Өнгөрсөн есдүгээр сарын 4-5-нд Хятадын Ханжоу хотод Их-20-ийн уулзалт болж өнгөрсөн. Энэ уулзалтад оролцсон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзах үеэрээ орос зайрмаг бэлэглэсэн юм. Их-20-ийн уулзалтын яг өмнөхөн ОХУ-ын Владивостокт зохиогдсон Эдийн засгийн форумаас Владимир Путин шууд Ханжоуд хүрэлцэн ирсэн бөгөөд тэрхүү форумд оролцсон хятадын бизнесмэнүүд оросын зайрмагийн нийлүүлэлт Хятадад тааруу байгаа талаар гомдол тавьсан учраас зориуд зайрмаг бэлэглэж байна хэмээн наргисан.
Тэгвэл үүнээс хойш хятадууд орос зайрмагийг сонирхон ихээр худалдан авах болжээ. Гаалийн дүн мэдээгээр энэ оны нэгдүгээр сарын байдлаар Хятад руу 271,4 тонн зайрмаг нийлүүлжээ. Хятадын зүүн талын Оростой хиллэдэг Манжуураар дамжин сүүлийн таван жил оросууд зайрмаг нийлүүлж байгаа юм. China Daily сонины мэдээлснээр өнгөрсөн нэг сартай харьцуулахад зайрмагны нийлүүлэлт 14 дахин өсч, энэ жилийн дүнгээр нийт нийлүүлэлт мөнгөн дүнгээр 863 мянган ам.долларт хүрчээ.
А.ШАРАВ