотыг зорин ирэх жуулчдын цуваа үл тасарна.

Онгоцноос буув уу үгүй юу, бүгчим чийглэх агаар өмнөөс угтав. Есдүгээр сарын сүүл гэхэд Нью-Йорк зунаараа, модод нь ногооноороо. Зөөлөн бороо шиврэх хэдий ч Монголын минь намрын бороо шиг сэтгэл үл хөдөлгөнө.

Онгоцны буудлаас Нью-Йоркийн Манхэттан дүүрэг рүү хурдны замаар давхилаа. Нью-Йоркийн төвийн дүүрэг болохоор хөл хөдөлгөөн гэж жигтэйхэн. Бараг хоёр цаг гаруй түгжирч байж Хилтон зочид буудалд ирэв. НҮБ-ын Ерөнхий ассамблейн зочид, төлөөлөгчдийн хөлд тус буудал дарагджээ.

Түм түжигнэж, бум бужигнасан Манхэттан бол Нью-Иоркийн хамгийн өндөр өртөгтэй дүүрэг. Энд дэлхийн санхүү, худалдааны төвүүд, НҮБ-ын байр, Трампын апартмент байрлана. Хаашаа л харна тэнгэр баганадсан өндөр барилгууд. Гоё ганган, амар амгалан бас цэвэр цэмцгэр ч биш юм байна. Мэр сэр хог хаягдал бол байна аа байна.

Гудамжаар алхаж явахад тус улсын хамгийн их сэтгэл зовоосон асуудал бол таргалалт гэдгийг хэвлэлээс уншсанаа санав. Үнэндээ манайхны тарган хүмүүс Америкт бол бараг л туранхайдаа орох юм билээ. Таргалалт харуудын дунд их байдаг бололтой.

Аргагүй ч биз, үнэ хямдыг нь бодож хүйтэн мөстэй колагаа ууж, гамбургер, пицца гээд түргэн хоолоо идэх Америкийн хувьд ядуусынх нь зовлон таргалалт өвчин болсон аж. Миний анзаарснаар ус нь коланаасаа үнэтэй. Хоол нь бас монгол мөнгөөр тооцвол “хөөрхөн” үнэтэй. Тийм болохоор ядуус нь үнэ хямдыг нь бодоод колагоо ууж, түргэн хоолоо идээд явдаг бололтой юм.

Мэдээж, Америкт ирсэн жуулчин эрх чөлөөний хөшөөг үзэж, хоёр өндрийн дурсгалаар орж, “Таймс-Сквер”-оор зугаалахгүй бол Нью-Йоркт очсоны хэрэг юун. Тиймээс бөмбөрцөгийн өнцөг булан бүрээс Америкт ирсэн жуулчин болгоны заавал үзэж сонирхдог дээрх газруудаар орлоо.

Таймс-Скверт өдөр шөнөгүй хөл хөдөлгөөн тасарна гэж үгүй. Ялангуяа шөнөөр хөл хөдөлгөөн бүр нэмэгддэг аж. Томоохон брэндийн дэлгүүрүүд, худалдаа, үзвэр үйлчилгээний газруудын бөөгнөрөл болсон тэрүү гудамжнаа мөнгө олохын тулд нэг хэсэг нь шалдалж, нүцгэлэн, нөгөө хэсэг нь Нью-Йоркийн шөнийг бахдан гайхах аж. Энэхүү гудамжийг Таймс-Сквер гэж нэрлэсний учир нь Нью-Йорк Таймс” сонины төв офисс анх байгуулагдсантай холбоотой юм байна.

Нэгэн одой эр хөгжим тоглож, төрийнхөө далбаагаар дотоож хийгээд өмссөн бүсгүйчүүд зургаа хамтдаа авхуулахыг жуулчдаас хүсэх аж. Хүн бүр чөлөөтэй өөр өөрийнхөөрөө байх энэ гудамжинд ёстой л эрх чөлөөний орон гэж ийм буюу гэсэн бодол төрнө. Ёстой хотын гудамжинд шөнө болдоггүй гэж, шөнийн 02 цаг болж байхад л хөл хөдөлгөөн тасарна гэж үгүй юм. Үүнийг манай хотын шинэ мэр аль хэдийнээ үзсэн л байлгүй.

НҮБ дэх Монголын суурин төлөөлөгчийн газрын ажилтнууд аль болох хүн бөөгнөрсөн, хаа нэгтээ хаясан, мартсан цүнх савнаас хол байхыг байнга сануулж байв. Биенийхээ гажиг төрхөө ашиглаад мөнгө олох нэгэн дэл сул юм хайсан “урт гартнууд” ч бас цөөнгүй гэнэ.

Орой болохоор л үйлчилгээний газрууд, байгууллагууд нь хогоо ангилан ялгаад том уутанд хийж гудамжиндаа гаргаад тавьчихдаг. Шөнийн цагаар хогны тэрэг нь ачаад явчихдаг аж.

Эрх чөлөөний хөшөө бол Америкийн бэлгэ тэмдэг. Монголчуудын хошигнон нэрлэдэг “Ногоон дарь эх”-эд мөргөхгүй буцна гэвэл ёстой алдас болно байх. Үүх түүхээс нь дурдвал энэхүү хөшөөг оёдлын машиныг анх бүтээсэн Францын уран барималч Фре­дерик Огюсту Бартольди бүтээжээ. Модель нь оёдлын машиныг анх бүтээсэн Исаак Зингерийн эхнэр Изабелла Бойер байсан гэж ярьцгаадаг. Хөшөөний анхны нэр нь “Азийн гэрэл”. Гэхдээ Америкийн хувсьгалын 100 жилийн ойгоор францууд бэлэг болгон өгсөн юм байна. 18 доллараас тасалбар худалдаж аваад усан онгоцоор эрх чөлөөний арал дээр очиж болно.

Үргэлжлэл бий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж