Өнөөдрийн байдлаар ам.долларын ханш 2280 төгрөгт хүрээд байна. Валютын ханшийг хэрхэн зохицуулах талаар Төвбанкнаас тодруулахад “Долоо, наймдугаар сард төгрөгийн ханш огцом унасан. Тухайн үед 154 орны валютыг харьцуулахад төгрөгийн ханш хамгийн их уналттай байсан. Тийм учраас бодлогын хүүг нэмэгдүүлсэн юм. Монголбанкны гол зорилго бол валютын ханшийг тогтоох асуудал биш. Валютын ханш нэмэгдэж байгаа нь гаднаас орж ирэх валютын урсгал саарч байгаатай холбоотой. Тиймээс валютын ханшийн зохицуулалтад Монголбанк оролцохгүй” гэсэн хариултыг Монголбанкны эдийн засагч Б.Түмэнцэнгэл өгсөн. Харин эдийн засагчид ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
Эдийн засагч С.Дэмбэрэл: -Төгрөг бол хоёр үнэт цэнэтэй. Эхний үнэ цэнэ нь дотоод зах зээлийн инфляцаар илэрхийлэгддэг. Нөгөө үнэ цэнэ нь гадаад зах зээлийн үнэ буюу валютын ханшаар илэрхийлэгддэг. Гэтэл одоогийн байдлаар төгрөгийн эсрэг долларын ханш чангарч байна. Ийм үед Монголбанк интервэнц хийх замаар валютын ханшийг тогтворжуулах үүрэгтэй ч долларын нөөцөөс хамаараад энэ арга нь төдийлөн үр дүнтэй хэрэгжиж чадахгүй байж мэдэх юм. Тиймээс Монголбанк, Засгийн газар нийлж валютын ханшийн эсрэг бодлого хэрэгжүүлж болно. Тухайлбал Бодлогын хүүг бууруулах, эдийн засгийг идэвхжүүлэх, өрхийн хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд хамтарч ажиллах гэх мэт.
Санхүү эдийн засгийн их сургуулийн багш Б.Мөнхзаяа: -Долларын ханш гэдэг нь үнэ юм. Үнэ бол эрэлт нийлүүлэлтээр зохицуулагдана. Долларын ханшийг барихын тулд Төвбанк интервэнц хийдэг. Гэтэл өнөөдрийн байдлаар Төвбанкны валютын нөөц хомсдож байна. Өнгөрсөн хугацаанд богино хугацаатай интервэнц олон давтамжтай хийснээс болж Монголбанкны валютын нөөц дөрөв дахин багасчихаад байна. Цаашид интервэнц хийсээр байвал Монголбанк валютын нөөцгүй болж, долларын ханш улам чангарах аюултай. Иймээс долларын ханшийг барихын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь долларын эрэлтийг бууруулах явдал юм. Өөрөөр хэлбэл валютын хадгаламжийн хүүг тэглэх, эсвэл бууруулж болно. Яагаад ингэж зөвлөж байна вэ гэвэл валютын ханшийн хэлбэлзлээс шалтгаалж иргэд төгрөгийн хадгаламжаа валютаар сольж, зохиомол хомсдол үүсгэх хандлагатай байна. Иймд валютын хадгаламжийн хүүг бууруулж болох юм. Харин урт хугацааны бодлогод экспортыг нэмэгдүүлэх, гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтаа сайжруулж байж долларын ханш аажимдаа тогтворжино.