Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг сонгох шалгаруулалт яг одоо Төрийн албаны зөвлөлийн байранд болж байна.
Засгийн газраас ирүүлсэн саналын дагуу Төрийн албаны зөвлөлөөс тус яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалт зарласан ч шүүхийн шийдвэртэй холбогдож шалгалт хойшлогдоод байсан ч саяхан шалгалт авах боломжтой гэсэн шийдвэрийг ирүүлсэн учраас бүртгүүлсэн иргэдээс өнөөдөр шалгалт авч буй аж.
Төрийн албаны зөвлөлөөс өчигдөр мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт өрсөлдсөн иргэдээс шалгалт авсан. Шалгалтын комисс одоогоор дүнгээ Төрийн албаны зөвлөлд танилцуулаагүй байна.
Эх сурвалжаас авсан мэдээллээр маргааш Төрийн албаны зөвлөл хуралдаж, комисс шалгалтын дүнгээ оруулж хэлэлцүүлэх юм байна.
Шалгалтын дүнг Төрийн албаны зөвлөлөөр хэлэлцэхдээ хамгийн өндөр оноо авсан, ажлын байранд тэнцсэн иргэдийн асуудлыг нэгбүрчлэн хэлэлцэж, анхаарах асуудлыг нь мөн зөвлөж хэлдэг байна. Үүний дараа тогтоол үйлдэж, нэрсийг Засгийн газарт хүргүүлдэг аж.
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Уг хуралдаанаар нэр бүхий хоёр яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоог хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт байсан ч Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар эл асуудал хэлэлцэгдээгүй учраас ирэх долоо хоногт энэ асуудал эцэслэгдэх шинжтэй байна.
Г.ДАРЬ