Татварын ерөнхий хуульд нохойны албан татварыг нохойтой иргэдээс авна гэж заасан ч өнөөдрийг хүртэл төсвийн мөнгөнд нохойны татвар гэсэн нэг ч төгрөг суудаггүй аж. Гэр хорооллын нохой тэжээдэг өрхөөс ямар ч хураамж авдаггүй. Харин орон сууцад амьдардаг иргэд нохой тэжээдэг бол Сууц өмчлөгчдийн холбоо, орон сууцны конторууд нь 1000-5000 төгрөг хүртэлх мөнгийг нохойны хураамж болгон авдаг. Энэ мөнгийг улсын төсөвт өгдөггүй, тухайн СӨХ-д цэвэрлэгээ үйлчилгээний зардалдаа ашигладаг гэнэ. Иймээс нийслэлийн Захирагчийн ажлын алба одоогоос 14 жилийн өмнө батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой муур тэжээх, устгах журам”-ыг шинэчлэх төслийг боловсруулж, Татварын ерөнхий хуульд заасны дагуу нохойны албан татварыг нохой тэжээдэг иргэдээс авдаг байхаар тусгажээ. Журмын төсөлд одоогоор татварын хэмжээг нэгдсэн байдлаар тогтоогоогүй. Гэхдээ үргүйжүүлсэн нохойнд бага, үргүйжүүлээгүй нохойноос өндөр татвар авах хувилбарыг боловсруулсан байна.
2016 онд нохой устгалд зориулж 890 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргажээ. Энэ оны эхний есөн сарын байдлаар нийт 78500 нохойг буудаж устгасан. Он дуустал нэмж 20-30 мянган нохойг буудаж, устгах төлөвлөгөөтэй гэдгээ НЗАА-ны хэлтсийн мэргэжилтэн С.Аригуун онцоллоо. Сүүлийн жилүүдэд нохой устгахад зарцуулах мөнгийг нэмдэг ч, нохойг буудаж устгах арга нь үр дүнд хүрэхгүй байгаа гэнэ. Иймээс охин нохойн өндгөвч, савыг боох мэс ажилбарыг хийж, эзэнгүй нохой, муурыг устгадаг байхаар судалгааг нийслэлийнхэн хийж эхэлжээ. Эрдэнэт хот энэхүү нохой, муурын савыг боох мэс ажилбарыг хэрэгжүүлж, гудамжийн нохой, муураасаа салсан сайн жишээ бийг нийслэлийнхэн тодотголоо. Гэхдээ яг спэй буюу охин нохой, муурын өндгөвч, савыг боох мэс ажилбарыг хийнэ гэж эцэслэн шийдээгүй байна.
Багцаа тоогоор Улаанбаатар хотод 320 орчим мянган эзэнгүй муур, нохой бий. Жил бүр 70-90 мянгыг нь буудаж устган “Нарангийн энгэр”, “Цагаан даваа”-ны хогийн цэг дээр булж устгадаг аж. Гэхдээ устгасан нохой, муурын тоогоор эргээд үрждэг байна. Иймээс л иргэдийн өвдөх нэг шалтгаан болсон нохой, муурын устгалыг хийх шинэ арга хайж, судалгааны ажлаа эхлүүлжээ.
Зураглаач Н.БАТМӨНХ