Японы нийслэл Токио хотноо өчигдөр мэргэжлийн сүмогийн Намрын тэмцээн буюу Аки башё өндөрлөлөө. Башёг озэки Г.Гоэйдо 15 даваатайгаар итгэл төгс тэргүүлж, эзэн хааны цомыг анх удаа хүртсэн юм.
Гоэйдо 13 дахь өдөр хамгийн хүчтэй өрсөлдөгч болох ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржийг, 14 дэх өдөр Тамаваши Б.Мөнх-Оргилыг давснаар түрүүлэх болзлоо хангасан. Тэр башёгийн сүүлийн өдөр озэки Котошёогикүг давснаар сүмогийн дээд зиндаанд анх удаа түрүүллээ. Гоэйдо “Тэмцээний 10 дахь өдрийн барилдааны дараа өөртөө их итгэлтэй болсон. Тиймээс үлдсэн өдрүүдийн барилдаанд маш сайн барилдаж, ялалт ойр байгааг мэдэрлээ. Ирэх сарын башёд улам хичээх болно. Маш том хариуцлага ирлээ. Мэдээж дараагийн барилдааны тухай бодож байна. Энэ эрчээ алдахыг хүсэхгүй байна” гэж телевизийн ярилцлагад өгүүлжээ.
Японы бөхчүүдээс энэ оны нэгдүгээр сарын башёд озэки Котошёогикү, есдүгээр сард озэки Гоэйдо нар түрүүллээ. Токиогийн барилдаанд өндөр амжилт үзүүлж, эзэн хааны цомыг хүртсэн озэки Гоэйдо энэ жил 30 настай бөгөөд 2005 оны нэгдүгээр сараас эхлэн барилдаж эхэлжээ.
Түүний талаарх зарим мэдээллийг хүргэж байна:
Гоэйдо Сакайгава дэвжээнд харьяалагддаг. Энэ жил 30 настай.
Тэрээр Осака мужийн Нэягава хотод төрсөн бөгөөд түүний нутгийнхан бөхөө ихэд дэмжжээ.
Аки башёд 15 даваа авч нэг ч унаагүйгээр түрүүлсэн нь Япон бөх 15 ялалттай башёд түрүүлсэн амжилтыг 20 жилийн дараа давтаж буй амжилт юм. Тэртээ 1996 оны есдүгээр сарын башёд ёкозүна Таканохана Кожи 15 даваатайгаар түрүүлж байжээ.
Гоэйдо ёкозүна цол горилогч Кисэносатог 11 дэх өдрийн барилдаанд ялсан бөгөөд тэрээр 11 сарын барилдаанд ёкозүна цолны төлөө барилдахаар боллоо.
Энэ сарын башёд Гоэйдо Монголын бөхчүүдээс ёкозүна Харүмафүжи, Какүрюү нарыг давсан юм.
Япон бөхчүүд нэг жилийн зургаан башёгийн хоёрт нь түрүүлсэн тохиолдол ойрын хэдэн жилд гараагүй. 2016 оны нэгдүгээр сард озэки Готошёогикү, есдүгээр сард озэки Гоэйдо нар түрүүллээ.
Гоэйдо 2010 оны нэгдүгээр сарын башёд их аварга Асашёрюү Д.Давгадоржийг давж, Кинбоши ”Алтан од” шагналыг хүртэж байжээ.
Японы гурван арслан цолтнууд дундаа амжилт тааруухан нь Гоэйдо юм. Тэрээр их даруухан зантай аж.
Ирэх арваннэгдүгээр сарын барилдаанд озэки Гоэйдо ёкозүна цолны төлөө барилдана
Эх сурвалж: the-japan-news.com
Ч.БОЛОР