Lynas-ын боловсруулах үйлдвэр хоргүй эсэх нь эргэлзээтэй

Хуучирсан мэдээ: 2011.07.19-нд нийтлэгдсэн

Lynas-ын боловсруулах үйлдвэр хоргүй эсэх нь эргэлзээтэй

Малайзийн Паханг мужийн нийслэл Кuantan хотоос 25 км-ийн зайд Австралийн газрын ховор элемент олборлогч “Lynas” корпораци боловсруулах үйлдвэр нээхээр бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Төлөвлөгөөний дагуу ирэх есдүгээр сард үйлдвэр ашиглалтад орох ёстой. “Lynas” корпораци нь Австралид газрын ховор элементийн “Mount Well” төслийг хэрэгжүүлж буй бөгөөд уурхайгаасаа олборлосон баялгийн зарим хэсгээ Малайз дахь үйлдвэртээ тээвэрлэн авчирч, метал боловсруулан, “технологичдод” нийлүүлэхээр төлөвлөж буй юм.

Гэвч нутгийн иргэд боловсруулах үйлдвэрийн хаягдал хүрээлэн буй орчинд ноцтой хор хөнөөл учруулна гэж эсэргүүцэж байна. Иргэд боловсруулах үйлдвэрээс гарах их хэмжээний торий /thorium/-н агуулгатай хаягдал байгаль орчныг цацрагаар хордуулна гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл “Lynas” цацраг идэвхт хаягдлыг газрын гүнд найдвартай булна гэж байгаа ч иргэд итгэхгүй хардаж байна. Торий нь цацраг идэвх бүхий химийн элемент. Эрдэмтэн Дэвид Муддын үзэж буйгаар, компани төлөвлөгөөний дагуу ажиллавал жилд 22 мянган тонн газрын ховор элементийн оксид боловсруулахад 90 мянган тонн торийн хаягдал давхар “үйлдвэрлэх” ажээ.

“Lynas” хог хаягдлын менежментийн нарийвчилсан төлөвлөгөөгөө одоо хэр нь нийтэд танилцуулаагүй байгаа юм.

Парламентын гишүүн Fuziah Salleh өнгөрсөн дөрөвдүгээр сард “Бусад улс орон хүн амын эрүүл мэндэд учруулах хор хөнөөлийг нь харгалзан газрын ховор элемент боловсруулах үйлдвэр байгуулахаас зайлсхийж байхад манай улс Австралийн компанид 12 жилийн татварын хөнгөлөлт олгож байна” гэж иргэдэд хандан хэлжээ.

Үүний дараа тус улсын Засгийн газар дөрөвдүгээр сарын 22-нд үйлдвэрийн аюулгүй байдлыг шалгуулахаар хараат бус шинжээчдийн зөвлөлийг ажиллуулахаар болсноо мэдэгдсэн юм. Шинжээчид нэг сарын турш хяналт хийх бөгөөд шалгалт дуусах хүртэл “Lynas”-ын үйл ажиллагааг зогсоохоор болсон байна. 10 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг зургадугаар сарын 3-нд ажилдаа оржээ. Шалгалтын комисс зургадугаар сарын 30-нд тус улсын Засгийн газарт 10 асуудал бүхий зөвлөмж өргөн барьсан байна. Тэд “Lynas” олон улсын цацрагийн аюулгүй байдлын стандартыг мөрдөн ажиллаж байгаа ч зөвлөмжид багтсан 10  зүйлийн шаардлагыг зайлшгүй биелүүлэх ёстой гэдгийг онцолжээ. Энэхүү зөвлөмжид хаягдлын менежментийн урт хугацааны төлөвлөгөө болон үйлдвэрийн хаалтын үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг нөхцөлүүд багтжээ. Засгийн газрын төлөөлөл энэхүү шаардлагыг хэрэгжүүлэхэд “Lynas”-т жил орчмын хугацаа хэрэгтэй гэж мэдэгдсэн ч тус компани 2011 оны сүүлээр үйлдвэрийг ашиглалтад оруулна гэдэгт итгэлтэй хэвээр байгаагаа мэдээлжээ.

Ард иргэд Ерөнхий сайд Нажиб Разакаас боловсруулах үйлдвэрийн төслийг нэн даруй зогсоохыг шаардсаар байна.
Гэвч Ерөнхий сайд Нажиб сонгуульд ялахдаа ДНБ-ийг жил бүр 6 хувиар дээшлүүлж, 2020 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 15 мянган ам.долларт хүргэнэ гэсэн сонгогчдод өгсөн амлалтдаа хүрэх ёстой ажээ. 2013 оны сонгууль айсуй энэ үед Нажиб толгойгоо гашилгаж байна. “Lynas” корпорацийн ТУЗ-ийн дарга Curtis-ын хувьд манай үйлдвэр Малайзын эдийн засгийн стратегитэй уялдаж буй хэмээн шавдуулж байгаа юм. Тус улсын эдийн засаг дэлхийн санхүүгийн хямралын нөлөөгөөр уналтад орсон боловч 2009 онд эргээд сэргэх хандлагатай болж, мөн онд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 6700 ам.долларт хүрсэн байна.

Ерөнхий сайд Нажиб хэлэхдээ “Үйлдвэрийн аюулгүй ажиллагааг бид нарийн сайн хянах болно. Малайз улс эдийн засгийн хурдацтай өсөлтөд хүрэхийн тулд гадаадын компаниудыг татахыг хүсч байна. Боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор мэргэжлийн нарийн ур чадвар шаардсан 350 ажлын байр бий болох төдийгүй экспорт 1.7 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ. Энэ нь манай улсын ДНБ-ий нэг хувьтай тэнцэх юм” гэжээ.

“Lynas”-ын ТУЗ-ийн дарга Curtis “Үйлдвэрийн аюулгүй ажиллагааг бүрэн хангана. Австралийн ордоос Малайзын үйлдвэрт авчрах хүдэрт торийн агуулга маш бага байх болно. Энэ нь олон нийтийн эрүүл мэндэд ямар ч хор хөнөөл учруулахгүй” гэж мэдэгдээд байна.  

1992 онд хаагдсан Малайз дахь “ARE” газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн хаягдалд хордсон өвчтөнүүдийг судлан шинжилж байсан эрдэмтэн Жаяабалан энэ тухайд “Хүдэрт багахан хэмжээгээр агуулагдаж буй торий аюул учруулахгүй гэж тайлбарласан нь ойлгомжгүй байна. Учир нь цацрагийн туяаны нөлөөлөл аажим аажмаар хүндэрсээр байдаг зүйл” гэжээ.

Хаягдлыг Kuantan хотын Gebeng үйлдвэрлэлийн бүсэд газрын гүнд булахаар төлөвлөж буй нь иргэдийн дургүйцлийг улам ч хүргэж байгаа юм. Хаягдлыг хязгааргүй хугацаагаар булж хадгалах эрхийг “Lynas” тус улсын Засгийн газраас авсан гэж буй ч Малайзын Атомын энергийн асуудал хариуцсан зөвлөлийн дарга Ража Дадук Абдул Азиз Ража үүнийг үгүйсгэн, зөвхөн түр хугацаанд булахыг зөвшөөрсөн гэж мэдэгдсэн байна. Нөгөөтэйгүүр Баруун Австралийн салбарын асуудал хариуцсан Сайд Norman Moore цацраг идэвхт хаягдлыг нутагтаа эргүүлэн татахыг эрс эсэргүүцэж байгаа юм.

Өмнө нь Малайзын Перак муж дахь “Мitsubishi Chemical” компанийн “ARE” газрын ховор элемент боловсруулах үйлдвэрээс гарсан торийн өндөр агуулга бүхий хаягдал нутгийн хүн, малыг хордуулж байсан гашуун түүх энэ улсад хараар тамгалагдан үлджээ. Хэдийгээр хүдэр дэх торийн агуулга маш бага хэмээн “Lynas” тайлбарлаж буй ч “ARE” үйлдвэртэй харьцуулахад удахгүй ашиглалтад орох шинэ үйлдвэрийн боловсруулалтын хүчин чадал 10 дахин их юм.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж