УИХ-ын намрын чуулган ирэх сарын 03-нд эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2016.09.27-нд нийтлэгдсэн

УИХ-ын намрын чуулган ирэх сарын 03-нд эхэлнэ

  • Татварын ерөнхий хуульд нохойны албан татварыг нохойтой иргэдээс авна гэж заасан ч өнөөдрийг хүртэл төсвийн мөнгөнд нохойны татвар гэсэн нэг ч төгрөг суудаггүй аж. Гэр хорооллын нохой тэжээдэг өрхөөс ямар ч хураамж авдаггүй. Харин орон сууцад амьдардаг иргэд нохой тэжээдэг бол Сууц өмчлөгчдийн холбоо, орон сууцны конторууд нь 1000-5000 төгрөг хүртэлх мөнгийг нохойны хураамж болгон авдаг. Энэ мөнгийг улсын төсөвт өгдөггүй, тухайн СӨХ-д цэвэрлэгээ үйлчилгээний зардалдаа ашигладаг гэнэ. Иймээс нийслэлийн Захирагчийн ажлын алба одоогоос 14 жилийн өмнө батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой муур тэжээх, устгах журам”-ыг шинэчлэх төслийг боловсруулж, Татварын ерөнхий хуульд заасны дагуу нохойны албан татварыг нохой тэжээдэг иргэдээс авдаг байхаар тусгажээ. Журмын төсөлд одоогоор татварын хэмжээг нэгдсэн байдлаар тогтоогоогүй. Гэхдээ үргүйжүүлсэн нохойнд бага, үргүйжүүлээгүй нохойноос өндөр татвар авах хувилбарыг боловсруулсан байна.


  • УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр захирамж гаргаж, 2016 оны УИХ-ын намрын чуулганы цагийг тогтоожээ. Түүнд зааснаар УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоног бүрийн пүрэв, баасан гаригт 10.00 цагаас эхэлж, үдээс хойш 15.00 цагаас үргэлжлүүлж байхаар тогтоожээ. Хуулиараа УИХ-ын намрын чуулганыг жил бүрийн аравдугаар сарын 1-нд нээдэг ч энэ удаад амралтын өдөр буюу бямба гариг таарсан тул аравдугаар сарын 3-нд УИХ-ын намрын чуулганыг нээхээр болоод байгаа юм.


  • Амьдралын боломжтой, аав, ээж нь өндөр албан тушаалтай залуус л хар тамхи хэрэглэдэг гэж хүмүүс боддог ч хар тамхины хэрэгт холбогдсон иргэд нь голчлон дундаж давхаргын, эрхэлсэн тодорхой ажилгүй 24-35 насны залуус байдаг аж. Мөн урд хөршөөс химийн аргаар гарган авсан хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар ихээр орж ирэх болжээ. Харин ОХУ-ын хилээр хар тамхины хольцтой эм нэвтрүүлэхийг завддаг байна. 2015 онд хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар хэрэглэж, худалдаж, худалдан авсан 79 хэрэгт 169 хүн холбогдож байжээ. Харин энэ оны эхний зургаан сард хар тамхитай холбоотой 52 гэмт хэрэгт 120 иргэн холбогдож, хуулийнхан шалгаж эхэлжээ. 


  • Өнгөрсөн зургаадугаар сарын 29-нд УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль болсон. Гэтэл Дархан-Уул, Сүхбаатар, Өмнөговь аймгийн хэд хэдэн тойрогт ИТХ-ын сонгууль маргаантай явагдсан гэдэг нь шүүхээр тогтоогдож, дахин сонгууль явуулахаар болжээ.


  • Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо, Японы холимог тулааны “DEEP” холбоотой хамтран өнгөрсөн бямба гаригт “MGL-1 fighting championship” тэмцээнийг “Бөхийн өргөө”-нд зохион байгууллаа. Монголын шилдэг долоон тулаанч Японы шилдэг долоон тулаанчтай халз тулалдсан тэмцээнд Х.Амартүвшин, Ц.Амарсанаа, Б.Азжавхлан, Т.Ганбаяр, О.Пүрэв, А.Ууганбаяр, 2016 оны Дэлхийн тулааны их наадмаас алтан медаль хүртсэн М.Баярмаа нарын тамирчид Монголын багт багтан, өрсөлдсөн юм. Халз тулааны үеэр кикбоксын 60 кг-ын жингийн чансаа ахиулах тоглолт болж, У.Yүрийнцолмон, Р.Сүхмягмар нарын тулаанд Сүхмягмар хоёрдугаар үед өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулснаар ялалт байгуулжээ.


  • “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын ханш 2266 төгрөгтэй тэнцэж байна. Харин арилжааны банкууд 2257 төгрөгөөр авч 2270 төгрөгөөр зарж байна. Тэгвэл Монголбанкнаас зарласан ханш 2257,89 төгрөгтэй тэнцэж байгаа юм. Ам.доллартай тэнцэх төгрөгийн ханш яагаад сулрах болов гэдэгт Монголбанкны эдийн засагч Б.Түмэнцэнгэлээс тайлбар хийжээ. Тэрбээр “Долоо, наймдугаар сард төгрөгийн ханш огцом унасан. Тухайн үед 154 орны валютыг харьцуулахад төгрөгийн ханш хамгийн их уналттай байсан. Тийм учраас бодлогын хүүг нэмэгдүүлсэн юм. Монголбанкны гол зорилго бол валютын ханшийг тогтоох асуудал биш. Валютын ханш нэмэгдэж байгаа нь гаднаас орж ирэх валютын урсгал саарч байгаатай холбоотой. Тиймээс валютын ханшийн зохицуулалтад Монголбанк оролцохгүй ” гэж мэдэгджээ.


  • Баар, шөнийн цэнгээний газруудыг 00.00 цагаас хаана гэсэн ташаа мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдэх  боллоо. Шөнийн цэнгээний газрын цагийн хуваарьт өөрчлөлт ороогүй.  2015 оны долоодугаар сарын 9-ний өдөр баталсан хуваарь өнөөг хүртэл үйлчилж байна. Хуваарьт дурдсаны дагуу зарим баар ресторан  шөнийн 04.00 цаг хүртэл үйлчилгээгээ үргэлжлүүлж байгаа. Одоогоор 00.00 цагаас хаана гэсэн захирамж гараагүй" хэмээн НЗАА-ны хэлтсийн дарга О.Нарантуяа өчигдөр мэдэгдлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж