Эдийн засгийг тэлсэн үү, хямраасан уу?

Хуучирсан мэдээ: 2016.09.28-нд нийтлэгдсэн

Эдийн засгийг тэлсэн үү, хямраасан уу?

Эдийн засаг хямралын шалтгааныг эрх баригчид “Өнгөрсөн дөрвөн жилд Засгийн эрхийг барьсан Ардчилсан намын бодлогын алдаа” гэж оношилж байгаа бол сөрөг хүчний байр суурьт шилжээд байгаа Ардчилсан намын гишүүд “Дэлхий дахинд түүхий эдийн үнэ унасан нь хүндрэл дагуулсан. Хэдий нөхцөл байдал амаргүй байсан ч Ардчилсан нам эдийн засгийг агшаах бус тэлэх бодлого хэрэгжүүлж, иргэн бүрт очих өгөөжийг нэмэгдүүлсэн. МАН асуудлыг улс төрийн өнцгөөр харж байна” гэх эсрэг тайлбар хийх болсон билээ.

Энэ долоо хоногийн “VS” буландаа дээрх асуудлыг онцолж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн асан М.Зоригтын байр суурийг хүргэж байна.

Ж.Мөнхбат: Монгол Улсын төсвийн алдагдал дээд цэгтээ хүрчихсэн тийм төсөв санхүүг Засгийн газар хүлээж авсан. Өмнөх УИХ 2016 онд өрийн таазыг ДНБ-ийн 58,3 хувь байхаар хуульд тусгасан ч ДНБ-ий 80 хувиас давсан байсан. Хуулиар хүлээн зөвшөөрсөн хэмжээнээс 40 орчим хувиар хэтэрсэн гэсэн үг.

Арай дэндүү гэмээр нөхцөл байдал өнгөрсөн дөрвөн жилд явж ирсэн. Бид Зимбаби улсыг хамгийн муу, муухайн жишээ болгож ярьдаг. Үндэсний мөнгөн тэмдэгтээ шуудайнд хийж, дэлгүүр ороод, нэг ширхэг талх авдаг. Үндэсний мөнгөн тэмдэгт нь тэр хэрээр үнэгүйдэж, унасан гэж ярьдаг байсан. Гэтэл сая УИХ- д 2016 оны төсвийн тодотгол орж ирэхэд Монгол Улсын төсвийн алдагдал 4,4 их наяд төгрөгт хүрсэн байсан. Үндсэндээ хоёр тэрбум орчим ам.доллар. Зимбаби улсын төсвийн алдагдал нэг тэрбум ам.доллар байдаг. Монгол Улсын төсвийн алдагдал хоёр тэрбум ам.долларт хүрсэн байсан. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр сахилга бат гэдэг зүйл өнгөрсөн дөрвөн жилд шалан дээр унасан, эдийн засгаа сүйрүүлсэн байсан. Тиймээс л эдийн засгийг дахин сэргээхээр ажиллаж байна.

Эх сурвалж: News.mn 2016. 09.23


М.Зоригт: Өнгөрсөн дөрвөн жилд Ардчилсан нам Монгол Улсын эдийн засгийг тэлж өгсөн. Эдийн засгийг хэд дахин томсгож болдог юм байна, үүнээс иргэн бүрт очих өгөөж нь нэмэгдэж болдог юм байна гэдгийг хүн бүхэн мэдэрсэн. Түүхэнд байгаагүй эдийн засгийн үзүүлэлт гарсан. Жишээлбэл, төгрөгийн үнэгүйдэл нэг оронтой тоо руу орж ирсэн. Ийм байгаагүй шүү дээ. Орон нутгаас “Тавантолгойн хувьцаанаас оюутан, ахмадууд авсан, бидэнд юм хүртээсэнгүй” гэдэг санал их ирж, хувьцааныхаа үр шимийг хүртэхийг хүссэн учраас Засгийн газар шийдвэрээ гаргасан. Эх үүсвэр нь байж л байсан. Монгол Улсад тэр байтугай боломж бий. Өнгөрсөн дөрвөн жилд Засгийн газар зээл авахгүйгээр иргэд хамгийн бага хүүтэй зээл авах бололцоог нээсэн.

Монгол Улсын төсвөөс санхүүжүүлээд иргэдээ орон сууцтай болгохоос гадна олон улсын зах зээлээс бага хүүтэй зээл авч, иргэддээ зээлж, орон сууц худалдаж авах боломжийг олгосон. Үүнийг цааш явуулах ёстой. Харин МАН ын Засгийн газрын ярьж байгаа бүхэн мэргэжлийн гэхээсээ илүү улс төрийн өнцгөөс ярьж байгаа. Улс төрийн өнцгөөс хийсэн мэдэгдэл нь долларын ханшийг хэд болгов.

Эх сурвалж: Itoim.mn 2016. 09.26

Бэлтгэсэн Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж