Нийслэлийн Засаг даргын орлогч дарга П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2016.09.24/ гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж хохирсон иргэдтэй уулзалт хийлээ.
Өнгөрсөн наймдугаар сарын 23-нд гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой маргаантай, асуудлыг цэгцлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан бөгөөд энэ ажлын хүрээнд хохирсон иргэдтэй дүүрэг дүүргээр нь бүсчилэн уулзаж байгаа ажээ.
Д.Баярхүү “Маргааш гэр хорооллын дахин төлөвлөлтийн барилгын ажлыг гүйцэтгэж буй 18 компанийн удирдлагуудтай уулзана. Одоогийн байдлаар гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан нийт 400 өрхийн асуудал яригдаж байна. Гэрээний хэрэгжилт хангагдаагүй, гэрээний хугацаа дууссан гэх олон шалтгаанууд үүссэн байна. Бүр болохгүй бол хууль хяналтын байгууллагад хандах болно. Эхний ээлжинд энэ асуудлыг хэрхэн шийдэж болох талаар иргэдтэй уулзаж, санал солилцож байна” гэв.
Уулзалтын үеэр цугларсан иргэд хоёр долоо хоногийн өмнөөс энэ асуудлаар удирдлагуудтай уулзаж эхэлсэн. Үүний үр дүнд өнөөдөр бидэнтэй уулзаж байна. Цаашдаа гурван талт уулзалтыг хийж, энэ асуудлын гарцыг хэлэлцэх хүсэлтэй байгаагаа хэлж байлаа.
Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны иргэн Б.Сүхбаатар “Дахин төлөвлөлтийн ажил удааширснаас болж иргэд хоёр жил түрээсийн байранд хэцүү нөхцөлд амьдарч байна. Түрээсийн байранд амьдрахын тулд өөр дүүрэг, хороонд амьдардаг. Тэгэхээр сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг харьяа бус гээд сургуульд авдаггүй. Мөн тэтгэвэрийн насныхан тэтгэвэрийн мөнгө авахад холдож, хүндрэл үүсч байна. Сард түрээсийн мөнгө гэж 150 мянган төгрөг авдаг байсан. Гэтэл одоо үүнийгээ өгч чадахгүй боллоо. Бид гудамжинд гарах болж байна. Тиймээс төр засгаас нэн яаралтай дахин төлөвлөлтийн асуудлаа цэгцлэхийг хүсч байна. Барилгын ажлыг гүйцэтгэж буй компаниудын үйл ажиллагааг хурдан жигдрүүлэх шаардлагатай байна” хэмээн ярилаа.
Иргэний Б.Сүхбаатарын амьдарч байсан хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг “Назу” ХХК гүйцэтгэдэг байна. Тус хорооны 120 айл орчмын 11.5 га газар дээр анхны 12 давхар байшингийн барихаар болжээ. Уг гэр хорооллын дахин төлөвлөлтөд тэр орчмын 268 өрх хамрагдснаас 261 өрхийн гурвалсан гэрээ хийгдсэн байна. Одоо эдгээр өрхийн 40 айлыг 2014 оны есдүгээр сард нүүлгэн шилжүүлж, түрээсийн байранд амьдрахаар болжээ. Иргэн Б.Сүхбаатарын амьдарч байсан газар дээр таван давхар барилгын краказ босчихсон. Барилгын ажил зогсчихсон байдалтай байгаа гэнэ.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Нийслэл, дүүргийн удирдлагуудад хандахад “Цахилгааны дэд бүтэц бүрэн хийгдсэн. Бохирын шугам хийгдэх гэж байгаа гэсэн” хариуг өгсөн байна. Харин барилгын ажлыг гүйцэтгэж буй компанийн зүгээс “Эдийн засгийн байдал хүнд байна. Барилгын ажил хэзээ дуусах нь тодорхойгүй боллоо. Мөн оршин суугчдын түрээсийн мөнгийг өгч чадахгүй болсон” гэсэн хариултыг өгчээ.
А.Цээсүрэн