“Торгоны зам гэдэг үг брэнд болоод байгаа”

Хуучирсан мэдээ: 2016.09.27-нд нийтлэгдсэн

“Торгоны зам гэдэг үг брэнд болоод байгаа”

Дэлхийн аялал жуулчлалын өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдөртэй холбогдуулж ”Торгоны зам ба нүүдлийн аялал жуулчлал” сэдэвт онол практикийн бага хурал өнөөдөр /2016.09.27/ боллоо. Хуралд Байгаль орчин аялал жуулчлалын яам /БОАЖЯ/, Монгол Улсын их сургууль /МУИС/, Монголын аялал жуулчлалын холбооны /МАЖХ/ төлөөлөл оролцсон юм.

Ирэх аравдугаар сард “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт  Торгоны замын олон улсын бага хурал Улаанбаатар хотод болно. Үүнийг угтаж хийж байгаа арга хэмжээний нэг нь өнөөдрийн ”Торгоны зам ба нүүдлийн аялал жуулчлал” сэдэвт бага хурал аж.


Өнөөдрийн хурлын гол сэдэв болох Торгоны замыг ашиглах жуулчдыг татах сэдвээр БОАЖ-ын сайдын зөвлөх Д.Гансүхээс зарим зүйлийг тодрууллаа.

-Торгоны замыг ашиглаж нүүдлийн аялал жуулчлалыг бий болгохын тулд юу хийх шаардлагатай вэ?  

-Торгоны зам гэдэг нэр аялал жуулчлалын салбарт брэнд болоод байгаа. Торгоны замыг дагаад Ази, Европын 30,40 орныг нэгтгэсэн энх тайван, ард түмний харилцан ойлголцол, соёл ахуй зан заншил, тогтвортой хөгжлийг хөгжүүлэх асуудал яригддаг. Өөрөөр хэлбэл, Торгоны зам бол Ази, Европын 40 орчим орны харилцааны томоохон гүүр юм. Монгол Улсын түүх бол Торгоны замтай салшгүй холбоотой. Хамгийн оргил үе нь 13-14-р зуун  буюу эзэнт гүрний түүхтэй холбоотой байдаг. Торгоны замын маршрут Монголын эртний нийслэл Хархорум хотоор дайран өнгөрдөг байсан. Энэ утгаар Хархорин, Орхоны хөндий бол Монголын аялал жуулчлалын топ газрын нэг. Тиймээс цаашид дэлхийн аялал жуулчлалын салбарт өрсөлдөхүйц аяллын маршрут зохиож, Хархорин хотод төвлөрсөн Торгоны замын аяллын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа юм.

-Торгоны замыг ашиглаж аялал жуулчлал нэмэгдүүлснээр жуулчдын урсгал хэдий хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг вэ?  

-Судалгаанаас үзэхэд 10 жуулчин тутмын найм нь Торгоны замын тухай мэддэг. Үүгээр аялахын хүсдэг гэсэн хариулт өгсөн байдаг. Тиймээс Хятадтай зэрэгцэн оршиж байгаа Монгол Улсаар Торгоны замын аялагчид дайран өнгөрөх бололцоотой. Бид брэнд нэрийг ашиглаад шинэ бүтээгдэхүүн бий болгоод Хятад, Оросын аяллын компаниудтай хамтран ажиллаж чадах юм бол одоо авч байгаа жуулчдын тоог гурав, дөрөв дахин нэмэгдүүлэх боломжтой. Одоо бол 400 мянга орчим жуулчин хүлээж авдаг.

-Торгоны замыг ашиглаж жуулчдыг татахын тулд нөгөө л нэг үзвэр үйлчилгээ, жуулчдын сонирхлыг татах өвөрмөц зүйлс шүүмжлэл дагуулна шүү дээ.

-Бид сүүлийн хоёр, гурван жил жуулчдад юу үзүүлэх вэ, жуулчдыг татахын тулд авах арга хэмжээний талаар судалгаа хийж байна. Хоёрдугаарт, энэ асуудлыг их бүрэн шийдэхийн тулд аравдугаар сард олон улсын бага хурал зохион байгуулах гэж байна. Тэрхүү олон улсын хуралд дэлхийн 35 орны аялал жуулчлалын компанийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачид хүрэлцэн ирнэ. Тэдний практикаас судалж, Торгоны замыг ашиглан Монголд аялал жуулчлал хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах юм.


БОАЖ-ын сайдын зөвлөх Д.Гансүхийн ярьсанчлан Монгол Улс Торгоны замыг ашиглан жуулчдыг татах төлөвлөгөө боловсруулж байгаа аж.

Энэ арга хэмжээний үеэр Бутан, Танзани, Мальдив улсууд аялал жуулчлалын менежмэнтийг сайн хийж чадсан хэмээн Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш н.Жаргалмаа илтгэлдээ дурдсан юм. Эдгээр гурван улсын онцлог болоод жуулчдыг татсан сонирхолтой баримтаас жишээ татан хүргэж байна.

Бутан улсын хувьд:

-Бутаны нэр хүндийг хамгийн өндөрт өргөсөн зүйл бол байгалийн нөөц, соёлын өвийг хэвээр хадгалан үлдэхэд онцгой анхаарч, орчин үеийн хөгжил дэвшилд болгоомжтой хандсан явдал юм. Өндөр үнэ тарифын бодлого барьсан нь олон улсын аялал жуулчлалд онцгой өвөрмөц туршлага болжээ. Өөрийн орондоо аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ байгууллагын хөгжил, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетингийн стратеги, хүний нөөцийн хөгжил гэх мэт салбарт анхаарал хандуулсан байна.

Танзани улсын хувьд:

-Аялал жуулчлалын оролцогч талууд болон орон нутгийн хооронд бүтээлч түншлэлийг бий болгож чадсан орнуудын нэг нь Танзани юм. Орон нутгийн удирдлагууд жижиг дэн буудлын эзэдтэй зөв харилцаа тогтоож чадсанаар тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх эхлэл бий болжээ. Мөн орон нутгийн хөгжилд санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлтэйгээр зочид буудал барих, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон нь оновчтой алхам болсон байна.

Мальдив улсын хувьд:

-Мальдивын Засгийн газар гурван удаа аялал жуулчлалын мастер төлөвлөгөө боловсруулж ажиллажээ. Эдгээр төлөвлөгөөнөөс хамгийн оновчтой болсон зургаан алхам нь:

  • Бүс нутгийн хөгжлийн тэнцвэрийг хадгалах

  • Тухайн салбарт ажиллаж буй хувийн компаниудад хөнгөлөлт дэмжлэг үзүүлэх

  • Сургалт судалгааны байгууллагуудыг хөгжүүлэх

  • Ажиллах хүч, хүний нөөцийг хөгжүүлэх, мэргэшүүлэх

  • Байгаль орчин ба аялал жуулчлалын зохицлыг хангах

  • Аялал жуулчлалын салбарын маркетинг идэвхжүүлэлтийг эрчимжүүлэх гэсэн зургаан асуудал багтсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж