Хятадын төмөр замын компани IPO хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.19-нд нийтлэгдсэн

Хятадын төмөр замын компани IPO хийнэ

Төмөр замын тоног төхөөрөмж нийлүүлэгч Хятадын төрийн өмчийн томоохон компани “China Railway Materials Commercial” /CRM/ компани ирэх есдүгээр сард Хонконг, Шанхайн биржээс нийтдээ 2 тэрбум ам.долларын хөрөнгө босгож магадгүй байна.
CRM есдүгээр сард дээрх биржүүдэд бүртгүүлэн, хөрөнгө босгохоор холбогдох баримт бичгийг Хятадын үнэт цаасны зохицуулах хороонд өргөн барихаар төлөвлөж буй ажээ. Бээжинд төвтэй CRM компанийн дэд Ерөнхийлөгч Лиу Гуопин өнгөрсөн жилийн тавдугаар сард хоёр биржээс нийтдээ 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө босгохыг эрмэлзэж буйгаа мэдэгдэж байжээ.
Тус компани Шанхайн бирж дэх хувьцааныхаа арилжааны менежментийг “Citic Securities” компанид хариуцуулжээ. Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн бирж дэх IPO-г хариуцан ажиллах санхүүгийн байгууллагыг сонгохоор хөрөнгө оруулалтын банкуудаас санал хүлээн авч дууссан бөгөөд удахгүй шалгарсан байгууллагыг томилох юм байна.
Шанхайн бирж дээр эхэлж хувьцааныхаа арилжааг хийх төлөвтэй байна. Одоогоор Хятадын төрийн байгууллагын батламжийг аваагүй байгаа учир тус компани тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж буй ажээ.
CRM төрийн өмчийн компани нь Хятадад төмрийн хүдэр, нүүрсний импортын үзүүлэлтээрээ гуравдугаарт ордог байна. Тус компани олон улсын биржид босгох хөрөнгийг төмөр замын машин техник, тоноглол хэрэгслийн нийлүүлэлт болон гангийн худалдааны бизнесээ өргөжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байна.
Тус компани одоо Өмнөд болон Хойд Америкт нүүрсний ордын хайгуул хийж байгаа бөгөөд 2010 онд Баруун Африкийн “Тонколили” төмрийн хүдрийн ордыг эзэмшдэг Лондонд төвтэй “Аfrican Minerals” компанийн 12.5 хувийн хувьцааг 244 сая ам.доллараар эзэмшилдээ авсан байна. Мөн 2009 онд Австралийн төмрийн хүдрийн “United Minerals” компанийн хувьцааны 11.38 хувь, “FerrAus” компанийн хувьцааны 12 хувийг нийтдээ 40 сая австрали доллараар худалдаж авчээ. Өнгөрсөн онд тус компани 21 сая тонн гангийн бүтээгдэхүүн худалдаалж, 23 тэрбум ам.долларын орлоготой ажилласан нь 2009 оныхоос 50 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм.
 

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж