НҮБ дэх Монголын дуу хоолой

Хуучирсан мэдээ: 2016.09.27-нд нийтлэгдсэн

НҮБ дэх Монголын дуу хоолой

Модод нь нов ногооноороо Нью-Йоркийн халуун өдрүүд намрын мэдрэмжийг үл төрүүлнэ. Бороо орсон ч чийглэг бас дулаахан. 

Улс орны төрийн тэргүүн нар жилдээ нэг удаа Нью-Йоркод цугларан даян дэлхийн энх тайвны бэлгэ тэмдэг болсон энэ байгууллагын индэр дээрээс үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээс гадна байр сууриа харилцан сонсох боломжийг Ерөнхий ассамблейн чуулган олгодог.

НҮБ-ын энэ жилийн буюу 71 дэх удаагийн Ерөнхий ассамблейн чуулганаар хүн төрөлхтөний өмнө тулгамдаж байгаа асуудлууд болох энх тайван, аюулгүй байдал, үндэстэн дамнасан гэмт хэрэг, дүрвэгч цагаачдын асуудал, терроризм, дэлхийн улс орнуудын нийгэм эдийн засгийн тогтворгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг  томоохон сэдвийг хэлэлцэж, улс орны төрийн тэргүүн, Ерөнхий сайд нар байр сууриа илэрхийлсэн юм.

Далайд гарцгүй, хоёр их гүрний дунд орших Азийн Монгол олон улсын анхаарлын төвд байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн явуулж байгаа гадаад бодлогоос ангид үзэхийн аргагүй. Хүний эрх, эрх чөлөө бол монголчуудын хувьд юугаар ч сольшгүй үнэт өв. Энэ үнэт зүйлсээ хамгаалж чадаж байгаа эсэх нь бодит үр дүнгээс л харагдах ёстой гэж Ерөнхийлөгч Ерөнхий ассамблейн чуулганы илтгэлдээ онцолсон юм.

Чухамдаа дэлхий дээр хүний эрх, эрч чөлөөгөөр ангаж, цангаж яваа олон хүний дэргэд монголчууд харин ч азтай ард түмэн. Бидэнд хайрлах эрх орон, хамгаалах үнэт зүйлс олон бий билээ.

Өнгөрсөн 2015 оны Ерөнхий ассамблейн чуулганаар дэлхий нийтийн ойрын 15 жилийн хөгжлийг тодорхойлсон “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөрийг баталсан байдаг. Энэхүү хөтөлбөрт тусгагдсан сайн засаглал, хэвлэлийн эрх чөлөө, авлигагүй улс, зээлжих зэрэглэл зэрэг зорилтыг хэрэгжүүлэх нь Монголын шинэ Засгийн газрын үүрэг болоод байна. Учир нь, эл хөтөлбөр энэ жилээс хэрэгжиж эхэлж буй агаад гол зорилго нь хүний эрхийг хүндэтгэх, хангах явдал юм. Тогтвортой хөгжлийн тухай сэдэв бол Монголд байнга хөндөгдөж байдаг асуудал. Гэхдээ уул уурхайгаас шууд хамааралтай эдийн засаг нь унаж, сэхэх нь амархан, дээр нь улс төрийн намуудын аминчхан хандлага нь Монголын тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлдөг нь худлаа биш. Яг үнэндээ бол аль нам төрд гарч ирэхээс хамаараад тэр намын даргын л бодлого хэрэгждэг болсон нь худлаа биш. Чухам энэ үзэгдэл л Монголын тогтвортой хөгжилд чөдөр тушаа болж байгааг хэлэхэд буруудахгүй биз. Байгалийн баялагтай, тайван, эрх чөлөөтэй Монгол яагаад хүссэнээрээ хөгжих боломжгүй байна вэ. Энэ асуултыг Монголын хууль тогтоогч, бодлого боловсруулагчдаас асуух нь зүй ёсных биз. Монголын хөгжлийн бодлогод тогтвортой залгамж халаа байдаггүй. Дөрвөн жилийн настай ялсан намын бодлого хэрэгждэг. Ийм болохоор Монголд өнөөдөр ч тогтвортой хөгжил үгүйлэгдсээр л байгаа хэрэг.

Хүний эрх, шударга ёсны тухай Монгол Улсын Ерөнхийлөгч дотоодынхоо ч эрх баригчдад байнга хэлдэг, сануулдаг үгс. Тэрбээр НҮБ-ын индэр дээрээс “Нэг ч хүн энэ хөгжлийн гадна үлдэх учиргүй, хөгжих эрхээ эдлэхгүй байх учиргүй. Хүн бүр ядуурал, хүчирхийлэл, хямралаас ангид, нэр төртэй сайхан амьдрах хөгжлийн төлөө бид хамтран ажиллах ёстой. Хуульт ёс, бүх нийтийн үндсэн эрх, эрх чөлөөг үл хүндэтгэх аваас шударга ёс, тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангаж чадахгүй гэж би үздэг. Тэдгээр суурь зарчмуудыг улс орон бүр сахин хамгаалах учиртай” гэсэн нь төрийн тэргүүний хувиар гадаад ертөнцөд Монголын төлөөлж хэлсэн байр суурь боловч, өнөөгийн эрх баригчид нь энэ үгийг чихнийхээ гадуур өнгөрөөх учиргүй болов уу.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн нэг үзүүлэлт нь мэдээж гадаадын хөрөнгө оруулалт.  Дэлхийн зах зээл рүү “нэвтэрч”, гуравдагч хөршүүдтэй эдийн засгийн сайн харилцаа тогтоон стратегийн бүхий л төвшинд түншлэх нь  Монголын гадаад бодлогын нэг зорилт.  Харамсалтай нь, өнөөдөр ч  Монгол Улс гурав дахь зах зээлд нэвтрэх хөл, гүүргүй хэвээрээ  л байна. Чухамдаа Монголын намуудын зодоон, улстөрчдийн хэрүүлээс үүдэлтэйгээр Монгол Улсын гуравдагч хөрш рүүгээ “нэвтрэх” зам, бодлого улам л алсарсаар байгааг сануулах юун. Зам дагаж хөгжил гэдэг зүгээр ч нэг хоосон цаасан дээр бичигдсэн үг биш болов уу.

Монголын хувьд тогтвортой хөгжлийн үндэс юу вэ? Яг одоо л үүнийгээ тодорхойлох цаг болсон мэт. Ерөнхийлөгчийн байнга анхааруулдаг сайн засаглалын үр дүн бол тогтвортой хөгжил. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрхэн хэрэгжүүлснээрээ ирээдүйд бид дэлхийд үнэлэгдэх юм.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж долоо дахь удаагаа илтгэл тавилаа. Өөрийнх нь хэлснээр “Монгол бие даасан бодлоготой, бие даасан улс” гэдгээ тэр үг, үйлдэл болгоноороо харуулж чаддаг. Тиймдээ ч энэхүү чуулганд ирэхийн өмнөхөн Кубад хийсэн айлчлалыг нь сонирхох зочид олон байлаа.

Тэрчлэн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгохыг уриалсан Бан Ги Мүний зохион байгуулсан өндөр төвшний тусгай арга хэмжээнд оролцож, батламжаа гардуулсан юм. Хэлэлцээрт нэгдсэн орнууд дэлхийн дулаарлыг жилд дунджаар хоёроос доош хэмд барих том үүргийг хүлээж буй.

Дэлхийн уур амьсгал жилээс жилд өөрчлөгдөж, хүлэмжийн хийгээс болсон энэхүү өөрчлөлтийн золиосонд Монгол ч өртөж буй юм. Агаарт хил хязгаар үгүйгээс хойш хүлэмжийн хийнээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн бага нөлөө үзүүлдэг ч хамгийн ихээр хохирч яваа улс орны нэг бол Монгол. Энэ сэдвээр Ерөнхийлөгч “Монгол Улс нүүрсхүчлийн хий хамгийн бага ялгаруулагч улсын нэг хэдий ч уур амьсгалын өөрчлөлтөд харьцангуй хүчтэй өртөж байна. Цөлжилт, ойгүйжилт, биологийн төрөл зүйлийн тэнцвэргүй байдал нь нүүдэлчдийн соёлын хэв маягт сөргөөр нөлөөлж, байгаль орчинг улам бүр доройтуулж байна” гэдгээ НҮБ-ын индрээс мэдэгдсэн юм.

