Н.Оюунбат: Бүх төрлөөр өрсөлдөх боломжтой гэдгээ харууллаа

Хуучирсан мэдээ: 2016.09.24-нд нийтлэгдсэн

Н.Оюунбат: Бүх төрлөөр өрсөлдөх боломжтой гэдгээ харууллаа

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон Зуны XV паралимпийн наадамд амжилттай оролцсон манай баг тамирчид өчигдөр эх орондоо ирлээ. Энэ удаагийн наадамд Монголын найман тамирчин спортын таван төрөлд өрсөлдсөнөөс жүдоч Б.Ууганхүү, пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ нар ХҮРЭЛ медаль хүртэж, паралимпийн наадмын медальтан болсон. Мөн байт харвааны холимог баг “Бээжин 2008” паралимпийн наадмын аварга, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав, хоёр дахь наадамдаа оролцсон Б.Оюун-Эрдэнэ нар шагналт IV байр эзэлсэн бол хөнгөн атлетикийн тамирчин Г.Цогтгэрэл бөөрөнцөг түлхэлтээр шагналт V байрт орохдоо Азийн рекордыг хоёр удаа шинэчлэн тогтоосон амжилтыг үзүүлсэн юм.

Ингээд Монголын паралимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Оюунбаттай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

-Юуны өмнө XV наадамд амжилттай оролцсон баг тамирчдадаа баяр хүргэе. Наадмын талаарх мэдээллийг өгөхгүй юу?

-Энэ удаагийн наадамд манай баг тамирчид сайхан амжилтыг үзүүлсэн. Хоёр хүрэл медаль, хоёр шагналт байр, Азийн рекорд амжилтыг тогтоолоо. Риод бид маш өндөр амжилтыг үзүүллээ. Өмнөх наадмуудад гаргаж байсан амжилтыг ахиулж чадлаа. Түүхэнд тэмдэглэгдэх олон сайхан амжилтыг эхлүүллээ. Жүдоч Б.Ууганхүү, пауэрлифтингийн тамирчин Э.Содномпилжээ нар анх удаа оролцохдоо медаль хүртлээ. Мөн хөнгөн атлетикийн тамирчин Г.Цогтгэрэл Азийн рекордыг хоёр удаа шинэчлэн тогтоосон юм.

Манай тамирчид бүгд хүчтэй өрсөлдөгч гэдгээ Риод харууллаа. Медалийн тоог нэмэх боломж байсан уу?

Манай тамирчид энэ удаагийн наадамд бүх төрлөөр өрсөлдөх боломжтой гэдгээ харууллаа. Улс орноо төлөөлөн паралимпийн наадамд оролцоно гэдэг бол тухайн тамирчин хүний маш том хариуцлага байдаг. Тамирчид маань үүрэг хариуцлагаа сайн ухамсарлаж, энэ удаагийн наадамд маш сайн оролцлоо. Гэхдээ бидэнд үүнээс илүү боломж байгаа гэдгээ харлаа. Өөрөөр хэлбэл хоёр ч удаа медалийн төлөө өрсөлдөж алдсан тохиолдол гарлаа. Энэ гаргасан алдаагаа дахин давтахгүйгээр “Токио 2020” наадамд илүү их амжилт гаргахын төлөө ажиллах болно.

-Монголын паралимпийн хороо “Лондон 2012” паралимпийн наадмаас хойш “Рио 2016” хүртэл хэрхэн ажилласан бэ?

-Бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр сургалтыг хоёр жилийн хугацаанд зохион явуулсан. Тамирчдын боловсролын түвшинд анхаарал хандуулж, жилд 8-с доошгүй удаа сургалтад хамруулсан. Мөн Биеийн тамир, спортын газрын эрдэм шинжилгээний баг,  сэтгэл зүйч Ш.Долгор тамирчидтай ажиллалаа. Риод оролцох хүртэл бүх хүний хүчин зүтгэл байсан. Паралимпийн наадамд эрх авч оролцоно гэдэг бол амар даваа биш. Үүнд төр засгийн бодлогын түвшин, санхүүжилтийг шийдвэрлэх асуудал байдаг. Риод гарсан амжилт бол бүх хүний хүчин зүтгэл байлаа. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Шигшээ багийн алба, Эрдэм шинжилгээ, Спортын анагаах ухаан, Паралимпийн хороо, холбоодууд болон багш, дасгалжуулагч нартай бүгдтэй нь холбоотой. Тэгэхээр энэ багийн ард ажиллаж байгаа хүн бүрийн үнэлгээ Риод гарлаа.  

-Риогийн наадамд олон амжилтууд шинэчлэн тогтоогдлоо. Энэ нь цаашид тамирчдын өрсөлдөөн улам хүчтэй болж байгааг харууллаа гэж харж байна?

-Зуны XV паралимпийн наадмын 11 өдөр олон рекорд амжилтууд шинэчлэгдэн тогтоогдлоо. 160 орны 4360 тамирчин оролцсон энэ наадамд анх удаа дэлхийн рекорд 220 удаа шинэчлэгдсэн. Мөн 330 удаа паралимпийн рекорд эвдэгдлээ. Энд амжилт үзүүлж байна гэдэг бол сайхан. Нөгөө талаар дахиад наадамд оролцох боломж өндөр болж байна гэсэн үг. Эрх авна гэдэг бол улам чанга болно. Тэгэхээр бидний гаргасан алдаа юунд байв? гээд дүгнэлт хийх асуудал их гарч байна. Энд өрсөлдөж байгаа тамирчид зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй гэхээсээ илүүтэй хүний боломж ямар хязгааргүй байдаг юм гэдгийг харуулж байна. Олон дахин рекорд эвдэгдээд байна гэдэг бол манай тамирчдын өрсөлдөх чадвар нэмэгдэх ёстой гэдгийг харууллаа. Тиймээс “Токио 2020” XVI паралимпийн наадмын бэлтгэл ажил эхэлж байна.  

Хөнгөн атлетикийн тамирчин Г.Цогтгэрэл бөөрөнцөг түлхэлтээр шагналт V байрыг эзэлж, Азийн рекордыг хоёр удаа шинэчлэн тогтоолоо.

Байт харвааны холимог баг “Бээжин 2008” паралимпийн наадмын аварга, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав, хоёр дахь наадамдаа оролцсон Б.Оюун-Эрдэнэ нар шагналт IV байр

Пара буудлагын эрэгтэй тамирчдаас З.Ганбаатар анх удаа паралимпийн наадамд өрсөлдлөө.

Монголын баг 160 орноос 75-р байрт жагслаа.

 

Ч.БОЛОРЧУЛУУН, Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж