“Сонгуулийн дараа, эдийн засгийн хямралын үед: Нийгмийн хамгааллын өнөөгийн төвшнээс ухрах уу? эсвэл нийгмийн баримжаат төрийг улам бэхжүүлэх үү?” хэмээх сэдэвт бага хурал өнөөдөр /2016.09.30/ “Блю Скай” зочид буудлын Кристал танхимд болж байна.
Уг нийгмийн даатгал, нийгмийн хамгааллын асуудлыг хөндсөн уулзалтад хараа, сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн төлөөлөл болон үйлдвэрчний эвлэлийн гишүүд, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны төлөөлөл зэрэг олон талын мэргэжилтнүүд оролцжээ.
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүн Д.Гэрэл: Бид хэнээс ч дутахааргүй нийгмийн оролцоотой
-Бидний нүд харахгүй ч гэхдээ бидний оюун санаа хэвийн шүү дээ. Бид харахгүй байгаа ч бидэнд учирч буй бэрхшээлийг багахан ч гэсэн шийдээд өгвөл хийж чадна. Жишээ нь, хараагүй иргэд гудамжаар явахад зам маань аюулгүй, баррель номтой, ярьдаг программ маань байвал хэнээс ч дутахааргүй нийгмийн харилцаанд оролцоод явна. Хүмүүсийн хувьд эдгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ямар орчин шаардлагатай байх талаар мэдээлэл байдаггүй. Монгол улс өнгөрсөн хоёрдугаар сард олон улсын гэрээ конвенцид тулгуурлан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” маш сайн хуулийг баталсан. Харин одоо энэ хуулийн дагуу юу хийх ёстой вэ гэдгийг тодорхойлж, хэрэгжүүлэхдээ биднийг оролцуулах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол манайхан мэдэхгүйгээсээ нэг ажлыг хоёр дахин хийх тохиолдол гардаг. Тийм учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчинг бүрдүүлэхэд бидний оролцоо чухал. Уг шинэ хуулиар тохируулгатай ажлын байр гэдэг ухагдахуун орж ирсэн гэсэн юм.
Удирдлагын академийн улс төр, нийгмийн удирдлагын тэнхимийн профессор Б.Нарантулга: Хөдөлмөр эрхлэлтийг түлхүү дэмжих хандлагатай байна
Монгол улсын нийгмийн хамгааллын бодлого маань мянганы хөгжлийн зорилтот тусгагдсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, үндэсний хөгжлийн үзэл баримтлал зэрэг урт хугацааны бодлого маань хэвийн үргэлжилж байна. Үүнээс гадна энэ жилийн сонгуулийн дараа нийгмийн хамгааллын бодлого дээр гарч ирж буй 2016-2020 онд Засгийн газар маань нийгмийн хамгааллын бодлогод яг ямар арга хэмжээг хэрэгжүүлэх вэ гэдэг асуулт тавигдаж байгаа. Нийгмийн хамгааллын бодлогод тавигдаж буй гол зорилтыг нь харахад хөдөлмөр эрхлэлтэд суурилсан өөрөөр хэлбэл нийгмийн хамгаалал, халамж, даатгал, хөдөлмөр эрхлэлтийг түлхүү дэмжих хандлага ажиглагдаж байна” гэв.
“Бие даан амьдрах” төвийн тэргүүн М.Чулуун-Эрдэнэ: Нийгмийн халамжийг зөв, эрүүл системээр шийдэх нь зүйтэй
“Өнгөрсөн долдугаар сард Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын яамтай хамтарсан тушаал гарч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн группийн асуудал нэлээд маргаантай асуудал үүссэн. Зарим хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг группийн хувийг нь хасч байгаа талаар ярьж байна. Гэхдээ энэ талаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө ямар ч мэдээлэлгүй байна. Энэ журам яагаад гарах болсон талаар иргэдэд мэдээллэж, ойлголт өгөхгүй байна. Групптэй иргэдийн хөдөлмөрийн чадамжийн хувь буурвал нийгмийн хамгааллын түлээ нүүрсний мөнгө авахгүй зэрэг нийгмийн халамжийг хүртэж чадахгүй нөхцөл байдал үүсдэг. Халамж хавтгайрч буй асуудал байгаа. Гэхдээ үүнийг зөв, эрүүл системээр шийдэх нь зүйтэй” гэж ярилаа.
А.СҮРЭН