Багийн спортын өөдрөг ирээдүй

Хуучирсан мэдээ: 2016.09.30-нд нийтлэгдсэн

Багийн спортын өөдрөг ирээдүй

Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатарт болсон Ази тивийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эрэгтэй сагсчид анх удаа түрүүлж, аваргын цом хүртсэн бол өчигдөр Азийн элсний V наадмын 3×3 сагсан бөмбөгийн төрөлд манай эрэгтэй баг мөнгөн медаль зүүж, сагсан бөмбөгийн шинэ амжилтын хуудсыг нээлээ.

Оюутны Азийн аваргад Монголын баг 2006 оноос оролцож эхэлсэн гэвэл арван жилийн дараа дээрх амжилтад хүрчээ. Багийн спортод ирж байгаа энэ медалиудыг том, жижиг тэмцээнийх гэхээсээ илүү баярлан угтаж байгаа хүн олон биз ээ. Энэчлэн монголчууд багийн спортоор амжилт гаргах боломжтойг харуулсан сайн мэдээнүүд цөөнгүй байна.

Хөлбөмбөгийн холбоо үнэхээр “эзэнтэй” болжээ гэдгийг хэн ч мэддэг болжээ. Тус холбоо өнгөрсөн сард өсвөр, идэрчүүдийн шилдэг тоглогчдоо Унгарын алдарт Ференц Пушкашийн академид жилийн хугацаатай, үнэ төлбөргүйгээр суралцуулахаар үдэж мордуулав.  

Хэдийнээ жигдэрсэн мэргэжлийн болон дээд лигийн тэмцээн, шат шатны уралдаануудаас гадна эмэгтэй хөлбөмбөгийг хөгжүүлэх хөтөлбөрийг Монголын хөлбөмбөгийн холбоо амжилттай хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийг Азийн хөлбөмбөгийн холбоо дэмжиж, холбогдох албаны хүмүүсээ Монгол руу үе үе илгээж, анхаарал тавьдаг болжээ. Гадаадын дасгалжуулагчид Монголын багийг сонирхон, албан ёсны гэрээгээр ирж ажилладаг болсон байна.

Саяхан Хятадын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Лю Пэн Улаанбаатарт зочлохдоо “Монголд багийн спорт хөгжих бүрэн боломж байна. Хот, хөдөө хаана ч очсон сагсан бөмбөг тоглоогүй газар алга. Бид танай багийн спортыг хөгжүүлэхэд тусалъя. Та бүхэн чөлөөт, жүдо бөхийн дасгалжуулагч, тамирчдаа бидэнтэй хамтран ажиллахад туслаарай” гэж хэлсэн нь шүүрч аваад дэмжих санал. 

Өнгөрсөн жилийн өдий үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нийтийн биеийн тамирыг дэлгэрүүлэх зорилгын хүрээнд Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргаж байлаа. Яг нэг жил өнгөрчээ.

Зарлигийг Засгийн газар, спортын байгууллагууд шат дамжлага бүртээ хэрхэн хэрэгжүүлж байгааг одооноос эхлэн асуух хэрэгтэй.

Үндэсний болон сагсан бөмбөг, гар бөмбөг, хөлбөмбөг, хоккей зэрэг багийн спорт хөгжиж буй байдлыг эрчимжүүлэх, хөгжлийн төвшинг дээшлүүлэх, олимп, тив, дэлхийн спортын уралдаан, тэмцээнд амжилттай оролцох баг, тамирчдыг бэлтгэх үндсийг бий болгох, эх орондоо тив, дэлхий, олон улсын чанартай тэмцээн уралдаан зохион байгуулахад орчин үеийн шаардлага, олон улсын стандартад нийцсэн дэд бүтцийг бий болгох, түүнд түшиглэсэн багийн спортын дагнасан сургалттай академи байгуулах зэрэг агуулгатай Ерөнхийлөгчийн зарлигийг Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Биеийн тамир, спортын газар, спорт холбоодод дахин сануулъя.

Өнгөрсөн жил Монголын спортын түүхэнд анх удаа 500 сая төгрөгийн гэрээ байгуулагдаж, “Арвайн үндэс” компани хөлбөмбөгийн үндэсний лигийн аварга багт 100 сая төгрөгийн шагналын болзол тавьсан нь Монголын хөлбөмбөгийн холбоонд итгэл үзүүлсэн маш том дэмжлэг байсан. Үүн шиг багийн спортыг багаар нь дэмжихэд төр, засгийн болон төрийн бус байгууллага, тамирчид, багш дасгалжуулагчид, бизнесийн байгууллага, дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, хандивлагчдын дэмжлэг чухал.

Бодлого, дэмжлэг хоёр нь байвал амжилт гаргаж болдгийг сагсан бөмбөгийн залуу үе, хөлбөмбөг, сагсан бөмбөг, волейболын спорт холбоодын менежмент, тамирчдын амжилт харуулж эхэллээ. Багийн спортынхонд баяр хүргэе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж