Энхийг сахиулагчид үүргээ гүйцэтгээд эх орондоо иржээ

Хуучирсан мэдээ: 2016.09.29-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулагчид үүргээ гүйцэтгээд эх орондоо иржээ

Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын цэргийн багийн III ээлжийн бие бүрэлдэхүүн үүргээ нэр төртэй биелүүлээд өчигдөр /2016.09.28/ эх орондоо ирлээ.

Үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн энхийн сахиулагчдыг “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг нарын албаныхан болон манай улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Матью Кент нар угтан авсан юм.

Цэргийн багийн захирагч, дэд хурандаа А.Төгс-Эрдэнэ “Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүргээ нэр төртэй биелүүлж ажилласан” тухайгаа угтан авсан удирдлагууддаа илтгэсэн. Бригадын генерал Д.Ганзориг “Ажиллагааны газар оронд цагийн байдал амаргүй байгаа ч Монгол цэргийн ур чадвар, сонор сэрэмж, дайчин чанарыг харуулж үүргээ амжилттай биелүүлсэн та бүхнээрээ бахархаж байна. Цаашдаа ажиллагааны газар үүрэг гүйцэтгэхдээ хуримтлуулсан туршлагаа анги байгууллагадаа гаргаж ажиллаарай” хэмээн онцлоод эх орондоо байгаагүй цаг хугацаанд нь салбарт өрнөсөн томоохон үйл явдлын тухай товч мэдээлэл хүргэв.

Энэхүү ажиллагаагаар энхийг сахиулах үйлсэд анх удаа оролцсон дэд ахлагч Т.Буяндэлгэр туршлага хуримтлуулаад ирсэн бол дөрөв дэх удаагаа оролцсон хошууч Э.Сэрээтэр ур чадвараа улам нэмэгдүүлээд иржээ.
Тэд бүгдээрээ эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өгсөн үүргийг амжилттай биелүүлсэндээ сэтгэл дүүрэн байна.

Үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн дайчдад маргааш Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон медаль гардуулна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж