Орхон голын эхэд алт олборлох лицензийн эрхтэй “Монгол газар”,”БМНС”,” Алтай гоулд”,” Алтан дорнод” зэрэг компаниудын үйл ажиллагааг түр зогсоосноо Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өмнө мэдээлсэн билээ.
Найман аймгийн 53 сумын нутгийг дамждаг Орхон гол шороогоор урсах болсон шалтгаан нь Архангай аймгийн Цэнхэр суманд алт олборлодог компани, техникжсэн нинжа нар хууль зөрчсөнөөс болжээ. Хуулиараа алт олборлох зөвшөөрөлтэй лиценз эзэмшигчид техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ээ боловсруулж, Ашигт малтмалын газраар батлуулах үүрэгтэй. Гэвч Орхон голын эхэд алт олборлож буй Монгол газар компани тэргүүтэй 40 гаруй аж ахуйн нэгжүүд ТЭЗҮ-гүй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгээгүй ажиллаж байжээ. Мөн алтны компаниуд Орхон голыг бохирдуулахгүйн тулд хамгаалалтын даланг барьж алт угаасан бохир усаа хаших учиртай. Харин Цэнхэр суманд олборлолт хийдэг уурхайнууд усны далан бариагүй, барьсан далангууд нь мэргэжлийн түвшинд хийгдээгүйн улмаас сэтэрч, алт угаасан улаан шороо Орхон гол руу урсдаг болох нь тогтоогджээ. Үүнээс гадна өнгөрсөн долдугаар сард Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид шалгалт явуулж, алтны компаниудын үйл ажиллагааг зогсоосон байсан юм. Гэтэл нэр бүхий таван аж ахуйн нэгж улсын байцаагчийн дүгнэлтийг эсэргүүцэж, лацыг тайлж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн зөрчил гаргажээ. Улмаар улсын байцаагчид компаниудад 16.5 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Мөн хоёр аж ахуйн нэгжид эрүүгийн хэрэг үүсгэн Архангайн цагдаагийн газрынхан шалгаж эхэлжээ.
Д.УУДАМ