Ч.Мөнхзул: “Ла Скала” театрын удирдаач  Монголд ирнэ

Хуучирсан мэдээ: 2016.09.26-нд нийтлэгдсэн

Ч.Мөнхзул: “Ла Скала” театрын удирдаач  Монголд ирнэ

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын захирал Ч.Мөнхзултай ярилцлаа. Тун удахгүй 54 улирлын нээлтээ хийх гэж буй энэ их айлын сонин сайхнаас хуваалцахаар түүнтэй ийнхүү яриа өрнүүллээ. Шинэ улирлын тоглолтын бэлтгэл гээд их театр хөл хөдөлгөөнд оржээ. Түүний хувьд ч гэсэн их ажил ундарч байх үеэр уулзсан юм.

-Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон 54 удаагийн нээлтээ удахгүй хийх гэж байна. Шинэ улирлын тоглолтын бэлтгэл гээд завгүй явна уу. Энэ их ажлын хажуугаар ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд баярлалаа?

-Баярлалаа. Юуны өмнө News.mn сайтын уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэж, танай сайтын хамт олон үргэлж мэдээлэл солилцож, хамтран ажиллаж байдагт талархал илэрхийлье. Манай театрын уран бүтээлчид хэдхэн хоногийн дараа 54 дэх тоглолтын улирлын хөшгөө нээх гэж байна. Мэдээж тоглолтын шинэ улирал эхэлж буй учраас уран бүтээлчид, арын албаныхан бүгд л завгүй ажиллацгааж байна. Энэ жилийн нээлтээ Ази, Европ, Америк гэсэн гурван тивийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, их өргөн хүрээнд хийж байгааг дуулгахад таатай байна. Театрын маань  тайзнаа аравдугаар сарын 4-ний өдөр ОХУ-ын алдарт “Большой” театрын уран бүтээлчидтэй хамтарсан “Мөнхийн нөхөрлөл” хэмээх тоглолт болно. Энэ тоглолт манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн нэг томоохон арга хэмжээ юм. Өмнө нь манай театрын уран бүтээлчид 2014 оны арваннэгдүгээр сард ОХУ-ын их “Большой” театрт очиж, “Монголын алтан хоолойтнууд” тоглолтоо хийсэн. Тэр тоглолт маань орос улсын үзэгчдэд их таалагдаж, хөгжим судлаачдад өндрөөр үнэлэгдсэн. Харин энэ жил манай оронд тус театрын уран бүтээлчид тоглолтоо хийх гэж байна. Уг тоглолтыг амжилттай зохион байгуулахаар бэлтгэлээ базааж байна.

-Мэдээж гадны уран бүтээлчидтэй туршлага солилцох нь уран бүтээлчдэд маш чухал. ОХУ-ын их театрын ямар алдартай уран бүтээлчид Монголд ирэхийг сонирхож болох уу?

-Энэ дашрамд тоглолтыг санхүүжүүлж буй ОХУ-ын Соёлын яам, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд талархал илэрхийлэхийг хүсч байна. Бидний хувьд дэлхийн том театрын уран бүтээлчидтэй хамтран ажиллана гэдэг их чухал. Энэ “Мөнхийн нөхөрлөл” тоглолтод удирдаачаар “Большой” театрын удирдаач ОХУ-ын Гавьяат жүжигчин Александр Поляничко, ОХУ-ын гавъяат жүжигчин, Татарстан улсын Ардын жүжигчин, ОХУ-ын хамгийн залуу, алдартай басс Михайл Казаков, ОХУ-ын Гавьяат жүжигчин, меццо-сопрано хоолойтой гайхалтай дуучин Елена Манистина, Их театрын залуу гоцлооч Екатерина Морозова зэрэг олон сайхан уран бүтээлчид хүрэлцэн ирж байгаа. Манай театраас ч гэсэн олон улсын уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан авьяаслаг уран бүтээлчид маань оролцох юм. Энэ тоглолтыг амжилттай зохион байгуулснаар харилцан туршлага солилцож, цаашдаа улам өргөн хүрээнд хамтарч ажиллах боломж нээгдэх болов уу гэж бодож байна. Энэ тоглолтод монголд байгаа ОХУ-ын Элчин сайдын яам, ОХУ-ын Соёл, шинжлэх ухааны төв бас их тусалж байгааг хэлмээр байна. Эдгээр байгууллагууд маань хоёр орны дипломат харилцаанаас гадна жил бүр тэмдэглэдэг Монгол, Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийг энэ тоглолтоор эхлүүлж буйгаараа онцлог юм.

-Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 53 дахь улирлын нээлтээ Ж.Вердийн “Аида” дууриар нээж байсан. Харин энэ удаа 54 дэх улирлын нээлтийн хөшгөө А.Аданы “Жизель” балетаар нээх гэж байгаа шүү дээ?

-Манай театрын үндсэн тоглолтын нээлт аравдугаар сарын 8, 9-нд А.Аданы “Жизель” балетаар эхэлнэ. Энэхүү сонгодог балет үзэгчдийн маань дуртай балетуудын нэг. “Жизель” балетыг маань удирдахаар Италийн Милан хотын “Ла Скала” театрын удирдаач Стефано Салвартори аравдугаар сарын 3-нд Монголд ирнэ. Ерөнхийдөө аравдугаар сарын 1-нд Большой театрын уран бүтээлчид ирэх бол 3-нд Италийн удирдаач маань ирэх болно. Шинэ улирлын маань гурав дахь тоглолт нь “Кармен” дууриар үргэлжлэнэ. Энэ дуурь ч мөн өвөрмөц онцлогтой тоглолт болно. Манай театрын найрал дуучид болон гоцлол дуучид 44 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ сарын 23-нд БНСУ-ыг зорьсон. Тэжон хотын дуурийн театрт “Кармен” дуурийг дөрвөн удаа тоглоод, 10 сарын 11-нд “Монголын найрал дуу” гэдэг Гала концерт тоглоод ирэх юм. Тэгээд ирэнгүүтээ өөрийн театртаа “Кармен” дуурийг тоглох болно. Мөн энэ сарын сүүлээр Монголд анх удаа манай театрын урилгаар АНУ-ын модерн болон контемпирари бүжгийн уран бүтээлчид, балетмейстер ирэх гэж байгаа. Тэхээр шинэ улирлын нээлт маань Ази, Европ, Америк тивтэй өргөн хүрээнд хамтран ажилласан, олон зочидтой эхэлж байна даа.

-Шинэ улирал эхлээд л гадны уран бүтээлчдийн хөлд дарагдах нь ээ. Үргэлжлүүлэн хийх театрынхаа уран бүтээлийн ойрын төлөвлөгөөнөөсөө танилцуулахгүй юу?

-Манай театр энэ улиралд өөрийн 80 гаруй тоглолт, мөн бусад байгууллага, хувь хүмүүстэй хамтарсан 30 гаруй тоглолт хийнэ. Зарим нэг онцлог тоглолтоос дурдъя л даа. Манай театрын урилгаар арваннэгдүгээр сард Италийн Парма хотын Ж.Вердийн театрын ерөнхий удирдаач Монголд ирнэ. Тэрээр манай театрын уран бүтээлчидтэй хамтран “Ж.Вердийн үдэш” хэмээх сонгодог тоглолтыг толилуулах болно. Мөн арваннэгдүгээр сард Их зохиолч Д.Нацагдоржийн 110 жилийн ойд зориулан манай театрын уран бүтээлчид “Учиртай гурван толгой” дуурь, “Үйлийн гурван толгой” балетыг толилуулах төлөвлөгөөтэй байна.

-Энэ онд санхүүгийн хүндхэн жил байлаа.  Энэ улирлын үзвэрийн төсөв ямар байв. Шинэ уран бүтээл хийхэд хүрэлцэх үү?

-Театрын маань төсвийн хувьд үнэндээ төвөгтэй байна. Өнгөрсөн жил хийсэн ажлуудын зарим төсөв орж ирэхгүй байна. Өнгөрсөн жил монголд хамгийн анх тавигдаж байсан бүрэн хэмжээний . Б.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг” балетын 60 жилийн ойг тэмдэглэж, тайз хувцсыг засч сэлбэсэн. Гэтэл тэр ажлын төсөв одоо хүртэл орж ирээгүй байна. Харамсалтай нь энэ жил бид олон шинэ уран бүтээл төлөвлөж чадаагүй. Улс орны эдийн засгийн байдал манай ажилд ч нөлөөлж байгаа. Тиймээс үзэгчиддээ шинэ уран бүтээл хийнэ гэсэн амлалтыг өгч чадахгүй байна. Тэхдээ 2017 оны дундуур төсвийнхөө байдлыг харж байгаад нэгэн шинэ балет тавих төлөвлөгөөтэй байгаа. Засгийн газраас баталсан сонгодог урлагийн хөтөлбөрт маань энэ жил хэр төсөв төсөвлөж, ямар бүтээл дэмжихийг бид мэдэхгүй байна. Гэхдээ бид ямар ч тохиолдолд өвөрмөц сонин, агуулгын хувьд ач холбогдолтой уран бүтээлүүд үзүүлэхийг хичээж ирсэн. Төлөвлөж буй нэг шинэ балетаас гадна энэ жил түүхэн ой нь тохиож буй хэд хэдэн бүтээл байгаа. Манай театрын тайзнаа хамгийн анх тавигдсан итали дуурь болох Ж.Пуччиний “Чио Чио Сан” дуурийн 50 жил, өн Ж.Вердийн “Травиата” дуурийг Монголд тавьсны 40 жил, “Риголетто” дуурийг анх тавьсны 30 жил, Ж.Мэнд-Амар гуайн “Үйлийн гурван толгой” балетын 30 жилийн ойг тэмдэглэнэ. Эдгээр бүтээлүүд манай театрын тайзнаа энэ олон жил амьдарч, үе үеийн үзэгчдэд урлагийн таашаал, сонгодог урлагийн сайхныг мэдрүүлж байсан түүхэн ач холбогдлыг нь дурдахгүй өнгөрч болохгүй.

-Төрөөс олгож буй төсөвт эдгээр түүхэн бүтээлүүдийн ойг тэмдэглэх зардал багтдаг уу ?

– Харамсалтай нь “Энэ бүтээлийг театрын урын санд 40, 50 жил тогложээ” гээд тусдаа төсөв өгдөггүй юм. Гэхдээ төсөв байхгүй гээд бид гараа хумхиад суугаад байж болохгүй. Олон жил тэр уран бүтээлүүдэд тоглож байсан үе үеийн алдартнууд, ахмадууд нь амьд сэрүүн байна. Тэд нартайгаа хамт нэг өдрийг өнгөрүүлж, монголын урлагт ийм ач холбогдолтой байсныг ярих л ёстой. Энэ ойг үзэгчидтэйгээ хамт тэмдэглэж, шинэ залуу уран бүтээлчид маань эдгээр бүтээлийн дүрүүдийг шинээр амилуулж, монголын сонгодог урлагийн залгамж халаа сайн байгааг харуулж байгаа нэг чухал алхам.

-Энэ жил Улсын дуурь бүжгийн эрдмийн театрынхан бүл нэмсэн үү?

-Манай театрт сүүлийн жилүүдэд залуу уран бүтээлчид ихээр ажиллаж байгаа. Өнгөрсөн жил театртаа 10 гаруй залуу балетчин ажилд авсан. Саяхан найрал дууны бүрэлдэхүүнд долоон шинэ дуучин нэмэгдлээ. Гоцлол дуучин шалгаруулах сонгон шалгаруулалтад тэнцсэн хоёр дуучин маань гоцлол дууны подгруппт ажиллаж эхэллээ. Мөн театртаа он гарснаас хойш 10 орчим хөгжимчин ажилд авсан. Эдгээр залуус маань илүү сайн уран бүтээлчид болно гэдэгт итгэлтэй байна. Нэгэнтээ мэргэжлийн сургуулиудыг нь төгсөөд ирж байгаа залуу боловсон хүчинг “жинхэнэ уран бүтээлч” болгох нь бидний үүрэг шүү дээ .

-Тэгвэл удирдах албаны боловсон хүчний хувьд?

-Сонгодог урлагийн боловсон хүчнийг хоёр ангилж болно. Нэг нь гүйцэтгэх уран бүтээлчид буюу бүжигчин, дуучин, хөгжимчдийг манай улсад хангалттай бэлдэж байгаа. Тэрхүү хангалттай бэлтгэж байгаа боловсон хүчнээс бид яг манай театрт ажиллах хүсэл эрмэлзэл, зүрх сэтгэлтэй, чадвартай хэсгийг сонгон авч байгаа. Харин уран бүтээлийн удирдах боловсон хүчний асуудал өнөөдөр үнэхээр хүндхэн байна. Одоо ч гэсэн дуурь, балет, симфони хөгжмийн удирдаач дутагдалтай байна. Тэгэхээр удирдаачдыг гадаад оронд сургах зайлшгүй шаардлагатай. Удирдаач хүн олон талын авьяастай, хүнтэй ажиллах өндөр ур чадвартай, мэдрэмжтэй хүн байдаг. Тэгэхээр тэр хүний хөгжмийн авьяасаас гадна хувь хүний чадвар маш чухал. Найруулагч яг адилхан. Харин азаар манай гоцлол хөгжимчин байсан Ц.Гансүх маань Болгар улсад удирдаачаар суралцаж байна. Өнгөрсөн жил ОХУ-д балетмейстерээр төгсөөд ирсэн мэргэжлийн балетмейстер Н.Чинзориг манайд ажиллаж байна. Манай найрал дууны хоёр ч дуучин маань /С.Баттулга, Б.Мэндбаяр/ дуурийн найруулагчаар сурахаар ОХУ-ыг зорилоо. Тэхээр тун удахгүй хэсэгхэн хугацааны дараа удирдах уран бүтээлчид маань гайгүй хэмжээнд бэлтгэгдэн ирэх боломж бүрдэж байна. Гэхдээ тэрний цаана дахин залгамж халаа, шинэ боловсон хүчин бэлтгэгдэж байх ёстой. Хамгийн гол нь удирдах боловсон хүчинг улс орны захиалгаар бодлогын чанартай бэлдэх хэрэгтэй.

-Соц нийгмийн үед бодлоготойгоор сонгодог урлагийг хөгжүүлсний үр дүнд өдийг хүртэл явж байна гэдэг. Харин одоо сонгодог урлагт орчин цагийн шинэ менежмент үгүйлэгдэж байгаа гэх юм. Та энэ талаар ямар байр суурьтай явдаг вэ?

-Хуучин сонгодог урлагийг бодлогын чанартайгаар хөгжүүлж байсан. Одоо ч тэр зарчмаар явж байна. Угаасаа ч төрийн хувьд зайлшгүй анхааралдаа авах шаардлагатай, бүхлээр нь бизнес болгож болдоггүй урлаг бол сонгодог урлаг байдаг.  Тийм ч учраас сонгодог урлагийн түвшингээр нь тухайн улсын ард түмний соёлыг хэмждэг. Сонгодог урлаг цэвэр бизнесийн зарчмаар явлаа гэхэд өргөн далайцтай хөгжиж чадахгүй. Тийм боломж ч байхгүй. Мөн энэ олон жил бэлтгэгдэж, “монголын сонгодог урлагийн дуулах урлагийн арга зүй” гэдгийг бий болготлоо хөгжсөн урлагийг эдийн засгийн зарчмаар ажилла гэвэл энэ урлаг цаашаа амьдрахад хэцүү болно шүү. Сонгодог урлагийг үндэслэгч Итали улс, дэлхийн хамгийн том улс орнуудад ч гэсэн улсаасаа болон тухайн хотоосоо сонгодог урлагийн дийлэнх хэсгийг санхүүжүүлдэг. Манай орны хувьд улсын төсвөөс гадна эрх зүйн орчиндоо зарим нэг өөрчлөлтийг хийж, эдийн засгийн бусад ашиг орлого олох эрх зүйн боломжийг бүрдүүлж өгвөл бид хосолсон шинэ менежментийг хэрэгжүүлэх боломжтой. Харин яг одоо байгаа эрх зүйн орчинд бол хэцүү л дээ.  

-Гадаад боловсон хүчин бэлтгэх тал дээр төрөөс хэрхэн дэмждэг вэ. Одоо гадаадад суралцаж буй уран бүтээлчид зардлаа өөрсдөө гаргадаг уу?

– Уран бүтээлчдийн маань зарим нь хоёр улсын харилцааны шугамаар, улсын тэтгэлгээр, зарим нь цэвэр өөрийн зардлаар гадаадад суралцаж байна. Гэхдээ жишээлбэл, Япон улсад 800 инженер бэлтгэнэ гэдэг байхад соёл урлагийн салбар дахь удирдах албан тушаалтны боловсон хүчнийг дэндүү бага бэлтгэдэг гэсэн үг.

-Дуурийн дуучдын хувьд л гэхэд гадаад хэл маш чухал байдаг. Уран бүтээлчдийн гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх тал дээр хэрхэн шийдвэрлэгдэг вэ?

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд театртаа англи, итали хэлний багш ажиллуулж, гадаад хэлний сургалтуудыг хийсэн. Нэгдүгээрт манай уран бүтээлчдийн ажлын ачаалал их байх юм. Хоёрдугаарт хувь уран бүтээлчдээс яг өөрийгөө хөгжүүлье гэж байгаа нь л сурч байна. Зарим залуус үүнд хойрго хандаж байгааг нуугаад яахав. Гэхдээ ямар ч байсан уран бүтээлчдээ хөгжүүлэх ажлаа орхигдуулахгүй байгаа. Залуу уран бүтээлчдээс маань зарим нь гадаад орнуудад хэлний сургалтад хамрагдаж байна. Миний хувьд залуучуудаа их дэмждэг. Тэднийг ажилдаа дуртай, хайртай, ажлаа үнэлж чаддаг уран бүтээлчид болоосой гэж хүсдэг.

-Дуурийн театраас төрөн гарсан олон чадварлаг уран бүтээлчид дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж явна. Хамгийн сүүлд л гэхэд СТА О.Ганцоож, О.Анужин нар БНСУ-д болсон "Korea international ballet competition" олон улсын балетын "А" зэрэглэлийн уралдаанд амжилттай оролцлоо. Энэ жил уран бүтээлчдээ ямар томоохон уралдаануудад оролцуулахаар төлөвлөж байна вэ?

-Театрын хамт олон маань залуу уран бүтээлчдээ мэргэжлийн өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцоход нь үргэлж дэмждэг. Аль болох боломжоороо ажлыг нь зохицуулж, цалинтай чөлөө өгч, бэлдэх цагийг нь гаргаж өгдөг. Гэхдээ, хэр нэр хүндтэй, ач холбогдолтой тэмцээн уралдаан бэ, тухайн тэмцээнд орсноор уран бүтээлчийн болон монголын сонгодог урлагийн нэр хүнд ямар түвшинд очих вэ гэдгийг бид бодож байх ёстой. Балетын урлагийн хувьд дэлхийд чансаатай гэгддэг уралдаан цөөн болдог. Гэхдээ манай залуус 2017, 2018 онуудад болох томоохон уралдаануудад бэлтгэж байна. Дуурийн хувьд манай уран бүтээлчид дахин гурван ч том уралдааны хоёрдугаар шатанд тэнцчихсэн байгаа, удахгүй уралдаануудадаа оролцохоор явна. Ер нь гадаад орны бусад театруудтай хамтран ажиллах нь уран бүтээлчдийг их хөгжүүлдэг. Тийм учраас би энэ жил АНУ-ын контемпирари бүжгийн уран бүтээлчдийг урьсан юм. Бидний үргэлж хийдгээс өөр бүтээл хийх нь урын санг өргөжүүлж, залуучуудыг ч их зүйлд сургана. Уран бүтээлчдээ гадаад орон руу явахыг дэмжихээс гадна дотооддоо мэргэжлийн уралдааныг зохион байгуулах зэргээр ур чадварыг нь дээшлүүлэх хэрэгтэй гэж боддог. Манай театр аравдугаар сарын 1-нээс эхлэн театрынхаа залуу хөгжимчдийн дунд ансамблийн болон гоцлол хөгжмийн шилдэг бүтээлийн уралдааныг зарлаж байгаа. 2017 оны 1-р сард дүгнэж, оролцсон бүтээлүүдээрээ 2-р сарын 14-нд буюу Гэгээн Валентины баяраар “Жаргалтай залуу нас” концерт тоглоно. Тэгээд шалгарсан шилдэг уран бүтээлчдээ олон улсын хөгжмийн наадамд илгээх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

-Та Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр хэмээх их айлыг тэргүүлээд дөрвөн жил болжээ. Энэ хугацаанд театрын ажилтнуудыг халж, солихоос эхлүүлэн асуудлууд үүссэн. Одоо энэ бүх асуудал ард үлдсэн биз дээ?

-Хмм, юу ч гэмээр юм бэ дээ. Ажил хийж байхад үргэлж л шийдвэрлэх асуудал гарч байдаг. Харамсалтай нь өөрийн чинь хэлсэн асуудлын хувьд ихэнх нь худал, гүтгэлэг байх юм. Асуудал үүсэхэд цаг тухайд нь зөв гэж үзэж байгаа шийдвэрийг гаргаад, хариуцлагаа би өөрөө хүлээгээд л явна шүү дээ. Шүүмжлэл, гүтгэлэг, дарамтаас айж ажил хийнэ гэж юу байх вэ дээ. Миний хувьд энэ театрт ажиллаж буй хүмүүст юу чухал, юу хэрэгтэй вэ гэдэг нь чухал. Театр маань зохих хэмжээний өөрийн бодлоготой, төлөвлөгөөтэй, түүнийхээ дагуу үйл ажиллагаагаа явуулна. Тэхээр хэрэгжүүлж байгаа бодлого, чиглэлээ зөв гэдэгт итгэлтэй ажиллах хэрэгтэй. Жилийн дотор нэг, хоёр хүн ажлаас өөрийн хүсэлтээр гарах нь бий. Сахилгын зөрчлөөс болж халагдах тохиолдол ч хааяа гардаг. Тэр бол байдаг л асуудал. Намайг ажил авсан эхний жилүүдэд иймэрхүү зүйлийг ганцхан манай театрт л гардаг юм шиг л яриад… Уг нь энд бүхэл бүтэн байгууллагын ажил явж байна шүү дээ.

-Таныг ажлаа аваад удаагүй байхад “Дуурийн театрыг нийт массынх болгоно” гэх яриа шүүмжлэлд өртөж байсан.  Та тэгж хэлсэн юм уу?

– Би гадаад үг бага хэрэглэдэг хүн. Наад үг чинь минийх биш л байна. Харин миний баримталдаг зарчим бол “Урлаг хүн бүрт нээлттэй. Тийм учраас манай театрын үүд хүн бүрийн өмнө нээлттэй байна” гэж үздэг, хэлдэг. Хүн хөгжлийн бэрхшээлтэй байлаа гээд манай театрын босгыг давахгүй гэж болохгүй шүү дээ. Харин ч тийм хүн ирээд сонгодог урлагаас сайхныг мэдэрч, өөрийгөө бүрэн эрхтэй, сайн сайхан амьдралтай гэдгээ мэдэрч амьдралаас таашаал авах ёстой. Дахиад хэлье, манай театр хэний ч өмнө нээлттэй. Манай хамт олон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрхээ хасуулсан хүмүүст хүртэл уран бүтээлээ хүргэдэг. “Масс” нөгөө талд нь нөгөө “Элит” нь юм биз дээ. Тэгвэл өөрөө өндөрлөгт хүрсэн “элит” хүн бусад хүмүүст сайны үлгэр жишээ болж, бодит боломжийг нь гаргаж өгч, бусдыг хүн гэдэг үүднээс нь харах хэрэгтэй. “Энэ баян хүн учраас театрын билетыг худалдаж авч чадна” гэдэг үзэл бодлоор хандвал тэр элит хүн биш гэж би боддог шүү. “Сонгодог урлаг бүх хүнд нээлттэй” гэж хэлэхээр л зарим хүмүүс эмзэг хүлээж авдаг юм билээ. Би үүнд санаа зовдоггүй. Бид хүний амьдралыг сайхан болгох гэж ажиллаж байгаа шүү дээ.

-Монголын сонгодог урлагийн үзэгчид аль түвшинд байна вэ?

-Манай театрыг үзэж сурсан, дуртай, бүр “мэргэшсэн” үзэгчид бий. Тэд өнөөдөр манай театрын тоглолт өндөр чанартай болсон уу, үгүй юу гэдгийг мэдэрч чаддаг. Өнгөрсөн жил манай оркестрыг гадаадад аялан тоглоод ирсний дараа байнгын маань үзэгч зорьж ирээд “Танай оркестр ямар гоё дуугарч байнаа, баяр хүргэе” гэж байсан. Тэр бол бидний ажлын үр дүн. Бид үүний төлөө ажилладаг. Тийм болтлоо мэргэшсэн үзэгчид ч байна, мөн амьдралдаа анх удаа манай театрын босгыг давж байгаа үзэгчид ч байна. Би аль болох олон хүнд сонгодог урлагийг мэдрэх боломжийг нээж өгөх юмсан гэж боддог. Тийм ч учраас бид энэ улирлаас эхлэн хүүхдэд зориулсан тоглолтуудыг сар бүр хийхээр болсон. Бид зориуд ирээдүйн үзэгчдээ бэлтгэж байна. Өнөөдрийн хүүхдүүд хэдэн жилийн дараа манай театрыг зорьж ирдэг, урлагийн мэдрэмжтэй, хүнлэг, сайн иргэн болон төлөвшөөсэй гэж хүсч байна. Энэ оны сүүлээр хүүхдийн тоглолтынхоо нээлтээр “Хөхөө Намжил” дуурийг тоглоно. Манайхтай хамтран ажиллах хүсэлтэй сургууль, цэцэрлэг байвал бид дуртай хамтарч ажиллах болно.

 

-Төгсгөлд нь асуухад сонгодог урлаг таны амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Би дөрөвдүгээр ангиасаа хойш сонгодог урлаг үзэж эхэлсэн. Миний хувьд хамгийн сайн мэддэг, хүнд хэцүү үед тайвширлыг авч чаддаг, сайхныг мэдрүүлдэг зүйл энэ урлаг байсаар ирсэн. Одоо ч тэр хэвээрээ байна. Одоо дотор нь ажиллаад, нэг бүтээлийг ч гэсэн сайхан болгочих юмсан гэж бодож явна. Өмнөх шигээ үзэгчийн нүдээр харах нь багассан гэх үү дээ. Би маш их завгүй л болсон доо. /инээв/

А.ЦЭЭСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж