Нийслэлийн АН-ын бүлгээс мэдэгдэл гаргажээ

Хуучирсан мэдээ: 2016.09.26-нд нийтлэгдсэн

Нийслэлийн АН-ын бүлгээс мэдэгдэл гаргажээ

НИТХ дахь АН-ын бүлгээс дараах мэдэгдлийг гаргажээ. Мэдэгдэлд:

НИТХ дахь АН-ын бүлгээс 2016 оны 9-р сарын 14-ний өдөр НИТХ-ын дарга Ц.Сандуйд “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байнгын ажиллагаатай, нээлттэй, шуурхай ажилладаг зарчмаасаа ухарч, хуралдааны дэгээ зөрчин 2016 оны 7-р сарын 28, 8-р сарын 25-нд ээлжит хуралдааныг хуралдуулаагүй хариуцлагагүй үйлдлээ залруулж, нэгдсэн хуралдааныг 9-р сард багтаан хуралдуулахыг шаардаж байна” гэсэн шаардлага хүргүүлсэн.

Бүлгийн энэхүү хууль ёсны шаардлагын дагуу 2016 оны 9-р сарын 22-ны өдөр НИТХ-ын хоёрдугаар хуралдааныг хуралдуулж Ажлын хороо, Дэд хороодын бүрэлдэхүүнийг баталлаа.  

Нэгдсэн хуралдаанд МАН-ын бүлгээс нэмэлтээр хэлэлцүүлсэн НИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд хоёр төлөөлөгчийг нөхөн томилох асуудлаар АН-ын бүлэг зарчмын зөрүүтэй саналаар завсарлага авах хүсэлт тавьсан боловч Ц.Сандуй хэт нэг талыг барин хуралдааны дэгийн 4.6 дахь заалт /нэгдсэн хуралдаан дээр хэлэлцэж буй тухайн асуудлаар нам, эвслийн бүлэг санал гаргасан тохиолдолд Хурлын дарга завсарлага өгнө/-ыг зөрчиж, АН-ын бүлэгт Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүний асуудлаар зөвшилцөх завсарлага өгсөнгүй.

Шийдвэр гаргах түвшинд олон түмний сонголтын харьцаагаар хуваарилалт оногдох нь ардчиллын шударга зарчим юм. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 11 суудлыг дээрх хоёр намын авсан суудлын хувьтай харьцуулж үзвэл МАН-д 8, АН-д 3 суудал ногдохоор байна.

Гэтэл НИТХ дахь МАН-ын бүлэг хэт олонхоороо хүч түрж, дэгээ зөрчин  хүчээр санал хураалт явуулж, нийслэлчүүдийн сонголтыг үл хүндэтгэсэн шийдвэр гаргалаа. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал нь сөрөг хүчний хяналтгүй, нэг намын байгууллага мэт хаалттай ажиллах нь тодорхой боллоо.

Иймд Тэргүүлэгчдийн хурал хуралдах бүрт АН-ын бүлэг хэвлэл мэдээллийн  байгууллагуудад нээлттэй хуралдаж, хурлаас гарсан тогтоол шийдвэрийг нийслэлчүүддээ хүргэж, эрх баригчдад тогтмол хяналт тавьж ажиллах болсноо мэдэгдье.

НИТХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж