SOS: Хүчирхийлэлтэй эвлэрсээр байна уу?

Хуучирсан мэдээ: 2016.09.28-нд нийтлэгдсэн

SOS: Хүчирхийлэлтэй эвлэрсээр байна уу?

“Хоёр жилийн тэнсэн харгалзах ялтай 18 настай залуу бусдын захилгаар долоохон настай хүүг хөнөөсөн”, “Нөхөртөө зодуулж, тархиндаа хүнд гэмтэл авсан таван сартай эмэгтэй гэмтлээ даалгүй нас барсан” гэх хар бараан мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга шахам цацагдах, үүнд нь ч монголчууд хэдийнэ дасал болчихож. Нөхөртөө зодуулж, дэлүү нь хагарсан эмэгтэй эмнэлгийн тусламж авч чадалгүй амьсгал хураасан бол өөр нэг эмэгтэй мөн л гэр бүлийн хүчирхийллээс амиа алдсан гээд тоочвол сэтгэл өвдөж, зүрх шимширмээр баримт дэндүү олон. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс мэдээлснээр, 2016 оны эхний есөн сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас 10 хүн нас барсан байна. Харин сүүлийн гурван жилд 26, 2010 оноос хойш нийт 95 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, амиа алдсан гэх статистик судалгаа гарчээ. Талийгаачдын ихэнх нь хуулийнхан болон энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагуудад удаа дараа хандсан ч хамгаалалт авч чадаагүйг энд дурдах нь зөв биз.

Нэг настай охиныг хойд аав нь хүчиндэж, архи уудаг нөхөр нь эхнэр, хүүхдээ байнга дарамтлан зоддог. Аав, ээжийнхээ хэрүүлээс залхаж, архи уусан ааваасаа айн гэртээ ордоггүй гудамжид хоног төөрүүлж яваа хүү, архичин хүүгээсээ эмээсэн 85 настай харааны бэрхшээлтэй эмээ өдөржин хашааныхаа үүдэнд идэх хоолгүй суудаг гээд дурдвал 2016 оны эхний найман сард нийт гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 935 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэ тоог өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулахад 222 гэмт хэргээр нэмэгдсэн байна.

Хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах байрны хүрэлцээ Монголд хангалтгүй байна. Нийслэлд үйл ажиллагаагаа явуулж цөөн нь санхүүжилтгүйн улмаас хохирогчдыг хооллох хоол ч үгүй байдаг аж. Жишээлбэл, ГССҮТ-ийн дэргэдэх 10 орчим метр квадрат талбай бүхий гурван ортой хохирогчийг хамгаалах нэг цэгийн үйлчилгээ байдаг. Тус төв нь хамгаалалт хүссэн иргэддээ өвчтөнүүдийн хоолоос илүүчлэн өгч байна. Мөн энэ төв нөхөртөө зодуулж, аавдаа тамлуулсан ээж, хүүг 72 цагийн турш л байрлуулж, хамгаалах боломжтой. Гурван ортой ч тус цэгт нэг хоногт хүчирхийллээс зугтаж, айж ирсэн эх, хүүхдийн тоо шөнөдөө 10 гардаг тохиолдол байдаг аж. Энэ бүхнээс гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг жил ирэх тусам нэмэгдэж буйг харж болно. Гэхдээ монголчууд бид гэмт хэрэг гарч, хэн нэгэн хүчирхийлэлд өртөн амиа алдсаны дараа л ярихаас цаашгүй. Бодлого боловсруулж, баталдаг УИХ, Засгийн газрын гишүүд ч хүчирхийлэлд өртөгч хүүхэд, хөгшид, эмэгтэйг хамгаалах аргаа боловсронгуй болгоё, гэмт хэрэг үйлдсэн хүчирхийллийг шийтгэе хэмээн хэлэхээс биш ажил хэрэг болгох нь ховор.

Цагдаагийн ерөнхий газарт сүүлийн гурван жилд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 3000 орчим гэмт хэрэг бүргэгджээ. Цаана нь хуулийн байгууллагад бүртгэгдээгүй, бидэнд сонсогдохгүйгээр эрүүл мэнд, амь нас, сэтгэл санаагаараа хохирсон хэчнээн хүн байгаа бол. Энэ л Монголын өнөөдрийн нийгэмд SOS болоод байна шүү дээ.


Үргэлжлэл бий…

Бид эргэн сэтгэл сэрд хийлгэсэн, хүний ойн тоонд ч багтамгүй гэмт хэрэг, хүчирхийлэл яагаад ийм олноор гарах болов? Гэр бүлийн хүчирхийллийн цаана юу нуугдаж байна вэ гэдгийг цувралаар сурвалжлан хүргэх болно.

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж