Х.Тэмүүжин: АН-д “үүрэг гүйцэтгэгч намын дарга” гэж байхгүй

Хуучирсан мэдээ: 2016.09.26-нд нийтлэгдсэн

Х.Тэмүүжин: АН-д “үүрэг гүйцэтгэгч намын дарга” гэж байхгүй

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн АН-ын шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийлсэн ярилцлагыг хүргэж байна.


-“Үндэсний шуудан” сониноос “Задралын өмнөх АН” гэдэг нийтлэл уншлаа. Ингэхэд АН задрах гээд байна уу, шинэчлэгдэх гээд байна уу? Шинэчлэх болсон шалтгаан ер нь юу юм?

АН-ын шинэчлэл гэж ярьж байгаа боловч энэ нь дан ганц АН-ын шинэчлэл биш юм. Монгол Улсад ардчиллыг эрүүл саруул, зүй зохистой хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд нь өөрсдөө шинэчлэгдэх үү, үгүй юу гэдэг салхины эхлэл. МАН жигтэйхэн ариун тунгалаг, АН бохир муухай болчихсондоо шинэчлэл яриад байгаа юм биш. Шинэчлэлийн үйл явцыг харахад бидэнд ярих ёстой долоо, найман сэдэв байна. Хамгийн нэгдүгээрт, намын шинэчлэл яаж явагдах юм. Улс төрийн нам бол үзэл бодол, үнэт зүйл, алсыг харж байгаа зорилгоороо эвлэлдэн нэгдэх эхний суурь. Жалга, дов болгон дээр эзэн суучихсан, намын хөл, орон нутгийг эзэмшээд авчихсан, өөрийнхөө хүмүүсээс өөр хэнийг ч оруулдаггүй хаалттай тогтогцоо нь намыг нам биш болгоод байна. Нам өөрөө олон нийтийн төлөөлөл байж, улс оронд хөгжлийг авчирахаасаа илүү гацаагч, арагш татагч болж хувирч байна. Энэ чинь төлөөлөл, гишүүнчлэл гэдэг хоёр тогтолцоо чинь эрүүл байна уу, үгүй юу гэдгийг харуулаад байгаа юм. Энэ бол нэг сэдэв.

Үүний дараа нам маань тэр төлөөлөл, гишүүнчлэлээр орох гээд байгаа хүмүүсийнхээ үнэт зүйл, үзэл бодол, эрхэмлэх зарчмыг тээж байна уу, тодорхой хэсэг бүлгийн ашиг сонирхлыг тээгээд байна уу? Эсвэл бүр мөнгө эрх мэдэл тойрсон хүмүүсийн нэгдэл юм уу? Ерөөсөө нам өөрөө юу юм, бодлого тээгч мөн үү гэдэг сэдэв гарч ирнэ. Гуравдугаарт, намыг хамгийн муу муухай харагдуулж байгаа зүйл бол намын санхүүжилт. Тэгвэл намын санхүүжилтыг ямар байх ёстой юм? Энэ зөвхөн АН-д хамаатай яриа биш. МАН ч, өөр бусад намуудад ч хамаатай. Намын санхүүжилтээс болоод улс төрийн авлига цэцэглэж, улс төрийн авлигаас болоод төрийн албан тушаалыг зах дээр гаргаж зардаг тогтолцоо үүсч байна. Эцсийн дүндээ төрөөс үйлчилгээ авах гэж байгаа бүх хүнээс мөнгө нэхдэг авлигын тогтолцооны шалтгаан нь төрийг, намыг өөрийг нь санхүүжүүлж байгаа системээс болж байна. Яагаад МАН-ын 60 тэрбумын хэрүүл гарсан, яагаад хүмүүс албан тушаалуудыг зарж байна гэж хардаж сэрдээд байгаа юм. Хэн их хандив өгсөн, хэн их мөнгө цуглуулж сонгуулийг санхүүжүүлсэн нь өндөр албан тушаал ру мацаж, мөнгөтэй том яамдыг эзэмжихэд хүрч байна шүү дээ. Бодит том зураг нь МАН дээр харагдаж байна. АН л шинэчлэл нэрийн дор ярьж эхэлж байгаагаас биш аль ч намд байгаа асуудал. Үүнийг шинэчлэхгүйгээр Монголын улс төр эрүүлжихгүй. Улс төр нь эрүүлжихгүй бол төрийн зөв бодлого гарахгүй.

-Гэвч энэ тийм амархан хийгдэх ажил уу?

-Шинэчлэлтэй холбоотой сорилтууд байгаа юу гэвэл мэдээж байгаа. Зарим хэсэг нь “Шинэчлэл нэрийн дор 26 жилийн турш бүтээн бий болгосон институцийг нураах гэж оролдож байна” гэж хардаж байна. Зарим нь “Хуучин лидерүүд нь хуучин арга барилаараа хуучин эрх мэдлээ хадгалж үлдэх гэж оролдож байна” гэж дургүйцэж байна. Ингэж хоёр туйлд гарч хэрэлдээд юуг ч өөрчилж чадахгүй. Энэ хоёр туйлыг дундын цэг дээр авчирч уулзуулах л шаардлага байна.

-Ингэхэд АН ямар үнэт зүйл, үзэл баримтлалтай нам бэ?

-Нэгд, нам бол тодорхой үзэл бодол, үнэт зүйл, зарчим дээр нэгдсэн хүмүүсийн нэгдэл. Хоёрт, энэ үзэл баримтлал, үнэт зүйл, зарчмаа бодлого болгож гаргах гэж оролддог оюун ухаан, уураг тархи байх ёстой. Харамсалтай нь, өнгөрсөн жилүүдийн бидний хийсэн маш том алдаа бол АН маш олон сэдвүүдээ алдсан. Хүний эрх, шударга ёс, эдийн засгийн хөгжил, иргэний боломж гээд. Энэ бүхнийхээ эсрэг явсан учраас өнөөдөр АН-ын захын лидер гараад хүний эрхийн тухай ярихад олон нийт “Энэ одоо юу гэж худлаа яриад байна” гэж гайхах хэмжэээнд оччихлоо. Нэг үгээр АН-ын нэгдлийн үнэт зүйлүүд алдагдсан байна. Ийм нэгдэл байхгүй учраас “эрх мэдэл, мөнгө тойрсон нэгдэл юм байна” гэж харах нь аргагүй.

Шинэчилнэ гэдэг нь АН-ыг цоо шинээр бий болгох тухай асуудал биш. Ядаж анх ярьж байсан үзэл баримтлал, үнэт зүйл, бодлого дээрээ ирж зогсооч ээ л гэж байгаа юм. Тэр үед нь олон нийт энэ намыг дэмждэг байсан, гэрэл гэгээг энэ намаас хардаг байсан. Одоо бол “ардчиллын алтан хараацай” гэхээсээ илүү “Ээ дээ, энэ ч дээ. Хэн болчихов доо” гэдэг байдлаар л харж байна шүү дээ. Тиймээс нэгдүгээрт, АН өөрийнхөө мөн чанар дээр эргэж зогсох ёстой. Хоёрдугаарт, тэр мөн чанарыг сөрж, буруу эргэлт хийгээд байгаа хүмүүсээ буцааж, тоормоз татаж зогсоохгүй бол АН-ын нэрээр маш олон буруу эргэлт хийлээ. Ний нуугүй хэлэхэд, АН-аас коммунист, фашист бодлого хүртэл гарч эхэлсэн шүү дээ. Юун нөгөө ардчилагч, хүний эрхийг хамгаалагч. Хувийн компани гаднаас мөнгө босгоод төмөр зам барина гэхэд “Үгүй ээ, төр барина” гэж зогсоогоод, барьж чадахаа байхаараа “цэргээр бариулна” гэдэг чинь  чинь коммунист, фашист үзэл байхгүй юу. Үүнд нь тоормоз татаж зогсоох хэмжээний хүч АН-д байсангүй. Бүх юмаа тавиад туучихсаныхаа дараа л өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч байна.

АН-д тоормоз байдаггүй, МАН-д хааз байдаггүй гэдэг.

Нэгэнд нь урагшаа явах хүсэл эрмэлзэл байхгүй, нөгөө нь нэг л өнхөрсөн бол буруу эргэсэн ч хамаагүй зүтгээд байдаг. Хэрвээ АН-ын гаргаж байгаа бодлого АН-ын мөн чанараас хазайвал түүнийг татаж зогсоодог тоормоз хэрэгтэй. АН-ыг шинэчлэхийн тулд хамгийн нэгдүгээрт АН мөн чанар дээрээ зогс. Мөн чанараасаа хазайсан хэсгээ татаж ирээд хариуцлага тооц. АН олон нийтийн төлөөллийг бүрэн дүүрэн хангаж чадах нээлттэй гишүүнчлэлтэй байхаасаа гадна үнэт зүйлийнхээ төлөө тууштай зогсох чадвартай байх ёстой. Үүнийг ярихын тулд дахиад намын санхүүжилтээ ярина. Санхүүжилтээ ярихгүй бол тодорхой олигархиуд, цөөн хүмүүс эрх мэдэл, мөнгө хоёроор энэ намыг базаад хүссэнээрээ хөдөлгөх болчихоод байна.

-АН анх фракцийн тухай ярьж эхлэхэд би гайхдаг байсан. Нэг намд нэг үзэл бодол, нэг зорилготой явсан хүмүүс яагаад ингэж хуваагдчихав гэж?

АН бий болсон түүхийг бодитойгоор харах хэрэгтэй. Нэгдүгээрт, АН үнэт зүйл, үзэл баримтлалаараа нэгдсэн хүмүүсийн нэгдэл биш. Тухайн үед МАХН-аас гарсан, тэр системдээ гомдсон, угаасаа санал нийлэхгүй байсан гэх мэт маш олон бүлгүүд нэгдэж энэ намыг бий болгосон. 2000 оны том ялагдлын дараа таван нам нэгдэж АН-ыг байгуулсан. Угаасаа олон намын нэгдэл учраас урт хугацаанд нэгдэж ажиллах чадваргүй байдаг юм байна. Анхныхаа угшлаас шалтгаалаад МҮДН, МоАХ гэх мэт фракциуд бий болоод эхэлсэн. Найз нөхдийн харилцаа, нэг намд явсан гэх мэт нөхөрлөлийн юм байсан л байх. Сүүл рүүгээ гол санхүүжүүлэгчээ тойрсон бүлэглэлүүд болж хувирсан. Санхүүжүүлэгчээ тойрсон бүлэглэл болоод ирэхээр хэдий чинээ мөнгө зарна төдий чинээ ихийг олох ёстой гэсэн зарчим руу ороод эхэлж байна. Мөнгөөр хүмүүсийг барьж тогтооно гэвэл хэзээ ч ханаж цадахгүй, улам ихийг шаардана. Улам ихийг олохын тулд байдгаа барж, сүүлдээ хулгай дээрэм, тонуул, луйвар болж эхэлж байна. Энэ дүр зураг МоАХ дээр ч харагдаж байна, манай намын бусад фракциуд дээр харагдаж байна. Эцсийн үр дүн нь АН төр бариад ирэнгүүт фракциуд мөнгөтэй уут руу уралдаж толгойгоор шургуулдаг, хуруугаа шивж ордог болж байна. Энэ алдааг засахын тулд фракциудын хуваагдлыг зогсоох ёстой юм байна.

-Яаж тэр вэ?

Фракци болж хуваагдах дээрээ хүрвэл ядаж үзэл баримтлал, бодлогын өрсөлдөөнөөр хуваагдах хэрэгтэй шүү дээ. Эрүүл мэндийн, боловсролын, хууль эрх зүйн салбарт юу хийх вэ гэдэг бодлогын эрүүл өрсөлдөөнөөр фракцлахгүй бол мөнгө олох, хуваах гэдэг буруу тогтолцоо руу явахаараа эцсийн дүндээ бүхэл бүтэн гажиг болж хувирлаа. Мөнгө, эрх мэдэл тойрсон энэ бүлэглэлийн хязгаарыг багасгая гэдэг санаачилгыг үеийн үед гаргаж байсан, дийлээгүй. Яагаад гэвэл нөгөө талд нь их мөнгө, эрх мэдэл байна. Тэр хил хязгаарыг байхгүй болгонгуут албан тушаал нь, олж байгаа орлого, нөлөөлөл нь байхгүй болчих гээд байгаа учраас салж чаддаггүй. Одоо нэгэнт эрх мэдэл, мөнгө байхгүй, бүгд адилхан гудамжинд байгаа дээрээ факцийнхаа энэ хил хязгаарыг хаявал яасан юм бэ гэдэг яриа илүү бодитой болох шинж харагдаж байна. Одоо бид юугаа булаацалдах юм бэ. Хэнд нь ч УИХ-ын дарга, Ерөнхий сайдын суудал алга, том том мөнгөтэй яамдын уутыг барьсан эрх мэдэл алга. Тийм учраас мөнгө тойрч бөөгнөрдөг байсан хүмүүс задарч эхэлж байна. Хамгийн их дагаж шарваганаж гүйсэн хүмүүс чинь одоо нөгөө нам руу мөнгөө дагаад гүйж байгаа. Өнөөдөр л үүнийг хийж чадахгүй бол дараа хийж чадахгүй.

-Лу.Болд гишүүн “АН ялагдсан нь давуу тал боллоо. Шинэчлэгдэх боломж олдлоо” гэсэн. Гэтэл мөнгөтэй байсан үедээ эрх мэдэл, мөнгөө хуваачихсан улс өнөөдөр бие биедээ шаардлага тавьж чадах уу? “Чи “Эрдэнэт”-ийг аваа биз дээ”, “Чи онгоцны хэрэгтэй биз дээ” гээд бие биенээ барьцаалчихаар шинэчлэл явах уу?

-Хүн болгоны ааш аяг янз бүр. Зарим нэг нь гомдлоо тайлах гэж оролдоно, зарим нь байр суурь олж авах гэж оролдоно. Хүн болгоны ийм яриаг буруу, зөв гэж шүүх аргагүй. Ямар ч байсан ялагдлынхаа шалтгааныг бодитойгоор нэг дүгнэе. Ингэхдээ чи надад таалагдаж байна, таалагдахгүй байна гэдэг өнгөөр хувь хүмүүс рүү нь хандаж яриад эхлэвэл буруу тийшээ явчихна. Энэ ялагдал бидэнд маш том сургамж. Хөндлөнгөөс өөрсдийгөө нэг харах, сэрэх боломж өгсөн. Дотор нь орсон бужигнаанаасаа гараад “Ийм л юм болж дээ” гэдгийг хөндлөнгөөс нэг харчих хэрэгтэй. Тэгж байж маргааш руу яаж явах вэ гэдгээ ярих боломж олдоно. Хувь хүмүүсийн хоорондын хэрүүл байдлаар биш, хамтаараа ялагдахад юу нөлөөлсөн бэ гэдгээ ярья. Дараа нь хамтаараа яаж урагшаа явах вэ гэдгээ харж болно. Тэгж чадахгүй бол АН ярилцлагын эхэнд таны хэлсэн шиг задрал руугаа явна.

Ний нуугүй хэлэхэд, өнгөрсөн дөрвөн жилд бид бие биедээ хариуцлага ярьж чадаагүй.

Эргээд харахад энэ дөрвөн жилд АН-ыг АН-ынхан өөрсдөө алсан. МАН-ынхан бол бидний эсрэг юу ч хийж чадаагүй шүү. Хэн нь хэнийгээ хэвлэлээр компаничилж балбав, хэн хамгийн буруу бодлогуудыг өөгшүүлэв, эцсийн дүндээ АН эрх мэдэлд гарсныхаа дараа албан тушаалыг юу болгож хувиргав? Онигоо шиг юм болсон шүү дээ. Сайд болж үзээгүй нэг нь сайд болох хэмжээнд, УИХ-ын даргыг хэн сайн тойрч бүжиглэсэн нь албан тушаалд очих хэмжээний галзуурал руу явлаа. Энэ бүх галзуурлуудаа хувь хүн хэн байсан бэ гэдгийг нь орхиод “Бид юу хийсэн бэ, юун дээр алдсан бэ” гэдэг бодит дүр зургаа гаргая. “Би” гэж цээжээ дэлдэхээсээ илүү “Бид бүгдээрээ яав аа” гэдгээ яриад урагшаа алхах хэрэгтэй.

-Ялагдлын шалтгаанаа олж харсан уу?

-Олон л шалтгаан байна, хүн болгон гаргаж ярьж байна. Тэр бүгдийг нэг нэгээр нь жигнээд үзэх хэрэгтэй л дээ. Маш олон шалтгаан бий. Тоймлоод, багцлаад хэлэхэд таван гол шалтгаан байна. Гэхдээ тэр шалтгаануудын эх үүсвэр нь нөгөө л фракцалж хуваагдсанаас үүдэлтэй. “АН засаглаж чаддаггүй” гэдэг догма болтлоо тархчихсан тэр үзлийг бид өөрсдөө батлаад өглөө шүү дээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд АН-аас угшилтай гурван хүн гурвуулаа эрх мэдлийн орой дээр байсан мөртлөө улс төрийн тогтворгүй байдлыг бий болгосноор АН 1996-2000 оныхоо алдааг дахиад давтлаа. Шалтгаан нь ерөөсөө л фракциудын хуваагдал. Миний үгэнд орсонгүй, манай хүн хаана байна гэдэг хуваагдлаасаа болоод нэг фракци нь нөгөө фракцитайгаа нийлж байгаад гурав дахийгаа намнах гэж оролдож байгаа чинь АН засаглаж чаддаггүй гэдэг догмыг нотолсон л байхгүй юу. Энэ бол бидний алдаа яах аргагүй мөн.

Хоёр дахь том алдаа нь эдийн засгаа хямраасан. Мэдээж гадаад, дотоод эдийн засгийн хүчин зүйл байсан л байх. Гэхдээ дотор нь байгаа би хүртэл гайхсан. Эдний фракци энэ төслийг явуулаад, уул уурхайн энэ мөнгө ийшээ орчихвол манайхан дараачийн сонгуулиар цөөнх болно шүү гэж ярьж байна. Нам цөөнх болох тухай ярихгүй байна шүү дээ. Манай фракци цөөнх болчих учраас энэ төслийг явууулж, энэ уул уурхайг ашиглуулж болохгүй гэж байна. Үүнээсээ болоод угааасаа таагүй байсан эдийн засгийг улам таагүй болгох нөхцөл рүү явуулсан. Үр дүнд нь баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчиддээ хамгийн таагүй байдлыг бий болгосон. Хамгийн аймшигтай нь үүндээ хуулийн байгууллагыг ашиглах гэж оролдсон. Нөгөө шударга ёс, хуулийн засаглал, хүний эрх ярьдаг байсан улсууд чинь юуны төлөө шинэчлэл хийх гэж явснаа мартах хүртлээ эрх мэдлийн зодоонд орсон. Үүнээсээ болоод эдийн засгийн ч ухралттай, улс төрийн ч ухралттай, хуулийн ч ухралттай, эцсийн дүндээ нийгмийн ухралт руу явсан.

-Өнөөдөр АН-ын даргын үүрэг гүйцэтгэж байгаа Д.Эрдэнэбат даргад таны хэлээд байгаа тэр шинэчлэлийг хийх сонирхол, хүсэл эрмэлзэл байна уу?

-Хувь хүнийхээ хувьд АН-ын дарга байх хэмжээний лидер мөн үү гэвэл мөн. Тэр хүнийг мэддэг, өнгөрсөн жилүүдэд хамт ажилласныхаа хувьд мэднэ. Зарчимтай бол зарчимтай, эрүүл саруул бодолтой улстөрч мөн. Надад нэг л зүйл нь таалагдахгүй байгаа. АН-ын дүрэмд “үүрэг гүйцэтгэгч намын дарга” гэдэг зүйл байхгүй. ҮЗХ-ноос  гадуур хэн нэг нь “Чи намын дарга бол” гээд нэгэндээ АН-ын тамга тэмдгийг бэлэглэдэг, угсаа залгамжилсэн хаант засаглалын хэмжээний уламжлал, соёл АН-д байхгүй. Тийм учраас АН үүрэг гүйцэтгэгч намын даргатайгаа явбал дээд шүүх дээр маргаан гараад АН маш эвгүй байдалд орно. Тиймээс Эрдэнэбат гэдэг хүн үүрэг гүйцэтгэгч намын дарга биш. Харин орон нутгийн сонгуульд АН-ыг авч орж байгаа штабын ахлагч бол мөн. Зөв ярих ёстой биз дээ. Д.Эрдэнэбат ч, Л.Гантөмөр ч, АН-ын даргад өрсөлдөж байгаа хүмүүсийн аль нь ч намын дарга болчих хэмжээний лидерүүд мөн. Тиймээс би аль нэгэн дээр нь тодотгол хийж яримааргүй байна. Харин тэд өөрсдөө нээлттэйгээр ил гараад биеэрээ, амаараа юу ярж байна гэдгийг нь харах ёстой. Үнэхээр хүмүүсийн хүсэн хүлээж байгаа намын шинэчлэлийг энэ хүн хийх үү, үгүй юу гэдэг чинь энэ хүмүүсийн яриагаар, үйлдлээр, “Би үүнийг хийж чадна” гэдэг итгэл, зоригоор хэмжигдэхээс биш одоо байгаа хаягаар хэмжигдэхгүй.

-АН-ын шинэчлэгч залуучууд энд тэндээс гарч ирээд яриад байна. Тэд хэр үүрэгтэй байна, энэ шинэчлэлд?

Булаг боргилоход хаа сайгүй л бужигнаан үүсдэг шүү дээ. Тиймээс энэ бол эрүүл үзэгдэл. Үүнд адгаж уурлаад, эд нар эрх мэдэл булаацлаа, та нар хэн юм гэж хажаад, эзэн боолын харьцаагаар хандаад байж болохгүй. Өнгөрсөн 26 жил ч яг л ийм зүйл ажиглагдаж байсан. Би анхдагч, би АН-ын эзэн, алтан хараацай, та нар хэн юм гэж хандаж ирсэн. Үнэхээр АН-ын анхдагчдын дээр ах нар гэж байсангүй. Тэр хүмүүс өөрсдийгөө насан туршдаа “залуу” гэж бодож явсан. Дараачийн үеэ бэлтгэх тухай бодож ч байгаагүй. Бид байхад тэд юу юм гэдэг л байр суурьтай явж ирсэн. Н.Алтанхуяг дарга саяхан нэг үг хэлсэн байна лээ. АН-д урьд өмнө байгаагүй боломж бий боллоо. Ахмад, дунд, залуу гурван үе зэрэгцэж оршин тогтнох боломжтой боллоо гэж. Хэн хэнийгээ хүлээн зөвшөөрч, залгамж чанараа хадгалах ёстой гэдэг нь зөв. Гэхдээ буруу бөгөөд таагүй соёлуудаа, ардчилалд халгаатай зүйлүүдээ цэвэрлэх л ёстой. Тэр нь үе үеэрээ талцаж хэрэлдээд хуваагд гэсэн үг биш. АН-ыг хүчтэй улс төрийн хүчин байлгахын тулд зэрэгцэж зогсох ёстой. АН бол маш зоригтой, маш сайн санаачлагч нам шүү дээ. Төгсгөлөө хийж чаддаггүй, дундаасаа хэрэлдээд дуусдаг л болохоос биш. Одоо тэр санаачлагчийнхаа байр суурь дээр зогсохоос гадна гүйцэтгэлээ сайн хийж, үр дүнгээ харуулж чаддаг тогтвортой, тулхтай улс төрийн хүчин болох ёстой. Үүний тулд ахмад, дунд, шинэ үе гурваараа эгнэж зогсох ёстой.

Манай залуучуудад нэг алдаа байна. Шинэчилнэ гэж гарч ирсэн мөртлөө дотроо ойлголцохгүй байна. Яг нөгөө ах нарынхаа “бид анхдагч” гэдэг шиг “Энэ манай сэдэв, би ингэж хэлсэн” гэдэг хэрүүлийг хийх гэж оролдож байгаа нь буруу. Нэгдэх хэрэгтэй, нийлэх хэрэгтэй. Гэхдээ хувь хүн, өөрсдөдөө наасан хаяг дээр биш, ярьж байгаа сэдэв, зарчим, арга барилаараа нэгдэж том гол болох хэрэгтэй. Нэг алдсан алдааг давтаж болохгүй. Олон гол нийлж мөрөн болдог шиг олон хөдөлгөөн нийлж байж нам дотор том давалгаа үүснэ. Горхи болгон дундаа хэрэлдээд “Чи цаашаа, би наашаа” гэвэл бүгд элс рүү шургаад алга болно шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Eagle.tv

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж