Гэртээ орохын тулд торгууль төлсөөр байх уу?

Хуучирсан мэдээ: 2016.09.26-нд нийтлэгдсэн

Гэртээ орохын тулд торгууль төлсөөр байх уу?

Машинтай бүү хэл явганаар яваад ч гэртээ орж чадахгүй байдалд орсон 200 өрхийн 500 гаруй иргэдийн эрхийг хэн хамгаалах вэ. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг, Замын цагдаагийн газрын  хойно байрлах дөрвөн орон сууцны иргэд өнөөдөр замбараагүй баригдсан барилга, олгогдсон газрын зөвшөөрлөөс болж хүнд байдалд амьдарч байна.

Учир нь Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөний газар, хот төлөвлөлтийн мэргэжилтнүүдийн хайхрамжгүй байдал, эрхэлсэн ажилдаа хайнга ханддаг байдлаас үүдэлтэйгээр дээрх 4 орон сууцны оршин суугчид машинтай бүү хэл, явганаар ч гэртээ очих, гэрээсээ явахад хүндрэлтэй байдал үүсчээ.  Үүнээс гадна бас нэгэн ноцтой асуудал бол дээрх байранд очих гэсэн тээврийн хэрэгслийн жолооч Замын цагдаагийн газрын үүдэнд Замын хөдөлгөөний дүрэм заавал зөрчих шаардлага гардаг байна.

Түүнчлэн гэртээ хүрэхээр тус цагдаагийн газрын баруун урд байрлах нийтийн эзэмшлийн талбайд байрласан төлбөртэй зогсоолыг гэтэлж гарах гэж 500 төгрөгийг тушаадаг байна. Энэ бол зөвхөн өглөө гэрээсээ гараад орой очдог иргэдийн төлбөр гэж байгаа. Харин өдөр гэртээ очдог, магадгүй буцаад гарах ажилтай иргэд бол уг төлбөрийг дахин дахин төлөх шаардлагатай болдог. Иймээс өгөхгүй, авах ёстой гэсэн хоёр талын маргаан үргэлж гарах болж, иргэдийнхээ эрх ашгийг үл хүндэтгэдэг, хамгаалдаггүй хот төлөвлөлтийг буруутгасан гомдол оршин суугчдаас тасрахаа байжээ.

Энэ бүхнээс үүдэж Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугчид эрхээ хамгаалан өмнөх болон одоогийн хотын удирдлагад удаа дараа бичгээр болон амаар замын асуудлыг шийдэж өгөх талаар хандаж байсан ч өнөөг хүртэл шийдэгдээгүй, хариу өгөөгүй байх тул аргаа барж хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж байгаагаа хэлсэн.

Тус байрны оршин суугчид гэртээ орохын тулд торгууль, төлбөр төлж, Хууль сахиулах байгууллагын үүдэнд Замын хөдөлгөөний дүрэм зөрчин, орохыг хориглосон бүсийг дайран барин гэртээ ордог энэ байдлыг өөрчилж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, хот төлөвлөлтийн хувьд оршин суугчид тээврийн хэрэгслээр зорчихдоо хүндрэл бэрхшээлгүй зорчих зам харгуйг бий болгох, замын хөдөлгөөний тэмдэг тэмдэглэгээний хэрэгжилт заавал биелж байх нөхцлийг бүрдүүлж өгөхийг Хотын дарга болон Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөний газраас хичээнгүйлэн хүсч байгаа юм. 

Иргэдийнхээ эрхийг хамгаалсан төлөвлөлт хийх шаардлагатай байна хэмээснийг хотын удирдлага, холбогдох мэргэжлийн хүмүүс нь анхааралдаа авч, иргэдийнхээ эрх ашгийг хамгаална гэдэгт итгэж байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж