Израилийн ерөнхийлөгч асан, Ноблийн шагналт Шимон Перес 93 насандаа таалал төгслөө.
Хоёр долоо хоногийн өмнөөс түүний тархины цусан хангамж муудсан байна. Эмчилгээ хийлгэн биеийн байдал нь харьцангуй сайжирсан ч өнгөрөгч Мягмар гаригт /2016.09.27/ гэнэт муудан таалал төгсжээ.
Перес нь 1948 он буюу Израиль улс байгуулагдсанаас хойших тус улсын улс төрийн залгамж халаа болсон хүн байв. Тэрбээр тус улсын ерөнхий сайдаар хоёр удаа, ерөнхийлөгчөөр нэг удаа 2009-2014 оны хооронд сонгогдон ажилласан.
Шимон Перес нь Хагана буюу Еврейчүүдийн хагас цэрэгжүүлсэн байгууллагаас өөрийн улс төрийн карьераа эхлүүлж байсан бөгөөд Израилийн батлан хамгаалахын үндэс, угсаа болсон хүн юм. Тэрээр шинэхэн байгуулагдсан Израиль үндэстнүүдийг төлөөлөн Франц улстай гэрээ хийн Мираж байлдааны онгоцнуудыг Израильд нийлүүлэхийн сацуу тус улсад нууц цөмийн зэвсгийн үйлдвэрийг байгуулж байсан аж.
1993 оны Палестин болон Израилийн энх тайвны хэлэлцээр болох “Ослогийн хэлэлцээр”-т түүний гүйцэтгэсэн үүргийг онцлон Нобелийн шагналыг хүртээж байжээ. Тэрээр удаан хугацааны турш хурцатмал харилцаатай байсан Палестин болон Израйл улсыг “хамгийн ойр дотны хөршүүд” хэмээн нэгэнтээ хэлж байсан удаатай.
Шимон Перес нь өнөөдрийн хүртэл Израйль, Палестины харилцааг ойртуулах зорилготой байгуулсан "Пересийн энх тайвны төв" хэмээх төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог нэгэн байжээ.
Г.АНУДАРЬ