БСШУС-ын сайд 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр А/43 дугаар тушаал гарган, сургуулийн орчинд гар утас, цахим хэрэгслийн хэрэглээнд зохицуулалт хийсэн. Тэрхүү тушаалын дагуу ЕБС-ийн багш, суралцагч хичээлийн үеэр гар утас хэрэглэхийг хориглоод байгаа юм. Энэ хүрээнд нийслэлийн ерөнхий болосвролын 1, 6, 31, 118, 50, 48, 84, 93, 24, 33, ИЦС, Мон-турк, “Шинэ Монгол” сургуулийн удирдлагууд сургуулийн орчинд ухаалаг утас хэрэглэхгүй байх журмыг боловсруулан хэрэгжүүлж эхэлжээ.
Харилцаа холбооны зохицуулах хорооны тайланд интернэт хэрэглэгчдийн тоо 2014 оны байдлаар 1.962.000 болсноор 2013 оныхоос 28 хувиар өссөн байсан бол 2015 оны байдлаар 1.881.783 хүн ухаалаг гар утас хэрэглэж байгаа нь өмнөх оныхоос 56.4 хувиар нэмэгдсэн тухай мэдээлжээ. Фэйсбүүк, ухаалаг гар утаснаас үүдэлтэй гэмт хэрэг, интернэт тоглоомоос шалтгаалан сэтгэц, зан төлөвийн өөрчлөлтөд орсон, сурах чадвараа алдсан хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд өсч байгааг судалгаанаас харж болох юм. Эдгээр тулгамдсан асуудлын шалтгаан нь цахим хэрэгслийн талаарх иргэд, өсвөр үеийнхний мэдлэг, чадварын хангалтгүй байдал, интернэтийн хязгаарлалтгүй орчин дахь замбараагүй хэрэглээ, эрх зүйн хяналт, зохицуулалтын дутмаг байдлаас болж байна гэж боловсролын байгууллагынхан дүгнэжээ.
Ялангуяа өдөрт дөрвөн цагаас дээш хугацаагаар гар утас, таблет зэргээр тоглуулах нь 3-5 насны хүүхэд хүнд төрлийн харилцааны эмгэгтэй болох, өсөлт хөгжил нь удаашрах, хордох, тархины хөгжлийг саатуулах гээд олон сөрөг нөлөөтэйг шинжлэх ухаан баталсан. Бага насныхан гар утасны тоглоомонд, сургуулийн насныхан, томчууд фэйсбүүкт донтох болсон нь сурагчдын сургалтын үйл ажиллагаа, сургалтын чанарт сөргөөр нөлөөлж байна.
АЧ ХОЛБОГДОЛ:
-Хичээлийн цагийг үр дүнтэй өнгөрөөх, ухаалаг утас интернэтийн соёлтой зөв боловсон хэрэглээнд суралцана. (Суралцагчдын сурлагын амжилтад нөлөөлж байна.)
-Цахим орчны сөрөг нөлөөллөөс хамгаална.(садар самуун,хүчирхийлэл, гэмт хэрэг, архи, тамхи сурталчилдаг.)
– Эрүүл мэндийг хамгаална. (Хүүхдийн бие эрхтний дархлаа суларч, хэт таргалах, хараа сонсгол муудах, нурууны гэмтэлтэй болдог. Хүүхдийн толгойн хэмжээ жижиг, гавлын яс нимгэн учраас гар утаснаас ялгарах долгионыг насанд хүрсэн хүнээс 10 дахин илүү шингээж авдаг байна)
Д.ЦЭЭНЭ