“Хууль сахиулах үйл ажиллагаа” сэдэвт хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2016.09.29-нд нийтлэгдсэн

“Хууль сахиулах үйл ажиллагаа” сэдэвт хурал боллоо

“Хууль сахиулах үйл ажиллагаа: Онол, практикийн тулгамдсан асуудал” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хуралд гадаад, дотоодын 40 гаруй байгууллагын 300 гаруй эрдэмтэн судлаач оролцож байна

Хууль сахиулахын их сургууль нь Их сургуулийн статустайгаар үйл ажиллагаагаа явуулснаас хойш Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай хамтран салбарын өмнө тулгамдсан тодорхой асуудлаар жил бүр уламжлал болгон Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж ирсэн.

Энэ жилийн хувьд Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 09 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд “Хууль сахиулах үйл ажиллагаа: онол, практикийн тулгамдсан асуудал” сэдвээр Их сургуулийн хичээлийн шинэ байранд зохион байгуулж байна.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагааг нээж Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор тэргүүн комиссар С.Баатаржав үг хэллээ.

Тэрбээр,

-“Манай их сургуулийн хамт олон хууль сахиулах салбарын шинжлэх ухаан, инновацийн дэд бүтцийг бий болгож салбарын төдийгүй улс орны хөгжилд бодитой хувь нэмэр оруулагч судалгааны Их сургууль болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилтыг бодит үр дүн болгон хэрэгжүүлэхэд бидний идэвх санаачилга ихээхэн чухал юм. Тэр ч үүднээс хөгжингүй орнуудын дэвшилтэт технологи, арга зүйг судлах, ололттой талыг бэхжүүлэх, нутагшуулах, үүднээс жил бүр уламжлал болгон салбарын тулгамдсан асуудлыг хөндсөн сэдвээр Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион явуулж байна.

“Хууль сахиулах үйл ажиллагаа: онол, практикийн тулгамдсан асуудал” сэдвээр зохион явуулж буй VI дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд хууль сахиулах үйл ажиллагааны уламжлал, өнөөгийн байдал, чиг хандлага, хууль тогтоомжийн хэрэгжилтийг онол, практикийн түвшинд хөндөж, эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнг нээлттэй хэлэлцүүлэн зөвлөмж гаргаж практик байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд чиглэх юм. Бидний урилгыг хүлээн авч Олон улсын эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч, эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнууддаа баяр хүргэж амжилт хүсье. Та бүхний хэлэлцүүлэг, дэвшүүлсэн санал бүр хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд

-“Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд төрийн болон төрийн бус байгууллагууд, их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачид, гадаадын 30 гаруй эрдэмтэн судлаач, төлөөлөгчид оролцож байгаа нь хурлын цар хүрээг илтгэж байна. Энэхүү хурлаар хууль сахиулах үйл ажиллагааны талаар ойлголт, хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрхийг хангах, хууль сахиулах салбарын боловсрол, тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг эрдэмтэн судлаачид хэлэлцэж, дорвитой зөвлөмж боловсруулагдаж гарна гэдэгт итгэж байна.

Ирэх 4 жилд Хууль зүйн байнгын хорооны зүгээс эрх зүйн салбарт тулгамдсан асуудал болон УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль тогтоомжийн талаар судалгаа явуулах, батлагдсан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчилах үйл ажиллагааны хүрээнд Хууль сахиулахын их сургуулийн эрдэмтэн, судлаачидтай нягт хамтран ажиллах болно” гэдгийг хэллээ.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Хууль зүйн яамнаас УИХ-д хэлэлцүүлэх хуулийн төслүүдийн өмнөхөн энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Энэхүү хурал нь хууль сахиулагчдыг бэлтгэж буй Хууль сахиулахын их сургуулийн сургалтын агуулга, чанарыг дээшлүүлэх багш, судлаачдыг чадавхижуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын цар хүрээг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Онол, практикийг хослуулсан цагт илүү их амжилтыг гаргана. Хуулиас давсан журам, хуулиа үлгэрлэдэггүй хууль сахиулагч гэж байдаггүй. Учир нь хууль сахиулагчийн гарт хүний амьдрал, хувь заяа, шударга ёсны хэм хэмжээ, төрдөө итгэх олон түмний итгэл үргэлж атгаастай байдаг. Тиймээс хууль сахиулах үйл ажиллагааны процессыг давхардалгүй, хүний эрхийг үндсэн стандартад нийцүүлсэн, иргэдэд ойлгомжтой байдлаар хуульчлан тогтоох хэрэгцээ шаардлага өнөөдөр тулгамдаад байна.

Хууль сахиулах үйл ажиллагааг нэгдсэн стандартад оруулах, хууль сахиулагчаас хэрэгжүүлэх эрх хэмжээг тогтоохоос хууль сахиулах үйл ажиллагааны шинэчлэл эхлэх ёстой. Ингэснээр хууль сахиулах үйл ажиллагааны үндэс суурь болсон хүний эрхэд суурилсан байх, хуульчлагдсан байх, хяналттай байх зарчим хэрэгжих болно. Хууль зүй, дотоод хэргийн яам хуулийн төсөл боловсруулах, шинжилгээ судалгааны ажилдаа Хууль сахиулахын их сургуулиа түшиглэн, татан оролцуулж ажиллах болно” гэлээ.

Хууль сахиулахын их сургуулийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, академич Ж.Амарсанаа “Бид өнөөдөр энэхүү хурлаар шинжлэх ухааны талаар хэлэлцэж байна. “Хууль сахиулах” гэдэг нэг ёсондоо Засгийн газрын түвшний асуудал гэж ойлгож болох юм. Тиймээс бид Засгийн газрыг шүүх, прокурортой нь хамт хэлэлцэж байгаа нь их таатай санагдаж байна.Хууль сахиулах салбарыг хөгжүүлэхэд энэхүү олон улсын хурал ихээхэн ач холбогдолтой юм” гэдгийг хэлж байлаа.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд ОХУ, БНХАУ, БНСУ, ХБНГУ, Беларусь, АНУ, Япон, Турк зэрэг 10-аад орны 30 гаруй төлөөлөгчид, хууль зүйн салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, үйлдвэрлэлийн 40 гаруй байгууллагын 300 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байна.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлаарүндсэн хуралдаанаас гадна “Хууль сахиулах үйл ажиллагаа ба аюулгүй байдал”, “Хууль сахиулах үйл ажиллагаа ба хүний эрх”, “Хууль сахиулах салбарын инноваци ба боловсрол”, “Гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт 4 салбар хуралдаанаар 30 гаруй илтгэлхэлэлцэх юм.

Уг олон улсын эрдэм шинжилгээний хурлаар хууль сахиулах үйл ажиллагааны ойлголт, өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, эрх зүйн зохицуулалт, үндэсний аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хууль сахиулахуйн боловсрол, инноваци, тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэсэн гадаад, дотоодын туршлага зэрэг онол, практикийн асуудлыг гадаад, дотоодын эрдэмтэн, судлаач, практик ажилтнууд хэлэлцэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг судалгааны эргэлтэд оруулах, практик үйл ажиллагаанд нэвтрүүлэх чиглэлээр зөвлөмж гаргах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж