Жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ)-ийг хөгжүүлэх зорилгоор энэ онд 742.6 тэрбум төгрөгийн зээлийг 7800 гаруй төсөлд олгосноос зээлийн эргэн төлөлт одоогоор 93 хувьтай гарчээ. Эдийн засагчдын зүгээс дээрх үзүүлэлтийг “Боломжийн” хэмээн үнэлж байна.
ЖДҮ-ийн зээлийн эргэн төлөлт саатахгүй цаг хугацаандаа төлөгдөх нь дараагийн төслийг санхүүжүүлэх эх үүсвэр бүрддэг. Тэр хэрээр олон, олон шинэ өрхийн аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлүүд хөл дээрээ босож, өргөжиж байдаг.
Улс орон бүр ЖДҮ-ийг хөгжүүлэхдээ тодорхой сангаар дамжуулан хүү багатай зээл олгодог. Монгол Улсын хувьд энэ төрлийн зээлийг жилийн долоон хувийн хүүтэй олгож иржээ.
Түүхий эдийн үнийн уналттай холбоотойгоор төсвийн алдагдал зузаарч, банкны системийн хэмжээнд чанаргүй зээлийн хэмжээ өссөн дүн мэдээг Үндэсний статистикийн хорооноос зарлах болсон хүнд үед ЖДҮ-ийн зээлийн эргэн төлөлт сайн байгаа нь өрхийн үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрлэлээр дамжуулаад иргэдийн тодорхой хэсэг ажилтай, орлоготой суух боломж бийг эдийн засагчид сануулж байна. Гол нь төрийн бодлого тасралтгүй үргэлжлэх ёстой аж. Үүнд: нэгдүгээрт, дотоодынхоо үйлдвэрлэлээ төр нь дэмжих. Тухайлбал, 2015 онд Батлан хамгаалах яам, Аж үйлдвэрийн яам хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар батлан хамгаалах салбарт хэрэглэгддэг хэрэгцээт бараа, бүтээгдэхүүний 80 гаруй хувийг дотоодын үйлдвэрлэгчид нийлүүлж, хамгийн том түншлэгч болжээ. Боловсролын салбартай ч мөн энэ төрлийн санамж бичгийг Аж үйлдвэрийн яам байгуулсан байдаг аж. Учир нь боловсролын салбарын хэмжээнд зөвхөн сурагчийн ширээ, сандал худалдан авахад зориулж жилдээ 2.3 тэрбум төгрөг гадагшаа “цацдаг” бол дүрэмт хувцас, цүнх импортоор оруулж ирэхэд 3 тэрбум төгрөг урд хөрш рүү “урсдаг” байжээ.
Харин дээрх бодлогын дүнд валютын урсгалыг сааруулж чадсан төдийгүй дотоодын үйлдвэрлэл сэргэн, тэр хэрээр монгол хүн ажилтай, орлоготой болж, ЖДҮ-ийн зээлийн эргэн төлөлтөд ч эерэг нөлөө үзүүлж буй нь энэ аж.
Төрөөс үйлдвэрлэлээ дэмжсэн хоёр дахь гол бодлого нь дотоодын бараа, бүтээгдэхүүнээ импортын ижил төрлийн бараа бүтээгдэхүүнээс хамгаалж, Гаалийн татварыг өсгөсөн нь мод, модон эдлэлийн үйлдвэрлэл хөгжих, хөл дээрээ босох. Хүнсний ногоочид эх орны хөрсөнд ургасан экологийн цэвэр бүтээгдэхүүнээр ард иргэдээ хангах таатай боломж бүрдсэн байна. Мөн хүнсний ногоочдын хувьд зориулалтын зоорьгүйгээс хураан авсан ногоогоо хямд үнээр борлуулахаас аргагүй болж ченжүүдийн аманд багтдаг байсан үе нэг үеийг бодвол багасчээ.
Газар тариалангийн гол бүс нутгуудад зориулалтын зоорьтой болоход нь Аж үйлдвэрийн яам бодлогоо чиглүүлж, ажилласан нь үр дүнгээ өгч буй аж. Мөн тодорхой тооны өрхийн аж ахуй эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид ЖДҮ-ийн зээлд хамрагдаж, зоорь барьж авсан нь өвөл ч ногоогоо борлуулах боломжтой болгожээ.
Мөн Улаанбатаар хотын хэмжээнд эх орны хөрсөнд ургасан хүнсний ногоог ченжийн дамжлаггүйгээр иргэдэд хүргэхэд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа нь борлуулалтад эерэг нөлөө үзүүлж буй юм байна.
Гуравт, ЖДҮ-ийн зээл эзнээ олж очсон нь зээлийн эргэн төлөлтийг өгөөжтэй болгожээ. Өөрөөр хэлбэл, зээлийг зориулалт бусаар ашиглаж, үрэн таран хийж, өрөнд ордог байдал өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цэгцэрсэн юм байна.
Дөрөвт нь, Аж үйлдвэрийн яам гадаад зах зээлд өрсөлдөж чадахуйц аж ахуйн нэгжүүдийнхээ бүтээгдэхүүнийг экспортод гаргахад анхаарч, холбогч гүүр нь болж ажилласнаар эргээд шинэ зах зээлтэй болсон давуу талыг үүсгэжээ.
Экспортын зах зээлд арьс ширний үйлдвэрүүд амжилттай ажиллаж байгаа юм.
Эдийн засаг хүндхэн байгаа ч үндэсний үйлдвэрүүд жижиг гэлтгүй амжилттай ажиллах нь иргэд өөрөө, өөрсдийгөө ажлын байраар ханган асуудлаа шийдэх давуу талыг олгож байна. Зүтгээд байгаарай, ЖДҮ эрхлэгчид ээ.
Г.ХОРОЛ