Шигшээ багт хэнийг дуудах вэ?

Хуучирсан мэдээ: 2016.09.26-нд нийтлэгдсэн

Шигшээ багт хэнийг дуудах вэ?

Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа бэлтгэлдээ оржээ. Ерөнхийдөө олимпийн дараа хэсэг хугацаанд өндөр ачаалалтай бэлтгэлээ цөөлсөн тамирчид одоо өдөр болгон Спортын төв ордонд бэлтгэлээ таслалгүй хийж байна. Гэхдээ шигшээ багийн дасгалжуулагчид ажилтай, ажилгүй хоёрын дунд яваа бололтой.  

Риогийн олимпод үзүүлсэн тоглолт, тэмцээний чанарын хувьд нийтээрээ сайн үг сонсоогүй шигшээ баг дөрвөн жилийн дараа ямар хэмжээнд очих нь тэдний дасгалжуулагч хэн байхаас хамаарна. Олимпийн дараа шигшээ багийн зарим дасгалжуулагч ажлаа өгөхөө мэдэгдсэн бол зарим нь холбооны шийдвэрээр дасгалжуулах эрхээ хасуулсан. Тэгэхээр одоо шигшээ багт ямар тамирчид уригдаж, ямар дасгалжуулагчид тэднийг удирдах вэ гэдэг асуулт цаг үеийн хувьд хүлээлт үүсгэж буй сэдэв болж байна.

Салбарын сайдын тушаалаар батлагдсан “Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам” гэж бий. Түүгээр дараагийн дөрвөн жилд шигшээ багт ажиллах дасгалжуулагчдыг ч, тамирчдыг ч сонгон шалгаруулна. Мөн үндэсний шигшээ багийг ямар төрлүүд дээр түшиглэж байгуулах тухай яригдана. Жүдо, чөлөөт бөх, бокс, буудлага, хөнгөн атлетик гэсэн үндсэн төрлүүдээрээ байгуулах уу? Өөрчлөх үү? Шигшээ багийн тамирчдын цалин хэдэн төгрөгөөр батлагдах вэ гээд нэг ёсондоо тамирчдын спортын карьераас гадна цалин, орлого, амьжиргааны асуудал давхар сөхөгдөнө. 

Үндэсний шигшээ багийн тамирчдын цалин цол зэрэг, амжилтаасаа шалтгаалж бага зэрэг зөрүүтэй. Олимпийн хүрэл медальт Д.Отгондалайгийн сарын цалин 388 мянган төгрөг /Шигшээ багийн цалин/. Риогоос медаль авсны дараа олимпийн нэмэгдэлтэй болж, 470 мянган төгрөг гар дээрээ авдаг болжээ. Шигшээ багийн дасгалжуулагчдын сарын цалин 450 мянган төгрөг. Үүн дээр спортын мастер цолтой бол 5 хувийн, Олон улсын хэмжээний мастер бол 10 хувийн нэмэгдэл бодогддог.   

Биеийн тамир, спортын газраас өгсөн мэдээллээр ирэх арваннэгдүгээр сард Шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдын сонгон шалгаруулалт болно. 

Цаг наргүй бэлтгэл хийдэг, шигшээ багийн цалингаас өөр орлогогүй тамирчдад бол энэ мөнгө хаанаа ч хүрэлцэхгүй. Гэхдээ олимпийн дараа жил спортын төсөв, тэмцээн, уралдааны зардал, ахуй хангамж илт багасдаг жишгээр, түүнчлэн удирдлагуудын хэлж байгаагаар бол спортын салбарынхан ирэх жил хэдэн тэмцээн, цугларалтын төсөвтэйгөө үлдвэл их юм болж магадгүй бололтой. 

Биеийн тамир, спортын газраас өгсөн мэдээллээр ирэх арваннэгдүгээр сард Шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдын сонгон шалгаруулалт болно. Ингэхдээ төсөв мөнгөний боломж бололцоог харж байж, бүтэц, орон тоог батална гэлээ. 2012 оны Лондонгийн олимпийн дараах шигшээ баг 2013 оны нэгдүгээр сард бүрдэж байсан. Одоо байгаа нөхцлийг харахад ийм байдлаар сунжрахыг үгүйсгэхээргүй байна.

Боксын шигшээ багийн хувьд дасгалжуулагч нарын хөдөлгөөн, өрсөлдөөн харьцангуй чимээгүй байна. Буудлага ч бас ялгаагүй.

Чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, дасгалжуулагч Б.Баяраа нарыг Монголын чөлөөт бөхийн холбоо, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гурван жилийн хугацаанд дасгалжуулах эрхийг нь хассанаар эрэгтэй баг үндсэндээ сэтгэлзүй, бэлтгэл сургуулилтын хувьд маш том цохилт амсаад байгаа. Эрэгтэй багийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гар нийлж амжилтад хүргэсэн Ц.Цогтбаяр, Б.Баяраа, О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр нарын дөрвөн багш цаашид энэ бүрэлдэхүүнээрээ ажиллах боломжгүй болсон ч Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарыг багаа удирдаж үлдэх магадлалтай тухай чөлөөтийнхөн ярив.

Өдгөө чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийг дасгалжуулагч Б.Батбаяр ахалж, Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, З.Дүвчин нар дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Сүүлийн олимпод оролцсон нөхцөл байдлаас харахад, шигшээ багийн дасгалжуулагчдыг өөрчлөх магадлал өндөр. Хэдийгээр сонгон шалгаруулалтын оноо, шалгалтын дүнг харгалзаж үздэг ч дасгалжуулагчдыг томилох эцсийн шийдвэрийг БТСГ, цаашлаад яамны удирдлагууд гаргадаг. Өмнөх жишгээс харахад, олимпод амжилт үзүүлсэн төрлүүд дээр дасгалжуулагч нар нь дараагийн циклд албаа үргэлжлүүлдэг бол олимпод хангалтгүй оролцсон тохиолдолд сэлгээ хийж иржээ.

Жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчдын хувьд энэ удаа багагүй өөрчлөлт гарч магадгүй. Ялангуяа эрэгтэй шигшээ баг дээр. Жүдо бөхийн эрэгтэй баг ахлах дасгалжуулагч О.Балжинням, дасгалжуулагч Д.Баттулга, Г.Дашдаваа нар дээр өмнөх жилүүдэд туслах дасгалжуулагчийн албанд “бэлтгэл хангасан” олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар нарын нэрс яригдаж байна.

Салбарын сайдын тушаалаар батлагдсан “Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам” гэж бий. Түүгээр дараагийн дөрвөн жилд шигшээ багт ажиллах дасгалжуулагчдыг ч, тамирчдыг ч сонгон шалгаруулна.

Лондон-2012 олимпийн дараа Өвөрмонголын шигшээ багт уригдан ажиллаж байгаад Риогийн олимпийн үеэр Үндэсний шигшээ багийн албаны даргаар томилогдон ирсэн Ардын багш Ч.Насантогтох жүдогийн дасгалжуулагчдын шалгаруулалтад гол анхаарлаа хандуулах хүний нэг. Тэрбээр саяхан болсон Жүдо бөхийн холбооны Их хурал дээр “Манай шигшээ багийн сахилга бат алдагдаж байна. Бид сайн дасгалжуулагч нараа гадагшаа алдсаар байгаа. Д.Энхбаатар шавиа дагуулж, Казахстанд очоод, хүрэл медаль авлаа. Халиуны Болдбаатар Хятадын шигшээг дасгалжуулж, жүдогоор эрэгтэйчүүдийн олимпийн анхны хүрэл медалийг нь хүртлээ. Үүнийг анхаараарай” гэсэн нь нэгэн төрлийн сануулга болов уу. Лондонгийн олимпийн дараа ажлаа хүлээлгэж өгөхдөө жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчид тэр Х.Болдбаатарыг санал болгож байсан гэдгээс харвал магадгүй энэ удаа Н.Түвшинбаярыг олимпийн аварга болгоход гол нөлөө үзүүлсэн Халиуны Болдбаатарыг дахин урьж болох. Гэхдээ өндөр хангамж, цалин, боломжуудаас татгалзаж, нааш ирэх нь юу л бол.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж