Ээлжит чуулганы ухралт: Эрүүгийн хуулийн шинэчлэл

Хуучирсан мэдээ: 2016.09.28-нд нийтлэгдсэн

Ээлжит чуулганы ухралт: Эрүүгийн хуулийн шинэчлэл

МАН төрийн эрхэнд гараад ээлжит бус чуулган зарлан хуралдуулахдаа Эрүүгийн хуулийн шинэчлэлийн хүрээнд хийсэн багц хуулийн төслийн хэрэгжилтийг хойшлуулсан шалтгаан одоо тодорхой болов. Хэдийгээр Хууль зүйн сайд “бэлтгэл ажлыг хангаагүй учраас хойшлуулах нь зүйтэй” гэж байсан ч үүний цаана энэ хуулийг хэрэгжүүлэлгүй “нугаслах” бодлого нуугдаж байжээ. УИХ-ын даргын батлан гаргасан УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтаар энэ бүхэн тодорхой болов. Хэлэлцэх асуудлын жагсаалтад, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Прокурорын байгууллагын тухай хуулийн төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл, Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл багтжээ.

Хуулийн хэрэгжилтийг хойшлуулах тухай УИХ-ын 26 дугаар тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн Д.Осороо, Н.Ариунболд нар Цэцэд хандаад буй ч МАН өөрийн хувилбараар өөрчлөх нь тодорхой болов. Өөрөөр хэлбэл, Цэцийн шийдвэр хэрхэн гарахаас хамаараад асуудлыг өөрсдийнхөөрөө шийдэх нь. Цэц Н.Ариунболд нарын маргааныг хүлээж авах эсэхийг нягтлахыг Д.Сугарт хуваарилжээ. Өөрөөр хэлбэл, МАН-ын талд асуудлыг шийдвэрлэхээр болж байна гэсэн үг. Наанаа намаас татгалзсан гэж байгаа ч Д.Сугарт МАН-ын гэх тэмээнээс том тэмдэг бий нь хэнд ч ойлгомжтой.

Хуулиа барьж, ёсчлоогүй гээд буй Хууль зүйн сайдын санаачлагаар парламент өөрсдөө хачин жишиг тогтоов. Хуулийг УИХ-ын тогтоолоор буцаачихлаа. “Буцаах” тухай ойлголт Үндсэн хуулийн эрхзүйд байхгүй бөгөөд хуулийг “буцаах” онцгой бүрэн эрхийг Үндсэн хуулиар болон бусад хуулиар ч тэр УИХ-д олгоогүй. Энэ нь ч хуулиудыг буцаах тухай УИХ-ын 26-р тогтоолын үндэслэх хэсгээс тодорхой харагддаг. УИХ нь хуулийг “буцаасан” шийдвэр гаргахдаа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43.1 дэх хэсгийг үндэслэсэн байх бөгөөд уг заалт нь эрх олгосон заалт биш бөгөөд харин УИХ-ын бусад шийдвэр тогтоол хэлбэртэй байхыг заасан л заалт юм” гэж хуульч Н.Ариунболд хэлж байна.

Түүний хэлж байгаар “Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан УИХ-ын үйл ажиллагааны журмыг тогтоосон хуулиар “хууль”-ийг бус хуулийн төслийг буцааж болохоор заасан байдаг. Хуулийн төслийг хууль санаачлагчийн саналаар болон хууль тогтоогч хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн, түүнчлэн УИХ-ын чуулганы хуралдаанд олонхын санал авч чадаагүй бол буцаах тухай УИХ-ын шийдвэр гарсан тооцогддог” аж.

Хуулийг хуулиар хүчингүй болгож, хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг өөрчлөх байдлаар үйлчлэлийг нь зогсоох, хойшлуулах боломжтой. Харин тогтоолоор биш.

Гэтэл МАН тогтоолоор үйлчлэх хугацааг нь хойшлуулж, хууль зөрчин цаг хожоод эргээд хуулийн дагуу төсөл боловсруулаад ээлжит чуулганаар хэлэлцэх төлөвлөгөө хийжээ.

Ингэснээр Ц.Нямдоржийн шоронжсон хуулиас ангижрах боломжгүй болж байх шиг. Хуулийн төслийг хэн, хэрхэн боловсруулсан нь одоогоор тодорхойгүй байна.

Ганц тодорхой зүйл гэвэл дээрх таван хуулийг хэрэгжүүлэхгүй гэдэг нь тодорхой боллоо.

Тиймээс энэ хуулийн хэрэгжилтээр ялаа хөнгөлүүлж, шоронд орохоос мултарна гэж найдаж байсан иргэд горьдолтгүй боллоо.

Ганц найдвар нь, МАН дээрх таван багц хуулийг өөрсдийн нэр дээр болгож, хуулийн шинэчлэлийг өөрсдийн автор болгох гэж байна гэх горьдлого үлдлээ.

Цэц дээр УИХ-ын тогтоол хэрхэхээс илүүтэй МАН хэнээр хуулийн төсөл боловсруулуулж, хэрхэн бодлого бариснаар асуудал шийдэгдэнэ. Аль ч тохиолдолд ч Эрүүгийн хуулийн шинэчлэлээс МАН ухарч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж