Томилгооноос өөр хийх ажил алга уу?

Хуучирсан мэдээ: 2016.09.23-нд нийтлэгдсэн

Томилгооноос өөр хийх ажил алга уу?

Эрх баригч намын томилгоо өдөр алгасахгүй шахам үргэлжилж байна. Хүүгээ, хүргэнээ, бэрээ, дүүгээ, эгчийгээ, ахыгаа, найзаа, нөхрөө албан тушаалд томилсоор гэргийдээ л “бялуу” хуваарилсангүй үлдээв. Гэхдээ албан тушаалын томилгоо дуусаагүй цаашид ч үргэлжлэх болохоор гэргий нартаа хувь хишиг хүртээх ч юм бил үү хэн мэдлээ дээ.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Гадаад харилцааны яаманд газрын дарга болсон мэдээлэлтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Гарамжавын хүргэн “Оюутолгой” ХХК-ийн Монголын талын Төлөөлөн удирдах зөвлөл/ТУЗ/-ийн гурван гишүүний нэг болсон тухай “бор шувуу” саарал ордныг доргиож байна.

“Эрдэнэс Монгол” компанийн удирдлагуудын шийдвэрээр энэ долоо хоногийн эхээр Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ын гишүүнээр Н.Багабанди, Б.Мөнхбаатар, Ч.Алтаннар нарыг томилсон. Тэднээс Ч.Алтаннар нь УИХ-ын гишүүн Б.Гарамжавын хүргэн аж.

2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ зурагдаж, Монголын талын ТУЗ-ийн гурван гишүүнийг томилоход Ерөнхий сайд асан С.Баяр базыгаа бас найзыгаа Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн болголоо гэж шуугиж байсан бол энэ удаад шинэ гишүүний нэр ар талынх нь фон болж бичигдэж байгаа юм.

Гэхдээ хууль тогтоогчдын лобби ганц Б.Гарамжав гишүүнээр хязгаарлагдахгүй бололтой, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы эгч Т.Саран Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр “Чингис хаан” нисэх буудлын дарга, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн дүү Төрийн банкны гүйцэтгэх захирал, УИХ-ын гишүүн Сү.Батболдын хамаатны хүргэн “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал болжээ. Үндсэнд нь гэр бүл тойрсон томилгоо гээд тодорхойлчихсон ч буруудахгүй л юм шиг. Цаашдаа ер нь юу ч сонсох юм.  Ер нь тэгээд мерит зарчим, өнгөрсөн хорвоо боллоо. Үндсэндээ төрийн боловсон хүчний бодлого завхарч гүйцлээ гэж хэлэхэд буруудахааргүй болов. Ур чадвар чухал биш ураг төрөл чухал болж хувирлаа. Одоо чухам энэ төрийн албанд хэн хяналт тавьж, хэн шаардлага тавьж, ажиллах юм ёстой бүү мэдээ.

Нэг хэсэг нь цүнх барьж гүйгээд төрийн албанд шургалж, нөгөө хэсэг нь гэр бүл, худ ураг, төрөл саднаараа дамжуулаад төрийн албыг эзлээд авлаа. Эзлээд авлаа ч биш бүр бүслээд авлаа гэвэл илүү үнэнд ойртох ч юм уу.

Уг нь Монголын ард түмний өнгөрсөн зургадугаар сарын 29-нд хийсэн сонголт бол сүйрч яваа эдийн засгаа аврах найдвар байсан юм. Мэргэжлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш хоёр сар боллоо, энэ хугацаанд эдийн засгийг сэргээх ямар алхам хийв ээ, эрх баригчид аа.

Өдөр ирэх тусам төгрөгийн ханш суларч, төсвийн алдагдал өсч байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын тайлбарласнаар энэ оны төсөв 2 их наяд төгрөгийн алдагдалтай байна, аймаар тоо биш гэж үү.

Ардчилсан намыг Засгийн эрхийг барьж байхад улсын төсвийн алдагдал 1 их наяд төгрөгт хүрэхэд сөрөг хүчиндээ толгойгоо хяргуулах шахам загнуулж суудаг байсан бол одоо бүр хоёр дахин өсч, 2 их наяд төгрөгт хүрчихээд байхад Засгийн газар нь шийдлээ ч олоогүй “Хөгжлийн зээл авах уу, “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах уу гээд сонголтоо хийж чадахгүй хэлэлцүүлэг өрнүүлсэн хэвээр л байна.

Шийдсэн, хийсэн ганц ажил Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээ л болж хувирч байх шиг. Энэ хүний хийсэн, бүтээснийг үгүйсгэх гэсэнгүй. Алдаа, оноо аль, аль нь бий л байх. Гэхдээ өнөөдрийн цаг үед юуг эхэлж хийх нь чухал байна вэ гэдгээ мэдэрч ажиллахгүй бол нийгэм хүлээсэн, цөхөрсөн, хэзээ мөдгүй тэсрэхэд бэлэн болж, тэсвэр алдаж байна.

Гэр хорооллынхон талхаа таллаж, ургамлын тосоо грамлаж авсан хэвээр байна. Бизнесийнхэн өр зээлэндээ баригдаж гүйцээд ажлын байраа хумьж эхэллээ. Олон, олон залуус ажлын байраа алдаж, аврал нь БНСУ болж хувирлаа. Монголдоо ажиллаж хөдөлмөрлөхөөр хилийн дээс алхан ирж байсан залуусын цуваа буцаад гадны орныг зорих боллоо. Олон, олон тавиул хүүхдүүд бий боллоо. Гэр бүл салалт нэмэгдлээ. Хулгай, дээрэм, гэр бүлийн хүчирхийлэл гаарлаа.

Эдийн засгийг сэргээх бодлогоо хэзээ хэрэгжүүлэх юм бэ, эрх баригчид аа. Судалсаар, хэлэлцүүлэг өрнүүлсээр суутал ард түмэн туйлдаж гүйцлээ.

Үндсэн ажилдаа яаралтай ороосой…

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж