Улаанбаатар дахь Пхеньян ресторан

Хуучирсан мэдээ: 2016.09.25-нд нийтлэгдсэн

Улаанбаатар дахь Пхеньян ресторан

Huffington Post-д гарсан “Улаанбаатар дахь Пхеньян ресторан” нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Миний нөхөр Хойд Солонгосын талаар мэдэхийг үргэлж хүсдэг, мөн “Хойд Солонгос дэлхий дээрх хамгийн өвөрмөц улс байх. Яг л Галапагосын арлууд шиг….” гэж зүйрлэн ярьдаг байв.

Харин миний хувьд надад маш хүйтэн, хатуу дэглэмтэй улс орноос төсөөлөгддөг байв. Энэ оронтой танилцах бол хязгаарлагдмал маршрут, маш хатуу дүрэм, журам бүхий зохион байгуулалттай аялалаар л нэвтрэх боломжтой. Харин үзэх зүйл нь гэвэл цөлжсөн гудамжин дахь хэдхэн барилга байгууламжыг л харуулна. Дараа нь таныг хотын төвд байрлах “Жуулчдын зочид буудал”-д байрлуулна. Миний хувьд аялна гэдэг бол өөр улсын ард иргэдтэй уулзах, тэдний соёлтой танилцах нь илүү чухал байдаг. Харамсалтай нь, Хойд Солонгост ингэж аялах нь хориотойгоор зогсохгүй баривчлагдаж, хөдөлмөрийн лагер луу цөлөгдөх нь энүүхэнд…

Өнөөдрийг хүртэл энэ улсын этгээд гэмээр “хаант” засаглал нь хэдэн арван жилийн турш ганцаардуулж, бусад улс орноос тусгаарлахад хүргэсэн. Нөхөр бид хоёр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод нууцлаг “Пхеньян ресторан” байдаг тухай олж мэдсэнээр, тэнд очиж үзэх хүсэл төрж, хэд хоносон нь ихэд сонирхлыг мннь татав.

Рестораны тухайд гэвэл зөвхөн Хойд Солонгосын хоолоор үйлчлээд зогсохгүй хамгийн сонирхолтой нь энэхүү рестораныг Хойд Солонгосын засгийн газар ажиллуулдаг аж.

Хойд Солонгос нь дипломат харилцаатай орон бүртээ “Пхеньян ресторан”-ыг ажиллуулдаг бололтой. Монголоос гадна, Тайланд, Камбож, Вьетнам, Индонез, Бангладеш, Непал-Балба, Малайз, мөн түүнлэн Хятадад дээрх рестораныг хэд хэдээр нь ажиллуулдаг аж.

Тус ресторан нь Хойд Солонгосын засгийн газрын хувьд мөнгө олох суваг нь болдог төдийгүй ханшийн дарамттай байдаг мөнгөн тэмдэгт вонд нь тодорхой хэмжээгээр нэмэр болдог байна. Зарим нь үүнийг Room39 нэрийн халхавч дор мөнгө угаахад зориулагдсан гэж ч хэлэх нь олонтаа. Ажилчдын хувьд дур булаам, Хойд Солонгостоо өндөр боловсрол эзэмшсэн эмэгтэйчүүд үндэсний хоолоор үйлчилж, дуу дуулж, бүжиглэдэг. Гэхдээ энэ ресторанд зураг дарах хориотой.

Бид энэ газрыг сонирхож үзлээ. Машины зогсоолгүй нарийхан харанхуй гудамжинд тодорхой бус нэртэй албан газрын 4 давхарт ресторан байрлажээ. Байшин луу нэвтрэн лифтээр зорчиход бүхэлдээ өөр дүр зураг буув. Их том гоёмсог,эрээн мяраан Хойд Солонгосын хөдөө нутгийг дүрсэлсэн уран зураг, загасан аквариум бүхий ресторан угтан авлаа. Үүд хэсэгт Ким Жон Уны хөрөг зураг өлгөөтэй байв. Хойд Солонгосын бэлэг дурсгалын зүйлсүүдийг ёстой л нэг хөөрөгдсөн үнээр зарж байлаа. Хойд Солонгосын тамагтай ном гэхэд 120 ам.доллар, Ким Жон Уны бичсэн роман 60 ам.долларын үнэтэй аж. Бид хамгийн хямд үнэтэйгээс нь сонголт хийн 2004 онд зохион байгуулагдсан Пхеньяны спортын үйл ажиллагааны дурсгалт эд болох энгэрийн тэмдгийг 5 ам.доллараар худалдаж авлаа.

Өндөр өсгийт өмссөн, маш цэвэрхэн хувцастай, үзэсгэлэнтэй Хойд Солонгосын зөөгч бүсгүй бидэнтэй мэндчиллээ. Тэрбээр 500 хоолны жагсаалтыг багтаасан маш зузаан цэсийг авчирлаа.

Бид Хойд Солонгосын алдарт хоол болох нохойны шөлийг цэсэн дээрээс хайсан боловч байсангүй. Хорин минут хоолны цэсийг эргүүлсний эцэст Пхеньяны хүйтэн гоймонтой шөл болон тахианы мах, кимчитэй хуурга, зэрлэг мөөгтэй хоолыг сонгов.

Хоол амттай байлаа. Биднийг хоолоо идэж дуусмагц буюу оройны 21 цаг орчимд шоу эхэллээ. Гэнэт гэрэл бүдгэрч зөөгч бүсгүйчүүд Хойд Солонгосын үндэсний хувцастай гарч ирэн үндэсний дуугаа дуулж, бүжиглэж эхлэв.

Нэг хэвийн хэдэн дуунууд үргэлжилсний эцэст зөөгч бүсгүйчүүд тайзан дээр гарч ирэн хөгжим тоглож эхлэв. Үзүүлбэрийг тус ресторанд төөрсөн бололтой жуулчдын групп хэсэгхэн хугацаанд саатуулж, гитар тоглож буй бүсгүйн хажууд очоод суучихлаа.Тэр даруйд бүсгүй суудлаасаа гялс өндийн тайзан дээр гарав.

Ингээд тэдний тоглолт өндөрлөв. Тэд маш сайн үзүүлбэр үзүүлсэн юм.

Биднийг явахад хэдэн зөөгч бүсгүйчүүд лифт хүртэл гаргаж өгөв. Тэдний нэг нь биднийг Оросууд уу гэж асуув. Учир нь Монгол дахь ихэнхи Кавказууд Оросоос ирсэн байдаг аж.

Би:Үгүйдээ бид U.S-ээс ирсэн хэмээн би тайлбарлав.

Зөөгч : Ойлгосонгүй царай гаргав

Америкаас ирсэн хэмээн миний нөхөр хэлэхэд

Аан за за! Хэмээн гайхсан царайгаа инээмсэглэлээр дарав

Бид үнэхээр сайхан хооллоо. Бид та нартай зургаа даруулж болох уу? гэж асуухад

“Үгүй, үгүй уучлаарай бид ажилтай байна ”хэмээн нэг дуугаар хэлж зөвшөөрсөнгүй.

Зочид буудал руугаа буцахдаа бид хоорондоо юм ярьсангүй. Хоёулаа харсан зүйлдээ бодолд автсан байлаа.

Бид тус ресторанд үзвэр, адал явдал, үзүүлбэр үзэх зорилготой ирсэн юм. Хулгайгаар зураг авах боломжоо ашиглан хориотой хотын хөшигний ар дахь зураглалыг илрүүлэхийн оронд дарангуйллыг инээмсэглэлээр халхавчилсан дүр зурагтай буцав.

Пхеньян ресторанаас зарим зөөгчид нь ажлын байрнаасаа оргон зайлсан нэг бус удаагийн тохиолдол гарч байжээ. Ийм учраас бие бялдар сайтай хамгаалагчдыг тайзны ард байнга мануулдаг.

Улаанбаатар хот бол нээлттэй хот хэдий ч “Пхеньян ресторан” өөрийн хатуу дэглэм имижээ алдалгүй хадгалсаар л байна.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: HUFFINGTON POST

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж