ОХУ-ыг өөрчлөх Путины төлөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2016.10.03-нд нийтлэгдсэн

ОХУ-ыг өөрчлөх Путины төлөвлөгөө

ОХУ улс төрийн удирдлагын түвшинд томоохон өөрчлөлт хийх гэж байгаа тухай цахим мэдээллийн www.business-gazeta.ru  сайт хэд хоногийн өмнө мэдээллээ. Владимир Путин томоохон өөрчлөлт хийх гэж байгаа тухай яриа гараад удаж байгаа юм. Уг цахим сайт мэдээллээ яг баттай гэж нотолж чадахгүй гэдгээ хэлээд гэхдээ магадлал өндөр хэмээн онцолжээ.

Хэрвээ уг сайтад бичигдсэн зүйлс үнэн бол хуучин ЗХУ-ыг санагдуулсан шинэ ОХУ бий болох аж. Төрийн тогтолцооны хувьд Ерөнхийлөгчийн болон парламентын засаглал хосолсон байх гэнэ. Социализмын үе шиг төлөвлөгөөт эдийн засагтай, мөн хуучны Дотоод явдлын яамтай, албан ёсны сөрөг хүчинтэй байх гэнэ. Дотоод явдлын яамыг яам гэж нэрлэх үү, хороо гэж нэрлэх үү гэдгээ хараахан шийдээгүй ч үүрэг, функцийн хувьд ЗХУ-ын До яамыг бүрэн утгаар нь сэргээж, дотоод болоод гадаад тагнуулын алба, төрийн албадыг хянах, төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг  хамгаалах, мөн төрийн өмчийн объектын харуул хамгаалалтыг харуцах бөгөөд мэдээж үндэсний аюулгүй байдлыг хангах том үүрэг мөн энд хамаарахаар төлөвлөжээ. Шинэ бүтцээр усан хил, агаарын хилийн хяналтыг чангатгахаар ярьж байгаа юм байна. Мөн хуучин ЗХУ-ын үед байсан Иргэний хамгаалалтын албыг сэргээнэ. Мөн Иргэний мэдээллийн алба гэж бий болгон үүнд олон нийтэд мэдээлэх үүрэг, үзэл суртлын асуудлыг хариуцуулна.

Энэ 2016 оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар Үндэсний гварди гэж байгуулсан бөгөөд энэ нэгжийг Дотоод яам болгон хувиргах бас нэг хувилбар яригдаж байгаа хэмээн сайт бичжээ. Магадгүй Ерөнхийлөгчийн гварди гэж ч нэрлэж магадгүй гэжээ.

Хамгийн сонирхолтой нь Ерөнхийлөгч гэсэн албан тушаалыг огт байхгүй болгох хувилбар яригдаж байгаа аж. Сонгуулийн үр дүнгээр Төрийн зөвлөлийг байгуулж, Төрийн зөвлөлийн дарга нь Ерөнхийлөгч байна гэж үзэж байгаа аж. Төрийн зөвлөл нь одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд суурилан бий болно гэжээ. Албан ёсны нэр нь ОХУ-ын Төрийн зөвлөл эсвэл Оросын Төрийн зөвлөл гэх аж. Төрийн зөвлөлийн дарга орлогчтой байна, энэ нь дэд ерөнхийлөгч гэсэн үг. Энэ албан тушаалыг одоогийн Ерөнхий сайд Дмитрий Медведев хашиж магадгүй гэж ярьж байгаа ч эмэгтэй хүн байх магадлал маш өндөр гэж сайт үзсэн байна. Владимир Путин сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийг идэвхтэй дэмжин өндөр албан тушаалд томилж байгаа нь ийм дүгнэлт хийхэд хүргэж байгаа юм байна.

Албан ёсны сөрөг хүчин байх бөгөөд сөрөг хүчний удирдагч нь “Яблоко” намын дарга Григорий Явлинский байна. Бусад сөрөг хүчин арчигдана. Гэхдээ сөрөгч хүчний “Парнас”, “Рост” зэрэг нам “Яблоко”-д нэгдэх хувилбар өндөр байгаа гэжээ. КПРФ болон ЛДПР намууд бүтцийн хувьд өөрчлөгдөхгүй ч намын тэргүүнүүдийг солино. Ер нь улс төрийн намын тоог 5-6-д барихаар Путин төлөвлөж байгаа аж. Путины “Единая Россия” нам насанд хүрсэн нийт хүн амын 51 хувийг өөрийн гишүүнчлэлтэй болгох аж.

Өмнө нь ЗХУ-ын үед байсан шиг эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөөг таван жилээр, магадгүй зургаан жилээр гаргана. Эхний таван жилийн төлөвлөгөөг 2021 он гэхэд батална.

Бэлтгэсэн А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж