Н.Батбаяр, Н.Мөнхбат нарын хэргийг АТГ нэгтгэжээ

Хуучирсан мэдээ: 2016.09.27-нд нийтлэгдсэн

Н.Батбаяр, Н.Мөнхбат нарын хэргийг АТГ нэгтгэжээ

Авлигатай тэмцэх газар /АТГ/ УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нарыг албан тушаалаа ашиглаж, төсвийн мөнгийг үрэгдүүлсэн хэрэгт буруутгаж, эрүүгийн хэргийг нь нэгтгэсэнийг эх сурвалж мэдээллээ.

“Чингис”, “Самурай” гээд гадаад зах зээлээс босгосон бондын мөнгөний олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр сайд асан Н.Батбаярыг энэ сарын 15-ны өдрөөс АТГ шалгаж эхэлсэн юм. Улмаар энэ сарын 21-ний өдөр Н.Батбаярт эрүүгийн хэрэг үүсгэжээ. Харин Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг зарим албан хаагчдынх нь хамт сайд асан Н.Батбаярыг шалгахаас өмнө АТГ сэжигтнээр татаж, гадуур байцааж байсан юм. Н.Батбаяр, Н.Мөнхбат нарыг хэрэгт сэжиглэх зүйл анги нь өөр ч, буруутгасан хэргийн эх үүсвэр нь нэг гэж АТГ үзсэнийг эх сурвалж онцолсон. АТГ-ын албан ёсны сайтад мэдээлснээр тус байгууллага одоогоор гурван хэргийг эрүүгийн хэрэгт нэгтгэж, 38 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж буй аж. Мөн Мэргэжлийн Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдаж, Хөгжлийн банкинд аудитын шалгалт хийж эхэлсэн байна.  

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн байцаагчид Н.Батбаярыг “Гудамж” тэргүүтэй олон төслийг “Чингис”, “Самурай” бондын хөрөнгөөс санхүүжүүлсэн гэх боловч үнэн хэрэгтээ зээл авахыг хүссэн иргэдийн хүсэлтийг шийдвэрлэлгүй буцааж байсан, тэгсэн атлаа шаардлага хангаагүй, хөрөнгө оруулах албагүй олон төслийг гадаад зах зээлээс босгосон хөрөнгөөр санхүүжүүлэхэд шууд бус ч гэлээ оролцсон гэж үзжээ. Ингээд түүнийг Эрүүгийн хуулийн 263.2 “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулсан”, 264.2 “Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн”, 150.3 “Онц их хэмжээний хөрөнгө завшиж үрэгдүүлсэн” гэх үндэслэлээр сэжигтнээр тооцон, гадуур байцааж буй юм.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж