Эдийн засаг хүндэрсэн үед хүндрэлээс гарах гарцын нэг нь татвар нэмэх арга хэмээн шинэ Засгийн газар үзэж буй энэ үед Татварын ерөнхий газар /ТЕГ/ өнөөдөр /2016.09.27/ “Татварын орчны шинэтгэл” сэдвээр онол практикийн бага хурлыг зохион байгууллаа. Бага хурлыг ТЕГ-ын дэргэдэх Сургалтын төв, ТМЗ нийгэмлэгтэй хамтран зохиосон бөгөөд энэ бага хуралд ТЕГ-ын дарга Л.Зориг, ТЕГ-ын дэргэдэх Сургалтын төсвийн дарга Д.Жавзансүрэн болон судалгаа шинжилгээний ажилтнууд оролцлоо.
Бага хурлын үеэр сонирхолтой олон илтгэл тавьсан. Тухайлбал, “Хямралын үед баримтлах татварын бодлоготой холбоотой зарим асуудал”, “Татварын зөв засаглал буюу оффшороос оншор руу, бүртгэлгүй эдийн засгаас хяналттай эдийн засаг руу” зэрэг сэдвээр судлаачид илтгэл тавилаа.
Монгол улсын татварын орчин болоод Засгийн газрын баримталж буй татвар нэмэх бодлого хэр зэрэг оновчтой вэ гэсэн сэдвээр мэргэжлийн хүмүүсийн байр суурийг сонслоо.
Г.Галбадрах, “КПМЖ Такс” ТМЗ компанийн менежер
/Тэрбээр “Хямралын үед баримтлах татварын бодлоготой холбоотой зарим асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн/
-Эдийн засгийн хямралын үед Монгол Улс татварын зөөлөн бодлого баримтлах ёстой юу, эсвэл төсвийн орлогоо бодоод татвараа нэмэгдүүлэх хэрэгтэй юу?
-Монгол Улсын эдийн засгийн өсөлт удааширч байгаа. Татварын албаны мэдээгээр бол татварын орлогын 50 орчим хувийг уул уурхайн салбараас бүрдүүлж байна. Иймд би уул уурхайн салбараас хамааралтай, ашигт малтмалын баялаг ихтэй орнуудыг судалж үзсэн. Эрдэс баялгийн зах зээлийн үнээс хамаарахгүйгээр эдийн засаг, сангийн бодлого, татварын бодлого ямар байх ёстой юм бэ гэдгийг олон улсын туршлага дээр үндэслэж илтгэлдээ тусгахыг зорилго болгосон. Илтгэлээр дамжуулж татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхээс илүү, татварын бааз суурийг нэмэгдүүлэх нь чухал гэдэг санааг илэрхийлэхийг зорилоо. Үүний тулд уул уурхайн салбарт татварын оновчтой дэглэм тогтоох, эдийн засгийн төрөлжүүлэх, татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, татварын албаны чадавхыг сайжруулах замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх нь чухал юм.
Иймд эдийн засгийн хямралаас гарахын тулд татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримталбал амжилттай хэрэгжиж байсан туршлага эрдэс баялаг ихтэй орнуудын хувьд бага байдаг.
О.Тэнгис, “Эрнст энд Янг” ТМЗ компанийн захирал
/Тэрбээр “Татварын зөв засаглал буюу оффшороос оншор руу, бүртгэлгүй эдийн засгаас хяналттай эдийн засаг руу” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн/
-Далд эдийн засгийг ил гаргах зорилгоор Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль баталсан. Энэ хуулийн ачаар тодорхой хэмжээнд эдийн засаг ил болсон гэж дүгнэх хүмүүс бий. Тэгвэл хууль эрх зүйн орчноо өөрчлөхөөс гадна ямар арга хэмжээ авч байж эдийн засаг илүү ил тод болох вэ?
-Монгол Улсын нийт аж ахуй нэгжийн 90 хувь жижиг дунд аж ахуй нэгж байдаг. Эдгээрийг нэгдсэн системд оруулах хэрэгтэй. Тухайлбал, нягтлан бодох бүртгэлийн системийг төр хийж өгдөг байх. Энэ системийг хэрэглэж буй аж ахуй нэгж өөрийн нягтлан бодох бүртгэлээ бүртгээд, өдөр тутмын ажлаа хийгээд явна. Харин нягтлан бодох бүртгэлийн системд тухайн ажил нь бүртгэгдээд явдаг горимтой. Ийм систем дэлхий дээр мөрдөгдөж байгаа системээс хамгийн сайн нь юм. Хэрэв уг системийг ашиглавал далд эдийн засаг тодорхой хэмжээгээр ил болно.
-2015 оны байдлаар Монгол Улсын далд эдийн засаг хэдэн хувьтай байсан бэ?
-Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны гаргасан судалгаагаар 2015 онд далд эдийн засаг 30-50 хувьтай байна гэж гарсан байдаг. Зарим улс орны түвшинд үүнийг өндөр байна гэж хардаг. Тухайн жилд аж ахуй нэгжүүдийн олж байгаа ашиг, ажилчдын цалингаа Монгол Улс бүртгэх явцад 30-50 хувийн алдаатай бүртгээд байна гэж хэлж болно. Үүнийг шалтгаан нь бүртгэлийн системтэй холбоотой. Тиймээс нэгдсэн систем бий болгочихвол нягтлан бодох бүртгэлээ дэлхийн хаанаас ч бүртгэх боломжтой. Өртөг зардлын хувьд ч хямдхан. Ийм систем нэвтрүүлэхийн тулд төрөөс хүсэл зорилго хэрэгтэй.
Х.Тунгалагмаа, Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч
/Тэрбээр “Татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг сайжруулах нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн/
-Татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг сайжруулахын тулд ямар бодлого хэрэгжүүлбэл зохилтой вэ? Таны илтгэлийн гол агуулга нь юу вэ?
-Төрийн татварын бодлого гэдэг бол татвар төлөгчдөд үзүүлж байгаа үйлчилгээ гэж ойлгож болно. Нэгэнт үйлчилгээ юм бол хэрэглэгчтэй байх ёстой. Хэрэглэгч болсон зах зээл нь татвар төлөгч юм. Татвар төлөгчийн мэдлэг, ойлголт, хандлагын түвшинд хийсэн судалгаа харьцангуй бага байдаг. Иймээс татвар төлөгчийн мэдлэг, ойлголт, хандлагаар нь судалж үзсэнээр тэр бүгдэд тохирсон бодлогоо тодорхойлоход хялбар болно. Өөрөөр хэлбэл татварын бодлого оновчтой болно.
-Орлого тодорхойлох боломжгүй буюу гар дээрээс худалдаа хийдэг бизнес эрхлэгчдэд татварын үйлчилгээ хэрхэн хүрнэ гэсэн үг вэ?
-Орлого тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ эрхэлдэг хүмүүсээс тогтмол татвар авдаг байсан. 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээс хойш тогтмол татвар авахгүй болсон. Өөрөөр хэлбэл, эдгээр хүмүүсийн орлогыг тодорхойлох боломжгүй байгаа тул төр татварын орон зай өгч байна гэсэн үг юм.