Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөн ой тохиож байгаа энэ өдрүүдэд эл салбарт тулгамдаж буй зарим нэг асуудлыг хөндөхгүй өнгөрч чадахгүй нь ээ. Төвийн болон орон нутгийн гээд нийт 180 орчим тв үйл ажиллагаа явуулж байна гэсэн статистик байсан, гурван сая хүрэхгүй үзэгчтэй улсад үнэндээ ахадсан тоо л доо. Гэвч нэгэнт зориглоод, энэ салбарт зүрх сэтгэлээ зориулан ажиллаж байгаа мянга мянган уран бүтээлчдийн эрх ашгийг хангах тал дээр Телевизийн холбоо болон МСНЭ, уран бүтээлчид хүчээ нэгтгэн дорвитойхон дуугарах, өөрчлөлт хийх цаг болсоон. Хуучин цагт цор ганцхан сувгаа антеннаар хүлээн авч үздэг байсан монголчууд өдгөө олон арван сувгийг Univishion, Skymedia, DDSH, Сансар, MNBC зэрэг хэд хэдэн дамжуулагч оператороос сонголт хийн хүлээн авах болсон. Эдгээр операторууд бүгд төхөөрөмжөө суурилуулж, холболт хийх үйлчилгээгээ хэрэглэгч /үзэгч/-дэд худалддаг, дээр нь сар бүр тийм ч бага биш хураамж авдаг. Үзүүлж буй үйлчилгээнийхээ хөлсийг авах нь зүйн хэрэг. Харин өөрсдөд нь бэлээхэн бүтээгдэхүүн /контент/ нийлүүлж буй телевизүүдээс сар бүр их хэмжээний хураамж авдаг гажиг тогтолцоо манайд бий болчихсон, энэ талаар тв бизнес эрхлэгчид өөр зуураа ярилцах ч өөрчилж чадаагүй л байна, өнөөдрийг хүртэл. Телевизийн уран бүтээлчдийн нөр их хөдөлмөр, хөрөнгөөр бүтсэн уран бүтээлийг үзэгчдэд зарж олж байгаа орлогоосоо тэдэнд хувь хүртээдэггүй юм гэхэд ядаж дамжуулалтаа үнэгүй эсвэл маш бага төлбөртэйгээр хийгээд өгчихөж болмоор.
Өнөөдрийн байдлаар нийслэлд дамжуулалт хийж буй операторууд жилд дунджаар 20 сая орчим төгрөг тв бүрээс авч байгаа бол орон нутагт монопольдож байгаа DDSHTV SD дамжуулалтаа 36 саяар, HD дамжуулалтаа 108 саяар үнэлж байгаа нь арай л дэндсэн үнэлгээ. Төвийн телевизүүд ганцхан оператортой түншлэхгүй, багадаа гурван оператороор эфирээ дамжуулдаг гээд бодоход жилд 70-150 сая орчим төгрөгийг дээрх операторуудад төлж байна гэсэн үг. Энэ бол хориод ажилтантай, кабелийн жижиг тв-үүдийн хувьд бараг л жилийнх нь цалингийн төсөвтэй дүйцэх мөнгө. Тэгэхээр иймэрхүү татаас нь ажилчдынхаа цалинг арай ядан залгуулж буй телевизүүдэд маш том дарамт болдгийг энэ салбарт бизнес эрхлэгчид хэлдэг.
Харин "том" телевизүүд энэ асуудал дээр дуугарахгүй байгаа нь кабелийн олон сувгийг шахан гаргах гэсэн далд санаа ч байж мэдэх юм. Бас нэг асуудал байна. Өнөөрийн байдлаар дамжуулагч операторууд үзэгчдээс хураамж авч байгаа. Жинхэнэ үйлдвэрлэл эрхэлж буй телевиз /олон нийтийн тв-ээс бусад/-үүд үзэгчдээс нэг ч төгрөг авдаггүй. Жирийн үзэгч миний хувьд сар бүр тодорхой хэмжээний такс төлөхөд бэлэн. Жишээлбэл, 5000 төгрөг байж болох юм. Энэ бол ганц кино эсвэл жүжгийн тасалбарын үнэ хүрэхгүй мөнгө шүү дээ. Гэхдээ монголын нийт өрхөөс энэ мөнгийг сар бүр тогтмол хурааж чадвал багагүй хөрөнгө төвлөрнө. Үүнийг ТВ-үүдэд үзэгчийнх нь хандалтыг харгалзан хуваарилбал дажгүй дэмжлэг болно. Технологийн дэвшлийн эрин зуунд энэ бүхэн боломжтой гэж ухварлаж байгаа билээ. Үүнийг бичигч би вээр хувьдаа ямар нэгэн тв эзэмшдэггүй бөгөөд энэ салбарт арваад жил зүтгэсэн мэргэжил нэгтний хувьд телевизүүд маань өсч дэвжээсэй, боловсон хүчнээ улам чадавхжуулж, бэлтгэн нэвтрүүлж буй уран бүтээлүүд нь чанаржаасай хэмээн хүсч явдаг нэгэн. Жирийн үзэгчийн хувьд ч сонирхолтой, сайн нэвтрүүлэг, хөтөлбөрүүдийг хүсэн хүлээдэг.
Төгсгөлд нь журмын нөхдөд Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 49 жилийн ойн мэндийг дэвшүүлж, уран бүтээлийн амжилт хүсье.
Э.ИРЭХБАЯР