Түвдийн дуулдаг аяганы нууцыг нээжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.19-нд нийтлэгдсэн

Түвдийн дуулдаг аяганы нууцыг нээжээ

АНУ-ын Массачусетийн технологийн дээд сургуулийн багш Жон Буш болон Францын Льежийн Их сургуулийн эрдэмтэн Дени Тервань нар гидродинамикийн болон дуу авианы судалгаа хийсний дүнд түвдийн дуулдаг аяганы нууцыг нээжээ.

Уг аягыг буддын лам нар бясалгал хийх болон алжаал тайлах үедээ ашигладаг байна. Аяганаас маш өвөрмөц дуу авиа гардаг нь усан дээр үүсдэг долгионуудын маш нарийн давхцалын процесстой холбоотой гэнэ. Дашрамд дурдахад, буддын лам нар дуулдаг аяганы нууцыг Түвдийн гал тахигчдаас өвлөн авчээ.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, манай эриний өмнөх V зууны үед энэ аяганы тухай хүмүүс мэддэг байсан гэнэ. Аягыг хийхийн тулд цайр, төмөр, алт, мөнгө, диц /никель/ зэргийг хүрэлтэй хольдог ажээ. Энэ хольц нь аяга болгонд өөр өөр байх нь бий. Дуулдаг аягыг хийхийн тулд эхлээд түүнийг усаар дүүргээд, дараа нь арьсаар өнгөлсөн жижиг алхаар ирмэгийг нь тойруулан цохиход дуу авиа гардаг ажээ.

Судалгааны явцад түвд аяганы гаргадаг дуу авианы хэлбэлзэлтэй ижил хэлбэлзэл бүхий дууны динамикийг ашигласан байна. Аяганы хана доргих үед шингэний гадаргуу дээр Фарадейн долгион гэдэг бутрамтгай орчин үүсдэг хэлбэлзэл бий болдог байна. Ингээд доргилтын хэлбэлзэл дээд цэгтээ хүрэх үед ус буцалж байгаа мэт хөөсөрдөг ажээ.

Хамгийн сонирхолтой нь, болор хундага мэтийг савхаар юм уу, эсвэл жижиг алхаар цохиход ийм зүйл огт ажиглагддаггүй, зүгээр л жингэнэх дуу гардагаас биш дуулж байгаа мэт авиа гардаггүй. Аяганы хананы бүтэц, хэлбэр, зузааныг тохируулснаар Фарадейн давалгаанууд бие биетэй давхцах ба усны дуслуудыг гадаргуугаас татаж эхэлдэг байна.

Дуслууд зарим үед гадаргуугаас салах ба заримдаа түүний дээгүүр гулсдаг. Усны дуслууд долгионуудтай болон өөр хоорондоо эмх замбараагүй байдалтайгаар шүргэлцсэнээр дуу дуулж байгаа мэт авиаг үүсгэдэг ажээ. Буддын шашинтнуудын үзэж байгаагаар, дорно зүгийн дуулдаг аяга зэрэг "хөгжмийн зэмсгийн" гаргаж буй чичиргээ нь илааршуулах шидтэй гэнэ. Гэхдээ хүний бие организмд хөгжим нөлөөлж, анагаах чадвартай гэдгийг зөвхөн Дорно дахинд ч биш өөр бусад нутгийнхан эрт дээр үеэс мэддэг байсан билээ.

Жишээ нь, алдартай эмч Асклепий радикулит буюу нугасны мэдрэлийн язгуур үрэвсэх өвчнийг анагаахын тулд нарийн бүрээ тоглохыг зөвлөж байсан бол Демокрит лимбэний аялгуу сонсох нь олон тооны өвчнөөс илааршуулах шидтэй гэж үздэг байв. Судлаачдын үзэж байгаагаар, хүний төв мэдрэлийн систем нь дуу авианд тун мэдрэмтгий ажээ. Дууны долгион тодорхой үезлэл бүхий импульсийг илгээхэд төв мэдрэлийн систем биологийн идэвхт бодисуудыг ялгаруулах "команд"-ыг бие организмд өгдөг байна. Гэхдээ дуу авиа болгон анагаах нөлөөтэй биш ажээ.

"Хөгжмийн анагаах чадвар"-ын онолыг баримтлагчдын үзэж байгаагаар, сонгодог хөгжим сонсох нь хүний биед сайн бол харин хүнд рок нь зүрх, судасны системийг дарангуйлж, үхэлд ч хүргэж мэдэх гэнэ. Дорнын ард түмэн дуулдаг аяга зэргийг хэрэглэдэг нь тохиолдлын хэрэг биш юм. "Аяга байнга дуулуулдаг" буддын шашинт Хятад, Япон зэрэг орнуудад хорт хавдрын өвчлөл хамгийн бага байдаг гэнэ. Дуулдаг аяганы гидродинамикийн онцлог үзүүлэлтийг өөр бусад салбарт ч ашиглаж болно гэж аяганы нууцыг олсон Буш, Тервань нар үзэж байна. Тухайлбал, түлш шахах системийг зохион бүтээхэд ашиглах боломжтой гэнэ. Ингэхдээ Фарадейн долгионы нөлөөгөөр үүсдэг "хөөсрөгч" чанарыг ашиглах нь мэдээж.

Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж