Намрыг “Намар”-аас мэдэрнэ

Хуучирсан мэдээ: 2016.09.28-нд нийтлэгдсэн

Намрыг “Намар”-аас мэдэрнэ

Монголын Урчуудын эвлэлээс гишүүн уран бүтээлчдийнхээ дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Намар” үзэсгэлэн өчигдөр буюу энэ сарын 27-нд үүдээ нээлээ.

Тав хоногийн турш үргэлжлэх энэ удаагийн үзэсгэлэнд нийт 80 гаруй уран бүтээлчийн 84 бүтээл дэлгэгдсэн байна. “Говь”, “Нутаг мину”, “Хар эрвээхий”, “Бодрол”, “Намар” зэрэг олон сэдвийг уран зураг, уран баримал, керамик, монгол зураг, инстоляцийн урлагаар илэрхийлжээ.

Энэхүү үзэсгэлэнд Монголын урчуудын эвлэлийн гишүүн гурван үеийн уран бүтээлчид оролцож, өөрсдийн бүтээлээ сонирхуулсан байв. Үүнд монголын нэрт зураачид болох Д.Пүрэв, З.Уянга, Д.Булгантуяа, Ц.Эрдэнэцог, Н.Оросоо болон залуу уран бүтээлч Б.Номин, Ц.Баттөр, Д.Отгонтөгс нарын бүтээлүүдийг онцолж болно.

Үзэсгэлэнг зохион байгуулж буй Монголын урчуудын эвлэлийн хорооны дарга Д.Төмөрбаатар “Манай Урчуудын эвлэлийн хороо байгуулагдсан цагаас хойш энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж ирсэн. Тиймээс “Намар” үзэсгэлэн маань уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг үзэсгэлэнгүүдийн нэг болжээ. Дүрслэх урлагийн бүхий л чиглэлийн ажлууд энд дэлгэгдсэн байгаа. Зарим жил 100 гаруй уран бүтээлчид оролцдог. Харин энэ жил харьцангуй бага зураачид оролцлоо. Манай хорооноос зуны улиралд “Монголын сайхан орон”, хаврын улиралд чөлөөт уран бүтээлчдэдээ зориулан “Хавар” үзэсгэлэнг гаргадаг бол намрын улиралд гишүүн уран бүтээлчиддээ зориулан “Намар” хэмээх үзэсгэлэнг гаргадаг юм” хэмээн танилцууллаа.

Мөн залуу уран бүтээлчдийн төлөөлөл болох Ц.Түвшинжаргал “Намар” үзэсгэлэнд хоёр дахь жилдээ оролцож байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд өөрийн “Бага үд” хэмээх бүтээлээрээ оролцжээ. Тэрээр “Миний энэ бүтээлийн санаа нь хүн бүрийн сэтгэлд хадгалагдан үлдсэн дурсамжаас үүдэлтэй. Бага үдэд монгол гэрийн тооноор өглөөний хурц нар нүд гялбана тусдаг шүү дээ. Харин тэрхүү нарны туяа нь нүүдэлчин бидний авдар дээр ихэвчлэн тусдаг. Үүнийг л өөрийн “Бага үд” бүтээлээрээ дүрслэн харуулсан” тухайгаа хуваалцсан юм.

Үзэсгэлэнд дэлгэгдсэн 80 гаруй уран бүтээлийн дундаас зураач Д.Отгонбаярын “Тэнгэрийн ирвэс” хэмээх бүтээл олны анхаарал татаж байлаа. Тэрээр уг бүтээлийнхээ талаар тайлбарлахдаа “Би энэ удаагийн үзэсгэлэнд дөрөв дэх удаагаа оролцож байна. Үзэсгэлэнд өөрийн “Тэнгэрийн ирвэс” хэмээх шонхор шувууны талаарх судалгааны бүтээлээ дэлгэлээ. Миний бие шонхор шувууг хоёр дахь жилдээ судалж байгаа юм. Сүүлийн жилүүдэд шонхор шувууг ихээр нь хил гаргах болсон. Энэ бүтээлээ керамикийн гар хийцийн пильтагаар өөрөө хийсэн. Пильтан дээр керамикийн зориулалтын будгаар зурснаараа онцлог. Ерөнхийдөө энэ бүтээл нь график уран бүтээл ч юм шиг харагдана. Бүтээлээ шинэлэг байдлаар харуулахыг зорьсон юм” гэв.

А.СҮРЭН

Б.Мягмарлхамын

Зураач Э.Түмэнжаргал

Н.Бавуужавын хар модон сийлбэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж