Томилгоо олонтой долоо хоног өнгөрч, нэгэн нэн шинэ долоо хоног та биднийг угтаж байна. Төрийг төвхнүүлэх их үйлийг алба агентлагийн дарга, удирдлагын шинэ томилгоо, өмнөх даргын халаа сэлгээгүйгээр төсөөлөх аргагүй болжээ. Өнгөрөн одсон долоо хоногт /есдүгээр сарын 19-25/ л гэхэд салбар бүрт томилгоо явагдсан юм. Тэдгээрийг тоймлон уншигчдадаа эргэн сануулъя.
-Олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татсан томилгоо бол Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн томилгоо байлаа. “Эрдэнэс Монгол” компанийн дотоод дүрмийн дагуу удирдлагууд нь хуралдаж, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар болон Н.Багабанди, Ч.Алтаннар нарыг Оюутолгойн ТУЗ-д Монголоо төлөөлөн суух эрхийг олгосон юм.
-“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт /2016 оны есдүгээр сарын 19-ний өдөр/ хуралдаж, М.Болорыг үүрэгт ажлаас чөлөөлж, Х.Алтайг Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо.
-Лхагва гаригт /2016.09.21/ хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилжээ. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Баясгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Өнөрбаяр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Нандинжаргал, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Баяртулга, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Даваасүрэн нарыг томилсон байна.
-Засгийн газар хуралдаж, /2016.09.21/ Б.Билэгтийг ШШГЕГ-ийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Ц.Амгаланбаярыг оронд нь томилсон байна. Ц.Амгаланбаяр нь Замын цагдаагийн газрын дарга, Цагдаагийн академийн захирал, Онцгой байдлын ерөнхий газрын даргын албан тушаалыг хашиж байсан юм.
-Өнгөрсөн долоо хоногт Үндэсний төв номын сангийн захирлаар “Болор цом” яруу найргийн түрүүг хоёр ч удаа хүртэж байсан, яруу найрагч Б.Ичинхорлоог томилогдов. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын энэхүү томилгоо өмнөх уламжлалаа хадгалсан томилгоо боллоо гэж олон нийт дүгнэж байна. Учир нь 2004 оноос Үндэсний төв номын сангийн захирлаар, эрдэмтэн, зохиолч Г.Аким ажиллаж байсан бол 2010 онд тэтгэвэртээ суух болсноор яруу найрагч Х.Чилаажавыг томилсон юм. Зохиолчдын буухиаг Б.Ичинхорлоо найрагч залгалаа.
МИАТ-Д ТОХИОСОН ЭЭЛЖИТ БАРИВЧИЛГАА
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гариг /2016.09.21/-т Түлш, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэвийг баривчилжээ. Түүнийг “Чингис” бондын мөнгөнөөс санхүүжүүлсэн “ДЦС-3”-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө оруулсан 35 сая ам.доллароос нэг саяыг нь хувьдаа завшсан хэрэгт буруутган хорьсон байна. Д.Доржпүрэв нь дэд сайдаар ажиллахаасаа өмнө БОАЖ-ын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Төв аймагт нэр дэвшиж байсан билээ.
Харин долоо хоногийн сүүлээр дуулиан шуугиан дэгдээсэн мэдээлэл бол “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн Комерийн дэд захирал асан Т.Батчулуун нь найз н.Баясгалан болон ХБНГУ дахь “МИАТ” ТӨХК-ийн төлөөлөгчийн газрын дарга н.Дорждэрэм нартай хуйвалдан, их хэмжээний мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэн, саатуулагдсан тухай юм. МИАТ ХК-ийн үе үеийн удирдлагууд авлига, хээл хахуулийн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдаж байсан юм.
Энэ удаад Т.Батчулуун, н.Дорждэрэм, н.Баясгалан нарыг онгоцны зорчигчдын үйлчилгээнд хэрэглэх бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тендерт ХБНГУ-ын “Schneider Со ltd..” гэх хуурамч компанийг шалгаруулж, “МИАТ” ТӨХК-д 3 еврогийн үнэтэй дарсыг 5 евро нэмэн 8 евро болгох зэргээр үнийг нь өсгөн бараа бүтээгдэхүүнийг шахаж борлуулан их хэмжээний орлого олсон хэрэгт буруутгаж байгаа юм. “МИАТ” ТӨХК-д шахан борлуулж, олсон их хэмжээний орлогын мөнгөө н.Баясгалан нь Монгол Улс руу иргэн О, А нарын данс руу шилжүүлдэг байсан байна. Улмаар “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн Комерийн дэд захирал асан Т.Батчулуун, ХБНГУ дахь “МИАТ” ТӨХК-ийн төлөөлөгчийн газрын дарга н.Дорждэрэм нар нь тухайн иргэдээс 1.5 тэрбум гаруй төгрөгийг банкнаас гаргуулан авах үедээ үйлдэл дээрээ цагдаагийнханд баригдаж, баривчлагдсан хэмээн эх сурвалж мэдээлжээ.
М.СУРА