Найдваргүй авлагыг данснаас хасахыг зөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2016.09.26-нд нийтлэгдсэн

Найдваргүй авлагыг данснаас хасахыг зөвлөжээ

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр /2016.09.26/ болсон байна. Хурлаар Монголбанкны санхүүгийн зах зээлийн явц, эрсдэлийн байдалтай танилцсан дүнгийн тухай гишүүн Ж.Үнэнбат мэдээлэл хийсэн бол Монголбанкны судалгаа, статистикийн газрын статистик судалгааны ажлын байдал, явцын тухай  тус газрын захирал Д.Ган-Очирын сонсгол хэлэлцүүлж, Монголбанкны авлага барагдуулах ажлын 2016 оны эхний хагас жил хүртэлх тайлангийн тухай болон бусад асуудлын хүрээнд Монголбанкны санхүүгийн II улирлын тайлан, Монголбанкны Дотоод аудитын газрын 2016 оны II улирлын тайлангийн  талаар гишүүн Д.Нямаа мэдээлэл хийсэн байна.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, цэвэр нөөцийг сэргээх, валютын нөөцийг олон улсын тоон мэдээлэл түгээх тусгай стандартын дагуу мэдээлж ажиллах журамд шилжих, судалгаа, статистикийн ажлын төлөвлөгөөний биелэлтийг тодорхой, бодитой гаргаж дүгнэж байх, судалгааг оновчтой байдлаар зохион байгуулахыг санал болгожээ. Эдийн засагт сөргөөр нөлөөлж болох хүчин зүйлийн болзошгүй үр дагаврыг урьдчилан  тооцож, бууруулах талаар санал зөвлөмж дэвшүүлсэн судалгаа, статистикийн ажлын үр дүнг шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчид хүргэж ажиллахад анхаарах нь зөв гэж хяналтын зөвлөлийн гишүүд үзжээ.

Түүнчлэн төлөгдөх эсэх нь эргэлзээтэй гэж үзэж, болзошгүй эрсдэлийн сан байгуулсан авлагуудыг нарийвчлан судалж, найдваргүй гэдгийг тогтоосон авлагыг зохих шийдвэрийн дагуу дансаас хасах арга хэмжээ авах, авлагын бүртгэл хяналт, авлага барагдуулах ажлын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулж, холбогдох хууль, эрх зүйн бусад актын хүрээнд шийдвэрлэж ажиллахыг Монголбанкны Ерөнхийлөгчид тус тус зөвлөжээ.  

Д.ЦЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж