УИХ-аас ээлжит бус чуулган зарлаж төсөвт тодотгол хийсэн. Ингэхдээ тэтгэвэртээ гарч байгаа төрийн албан хаагчдад олгодог нэг удаагийн тэтгэлгийг 1-12 сар болгон бууруулах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор энэ онд тэтгэвэртээ гарч байгаа төрийн албан хаагчид 1-12 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг авах харилцаа үүссэн ч ирэх онд нэмж нөхөн авах боломжтой аж.
Учир нь УИХ-аар төрийн албан хаагчдад олгох тэтгэлгийн хэмжээг 1-12 хүртэл сар байхаар баталсны дараа УИХ-ын Төсвийн байнгын хороо, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороод хамтран хуралдаж, энэ асуудлыг дахин хэлэлцээд төрийн албан хаагчийн ажилласан жилийг харгалзан 36 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг авдаг байхаар Төрийн албаны тухай хуулийн 30.2 дахь хэсэг болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах, ингэхдээ хэрэгжих хугацааг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн хугацаанаас хэрэгжүүлэхээр тооцох хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар санаачлан оруулж ирэх даалгаврыг Засгийн газарт өгсөн байна. Иймээс энэ онд тэтгэвэртээ гарах төрийн албан хаагчдын хувьд нэг удаагийн тэтгэлгээ 1-36 хүртэл сарын хугацаатай авах боломж нь нээлттэй, гагцхүү энэ онд 1-12 хүртэлх сарын тэтгэмж, харин ирэх жил нэмэгдэж бодогдох тэтгэмжээ нөхөн авах харилцаа үүсэж буй аж. Энэ талаар УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол,соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн С.Чинзориг тодотгон хэллээ.
Онцлоход, энэ онд тэтгэвэртээ гарах цэргийн албан хаагчдын хувьд тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт орохгүй хуучнаараа буюу 1-36 хүртэлх сарын хугацаатай тэтгэлэг авах юм.
Дашрамд хэлэхэд, 2014, 2015 онд тэтгэвэртээ гарсан төрийн албан хаагчдад олгох тэтгэмжийг энэ онд нөхөн олгоно гэж салбарын яам мэдэгдэж байгаа юм.
Г.ДАРЬ