Энэхүү хэлэлцээрт нэгдсэнээр Монгол хожих уу, хожигдох уу. Монголд ямар ашиг тустай вэ гэж та бодож байж магад. Харин энэ хэлэлцээрт нэгдсэнээрээ аж үйлдвэргүй, хөгжиж яваа Монголд эдийн засгийн хувьд ч ашигтайгаар тусч байгаа аж. Миний ойлгосноор бол хүлэмжийн хий гаргадаг улс орнуудаас авсан татварыг “Ногоон хөгжлийн сан”-гаар дамжуулан хүлэмжийн хий “үйлдвэрлэдэггүй” Монгол зэрэг оронд эдийн засгийг нь дэмжих хэлбэрээр тодорхой хэмжээгээр санхүүжүүлэх юм.

Иргэний дайнаас болж дэлхийн 21 сая хүн эх орон, ах дүү, гэр орноо орхин дүрвэж буйг НҮБ-ын индэр дээрээс АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама онцолсон. Эдгээр дүрвэгчдэд дэлхий гараа сунган туслах ёстойг ч тэрбээр хэлсэн юм.

Дэлхийн долоон тэрбум хүний сайн сайхан амьдралын төлөө дуу хоолой нь болдог НҮБ-ын индэр дээрээс энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн илэрхийлсэн байр суурь бол “Энхтайван, эрх чөлөө, шударга ёсны төлөө Монгол Улс өөрийн хувь нэмрээ оруулах болно” гэх үг.

Эх орон, аав, ээж, ах дүүгээ орхин амь насаараа дэнчин тавин дүрвэж буй эдгээр хүмүүсийн дэргэд туурга тусгаар эх орондоо бид элэг бүтэн амьдарч байгаадаа л талархах ёстой ч юм шиг. 

Үргэлжлэл бий.


Ц.Элбэгдорж: Монголчуудын эрх чөлөөг эрхэмлэх сэтгэл агуу

Пенсилванийн их сургуулийн удирдлагыг хүлээн авсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тус сургуулийн Хантсман танхимд хүрэлцэн ирэв. Танхимд Пенсилванийн их сургуулийн профессор, багш, оюутан болон хувийн хэвшлийн төлөөлөл цугларсан байлаа.

Пенсильванийн их сургуулийн Нийгэм, шинжлэх ухааны факультетийн Декан, доктор Стивен Флуарти Монгол Улсын Ерөнхийлөгчийг танилцуулж хэлсэн үгэндээ “Пенсилванийн их сургуульд зочлон ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийг танилцуулж байгаадаа би туйлын баяртай байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Пенсилванийн их сургуульд анх удаагаа зочлон ирж байгаа бөгөөд энэ үйл явдал нь манай сургуулийн хувьд ч чухал тэмдэглүүштэй үйл явдал болж байна.

Пенсилванийн их сургууль нь АНУ-ын ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнолын эх нутагт оршдог гэдэг утгаар бид сургуулиараа бахархдаг. Харин өнөөдөр манай сургуульд Монголын ардчилсан шилжилтийг эхлүүлсэн хүмүүсийн нэгэн төлөөлөл хүрэлцэн ирж, үгээ хэлэх гэж байгаа нь олзуурхууштай үйл явдал болж байна.

Нөгөөтэйгүүр Пенсилванийн их сургууль нь монгол судлалын Америк дэх төв гэдгээрээ онцлог. Манай сургууль нь монгол судлалд одоогоор гурван сая гаруй ам.долларыг зарцуулаад байгаа бөгөөд энэ чиглэлээр улсдаа тэргүүлэх зэрэгтэй байгууллага юм. Бид монгол судлал, оюутан солилцоо, эрдэм шижилгээ судалгааны ажилд голчлон анхаардаг. Энэхүү айлчлал нь манай сургуулийн монгол судлалын салбарт ихэд ач холбогдол өгч, бидний харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагийн тод илэрхийлэл гэж бид ойлгож байна. Ийм учраас бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал бидний хувьд онцгой чухал ач холбогдолтой юм.

“Perry World House”-ын судалгааны төвөө бид саяхан нээсэн. Энэхүү чухал арга хэмжээний дараахан Монгол Улсын Ерөнхийлөгч айлчлан ирж байгаад бид бэлэгшээж байна. Өшөө олон улсын төрийн тэргүүн “Perry World House”-ын судалгааны төвд айлчлан ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монголын ардчиллын туршлагаас өгүүлэх илтгэл оюутан, багш, эрдэмтэд та бүхний анхаарлыг хандуулж, та бүхний дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхний өмнө Монголын ардчиллын “алтан хараацай” Цахиагийн Элбэгдоржийг урьж байна” хэмээв.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ ”Баярлалаа та бүхэнд. Эрхэм хүндэт багш оюутан, эрдэмтэн судлаачид аа. Би өнөөдөр энэ сайхан хотод хүрэлцэн ирж, энэ гайхамшгтай сургуульд зочилж байгаадаа сэтгэл үнэхээр догдолж байна. Америкийн эрх чөлөө, тусгаар тогтнолын эх нутаг Филадельфи хотыг үзэх миний мөрөөдөл өнөөдөр биеллээ. Би өөрөө эрх чөлөөний төлөө тэмцэгч хүн учир энэ чухал үйл явдал юм.

Та бүхэн Монголын талаар судалж, их зүйлийг мэдсэн байх. Өнөөдөр би та бүхэнд Монголын талаар гурван зүйлийг өгүүлье. Бид энэ жил Монгол Улсад Тулгар төр байгуулагдсаны 2225 жилийн ойг тэмдэглэсэн. Та бүхний харж байгаа энэ газрын зураг бол Монголын Их Гүрэн бөгөөд энэ үед Их Засаг хэмээх хуульд захирагдаж байсан. Монголчууд энэ агуу гүрнийг хэрхэн байгуулсан бэ? Тэд шашин шүтэх эрхийг дэмжиж, соёл урлаг, чөлөөт худалдааг хөгжүүлдэг байсан. Дашрамд хэлэхэд өнөөдөр Хубилай хааны төрсөн өдөр тохиож байна. Тэрээр өдгөөгөөс 801 жилийн тэртээ төрж, өнөөдрийн Бээжинд Юань гүрнийг байгуулсан. Чингис болон Хубилай хааны үед анхны цаасан мөнгө, морин өртөө гэх мэт олон шинэ зүйл бий болгосон.

Монголчууд өнөөгийг Ойрхи Дорнодын нутагт хоёр зууны турш ноёрхлоо тогтоож байсан. Би 2012 онд Ираны Тегеран хотноо айлчилж, Аятолла Хомейнитэй уулзахад тэрбээр “Би монголчуудад гүнээ талархаж явдаг. Учир нь монголчууд Иран улсад анхны одон орон судлалын төв, анхны дээд сургууль, анхны эмнэлэг, анхны номын санг байгуулж өгсөн” гэж хэлсэн. Монголчууд мөн Европ, Азийн орнуудад үүний адил соёлын өв үлдээсэн байдаг.

Монголчууд дэлхийд гайхагдах тэнгисийн цэрэгтэй байсан гэвэл та бүхэн гайхах байх. Энэ цэрэг тухайн үед Японыг хоёр ч удаа довтолсон боловч далайн хар шуурганд сүйрсэн юм. Хожим Монголын Эзэнт гүрэн задарч, улмаар 20-аар зууны эхээр монголчууд тусгаар тогнолоо дахин олж авсан. Ингээд 1920-иод оны эхээр Монгол дэлхийн хоёр дахь коммунист улс болоод байв. Монгол 70 гаруй жилийн турш коммунист тогтолцоотой байсан.

Би найман хүүтэй энгийн нэгэн малчин айлын отгон нь. Миний аав энгийн нэгэн малчин, нэгдлийн мал хариулдаг байсан. Тухайн үед хонь төхөөрөх эсвэл өөр аймаг суманд очих бүртээ заавал өргөдөл бичих журамтай байлаа. Тэрээр 1940-өөд оны эхээр цэрэгт татагдсан юм. Цаг үе ороо бусгаа үед эх нутгаасаа хол цэргийн алба хаахаар явсан. Ээж маань аавыг явснаас хойш таван жилийн дараа анхны захидлаа авсан гэдэг. Аав минь зав чөлөө гарсан үедээ бичиг үсэг сурч, таван жилийн дараа л анхны захидлаа бичиж чадсан нь тэр байж л дээ. Хоёр үеийн өмнө л Монголд амьдрал ийм хүнд бэрх байж шүү дээ. Харин өнөөдрийн нийгэм тэс өөр болжээ.

Миний аав ээж хоёр отгон хүү нь хэзээ нэг өдөр Америкийн эрх чөлөө, тусгаар тогтнолын эх нутагт ирж, энэ хүндэт индрээс үг хэлнэ гэж зүүдлээ ч үгүй явсан биз. Үүнд би аав ээж хоёртоо, ард түмнийхээ чөлөөт сонголтод баярлаж явдаг.

Би ард түмэн, эх орон, эх түүх, зан заншил, урлаг соёл, үзэсгэлэнт байгалиараа бахархдаг. Түүний дотроос би үнэт зүйлээрээ хамгаас илүү бахархдаг. Монголын орчин цагийн түүх зарим улс орныхтой төстэй байж магадгүй. Дээр хэлсэнчлэн монголчууд коммунист тогтолцоонд орж, хэлмэгдлийн он жилүүдэд насанд хүрсэн зургаан хүн тутмын нэгийг алдсан байдаг. Монголын овог аймгууд асар их гарз хохирол амсан, буддын шашны 700 гаруй сүм хийд үнсэн товрого болсон. Коммунистууд манай орны амин зүрхийг онилж байсан авч үүрдийн тавилангүй байсан юм. Эцэст нь бидний өмнө шийдвэрлэх мөч ирсэн. Тэртээ 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны тэр нэгэн хүйтэн өдөр бид анхны цуглаанаа нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулсныг та бүхэн энэ зурагнаас бэлхнээ харж байна. Энэхүү түүхэн цуглааныг тэргүүлэх завшааныг надад миний журмын нөхөд олгосон юм. Тухайн үед баруун Украины Лвовь хотноо таван жил сурсан миний өчүүхэн туршлагад нөхөд минь найдсан байх л даа. Би энэ цуглааныг “Бид чимээгүй удаан тэслээ. Одоо бидний хийх цаг ирсэн. Өөрчлөлт шинэчлэл хийх цаг болсон” хэмээн нээж байсан. Тэр өдөр бид цуглаан хийх, шашин шүтэх, үг хэлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө, олон намын тогтолцоо, ардчилсан сонгууль хийхийг шаардсан. Энэ бол эрх чөлөө, шударга ёс бүрэлдэн тогтохын эхлэл байсан юм.

Хуучин тогтолцоо, олон нийтийн сэтгэлгээг өөрчлөхөд хэцүү байсан. Бид уулзалт цуглаан, өлсгөлөн олонтаа зохион байгуулсан. Бид хүчирхийллээс ямагт татгалзаж, зөвшилцлийн замаар урагшилж байсан. Тэртээ 1989 оны өвөл 1990 оны хавар үнэхээр урт байсан санагддаг. Гэвч хувьсгалын эхлэл болж, хэдэн арван жилийн турш ноёлсон засгийн дэглэм нуран унаж, иргэний эрх чөлөө, хүний эрх дээдлэгдэж эхлэв. Энэ өдрөөс эхлэн бид сүүлийн 26 жилийн хугацаанд улс орноо дарангуйллын тогтолцооноос ардчилсан тогтолцоонд шилжсэн. Энэ хугацаанд бид хамгийн тусгаарлагдсан, хаалттай улс орноос хамгийн нээлттэй тогтолцоонд шилжсэн.

Монголын ардчилсан шилжилтийн гурван зүйлийг би онцлон хэлье. Юуны түрүүнд бид тайван замаар өөрчлөлт хийсэн. Эрс өөрчлөлтийг богино хугацаанд хийсэн тэр он жилүүдэд нэг ч удаа буун дуу гараагүй, нэг ч цонх хагараагүй, нэг ч хүний хамраас цус гараагүй юм.

Хоёрт, ардчилсан шилжилтийн хүрээнд монголчууд улс төр, эдийн засаг, нийгмийн өөрчлөлтийг нэгэн зэрэг хийсэн. Азийн улс орнуудын хувьд энэ томоохон өөрчлөлтийг нэгэн зэрэг хийх боломжгүй гэж үздэг. Монголчууд бид энэ хуучин онолыг эвдэж чадсан.

Гуравт, гадаадын хөгжлийн загварыг шууд тэр чигээр нь хуулбарлах хэрэггүй болохыг монголчууд туршлагаараа харуулсан. Иргэддээ эрх чөлөөг нь олгож, хүний эрхээ эдлэх боломжийг нь өгснөөр бид амжилтад хүрсэн. Өнөөдөр Монголд зах зээлийн чөлөөт эдийн засаг, бүтээлч нийгэм бүрэлдэн тогтож, дотоодын нийт бүтээгдэхүүн 1990-ээд оноос хойш эрс нэмэгдсэн. Манай хувийн хэвшил өнөөдөр ДНБ-ийн 80 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Гэтэл 1980-аад онд ДНБ-ийн 99 хувийг улсын үйлдвэрүүд бүрдүүлж байсан.

Эрх чөлөөтэй хүмүүс илүү бүтээлч, шинийг эрэлхийлдэг, илүү ихийг сурч мэдэхийг эрмэлздэг. Монголчууд яагаад ардчиллыг сонгосон юм гэж та бүхэн асууж байгаа байх. “Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов” гэж монголчууд ярьдаг. Тэгэхээр ардчилал нь хүний эрх чөлөөтэй байх хүсэлд нь тулгуурласан юм. Ийм учраас бид ардчиллыг сонгосон.

Бид нэг өдөр ардчилсан байгаад маргааш нь биш байх боломжгүй. Ардчилал нь Монголын эв нэгдлээс ангид байх боломжгүй. Ардчилал нь хэдийнэ монголчуудын төлөв байдал, амьдралын хэв маяг, бидний ажил үйлсийн салшгүй хэсэг болжээ. Энэ бол хөгжлийн бүтээлч арга зам юм. Ардчилал нь дэлхий нийтийн харилцааны хэлбэр, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх баталгаа юм. Иймээс бид ардчиллыг сонгосон.

Монголчууд яагаад эрх чөлөөнд хайртай вэ? Учир нь монголчууд бид нөр их хөдөлмөр зүтгэлийнхээ ачаар үүнийг олж авсан юм. Эрх чөлөө бол бидний өмч, эхээс төрөхөөс заяасан үнэт зүйл юм. Эрх чөлөө иргэдэд эрх мэдэл өгдөг. Эрх чөлөөтэй улс орны иргэд өөр ямар нэгэн этгээдийн өмч, эзэмшил байдаггүй. Тиймээс бид эрх чөлөөнд хайртай. Бид эрх чөлөөний хүчинд итгэдэг. Манай улсын хүн ам цөөн, эдийн засгийн хэмжээ томгүй байж болно. Гэвч бидний эрх чөлөөг эрхэмлэх сэтгэл агуу, ардчиллыг туулсан туршлага арвин юм. Том байшин жижиг түлхүүрээр онгойдог шүү дээ. Иймээс бид эрх чөлөөг эрхэмлэдэг.

Эрх чөлөө бол ямагт суралцах үйл явц, сайн сайхан нь үүнд оршиж байдаг. Энэ бол өөрөө эрүүлждэг нийгмийн тогтолцоо юм. Дарангуйллын нийгэмд хүн алдаа гаргаж болдоггүй бол эрх чөлөөт нийгэмд болдог. Иймээс бид эрх чөлөөнд хайртай.

Баярлалаа” хэмээв.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Филадельфи хотын Тусгаар тогтнолын музейг үзэж сонирхон, хүндэт зочны дэвтэрт нь гарын үсгээ зурлаа. Үүгээр түүний Филадельфи хотод хийсэн айлчлал өндөрлөж, нутгийн зүг жолоо залав.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж