ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Япон улсын Осакa их сургуультай хамтран ”Монголын зүүн бүс нутгийн археологийн судалгаа, хадгалалт, хамгаалалт” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2016.09.26/ Улаанбаатар зочид буудлын “Хархорин” танхимд зохион байгуулж байна.
Тус хурлаар Монголын зүүн бүс нутагт сүүлийн жилүүдэд хийсэн археологийн хайгуул болон малтлага судалгааны үр дүн, түүх соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын зорилтын талаар хэлэлцэх юм. Эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, МУИС, ШУТИС, Улаанбаатар Их сургууль, БСШУСЯ-ны Соёлын өвийн төв зэрэг байгууллагын төлөөлөл эрдэмтэн судлаачид болон Япон улсын Осака Их сургуулийн профессор Такаши Осава, Отани Их сургуулийн профессор Такаши Мацүкава, Нарагийн Соёлын өвийн үндэсний хүрээлэнгийн мэргэжилтэн Хироши Ямагүчи, АНУ-ын Йелийн Их сургуулийн профессор Уиллиам Ханичёрч, БНХАУ-ын Ардын Их сургуулийн профессор Вэй жянь, БНСУ-ын Далайн соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн доктор Юн Хён Вон, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Түвд, Буддын судлалын хүрээлэнгийн доктор Н.В.Цыденова нарын гадаадын судлаачид оролцож, нийт 30 гаруй илтгэл хэлэлцүүлж байна.
Тус хурлыг Монгол-Японы хамтарсан "Дорнод Монголын эртний Түрэгийн үеийн түүх, археологийн судалгаа" эрдэм шинжилгээний төслийн хүрээнд санаачлан Япон улсын элчин сайдын яам /Embassy of Japan in Mongolia/, Япон сан /Japan Foundation/-гаас дэмжин зохион байгуулж буй ажээ.
Д.ЦЭЭЛ