РИОГИЙН ПАРАЛИМП: Дээд амжилтыг 330 удаа шинэчлэн тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2016.09.27-нд нийтлэгдсэн

РИОГИЙН ПАРАЛИМП: Дээд амжилтыг 330 удаа шинэчлэн тогтоолоо

2016 оны их спортын жил байлаа. Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч зургаа, долдугаар сард болж, дэлхийн даяар хөлбөмбөгөөр амьсгалсан. Франц улсад болсон энэхүү тэмцээний шигшээд Португал-Францын баг үлдсэн. Олон хүн францчууд нутаг дээрээ хожно гэж байсан ч ялагч нь Португал байсан юм. Хөлбөмбөгөөр амьсгалсан өдрүүд дуусаад Риогийн олимпийн чимээ эхэлсэн. Өмнөд Америк тивд олимпийн тоглолт анх удаа зохиогдсон. Зуны олимпийн чимээг паралимп үргэлжлүүлсэн. Зуны XV паралимпийн тоглолт есдүгээр сарын 7-18-ны өдрүүдэд Рио-де-Жанейро хотноо болсон. Энэхүү олимпийг газар дээрээс нь сурвалжилсан NEWS ээлжит мэдээллээ хүргэж байна. Энэ удаагийн манай зочноор Монголын паралимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Оюунбат, Олимпийн тосгоны дарга Жанет дос Сантос Арсайн нар байх юм.


РЕКОРД ОЛОН ЭВДЭГДЭНЭ ГЭДЭГ БОЛ АМЖИЛТ УЛАМ НЬ АХИЖ БАЙГААГИЙН ИЛРЭЛ

Монголын паралимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Оюунбат:

Манай тамирчид энэ удаагийн наадамд бүх төрлөөр өрсөлдөх боломжтой гэдгээ харууллаа. Улс орноо төлөөлөн паралимпийн наадамд оролцоно гэдэг бол тухайн тамирчин хүний маш том хариуцлага байдаг. Тамирчид маань үүрэг хариуцлагаа сайн ухамсарлаж, энэ удаагийн наадамд маш сайн оролцлоо. Гэхдээ бидэнд үүнээс илүү боломж байгаа гэдгээ харлаа. Өөрөөр хэлбэл, хоёр ч удаа медалийн төлөө өрсөлдөж алдсан тохиолдол гарсан. Риод дэлхийн рекорд 220 удаа шинэчлэгдэж, паралимпийн рекорд 330 удаа эвдэгдлээ. Энд амжилт үзүүлж байна гэдэг бол сайхан. Нөгөө талаар дахиад наадамд оролцох боломж өндөр болж байна гэсэн үг. Эрх авах боломж улам босго өндөр болж байна. Энд өрсөлдөж байгаа тамирчид зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй гэхээсээ илүүтэй хүний боломж ямар хязгааргүй байдаг юм гэдгийг харуулж байна. Олон дахин рекорд эвдэгдээд байна гэдэг бол манай тамирчдын өрсөлдөх чадвар нэмэгдэх ёстой гэдгийг харууллаа. Тиймээс “Токио 2020” XVI паралимпийн наадмын бэлтгэл ажил маш их анхаарал татан эхэлж байна.

УЛС ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙГАА НЬ ХАМГИЙН ТОМ БАЯР

Олимпийн тосгоны дарга Жанет дос Сантос Арсайн:

Бид бүгдийн хүсэн хүлээсэн “Рио 2016”’ паралимпийн наадам амжилттай боллоо. Дэлхийн олон орны баг тамирчид олимпийн тосгонд байрлаж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө өрсөлдлөө. Энэ наадам Рио-де-Жанейро хотноо болсон ч гэлээ Бразил ард түмний бүгдийн оролцоо байлаа. Засгийн газраас том бодлого баримталж, бүх хүчээ дайчлан амжилттай зохион байгуулсанд баяртай байна. Олимпийн тосгон бол бүхэлдээ тамирчдад зориулагдсан. Энд хэдэн сарын турш тэдэнд хэрэгтэй бүхий л зүйл байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын хамгийн чухал хэрэгсэл бол тэргэнцэр болон хиймэл гар, хөл байдаг. Энэ тосгонд 24 цагаар тасралтгүй ажилласан засвар үйлчилгээний төв болон эмнэлэг хамгийн их ачаалалтай нь байсан. Тамирчин та бүхэн улс орноо төлөөлөн оролцож байгаа нь хамгийн том баяр билээ. Бас энэ бол маш том үүрэг, хариуцлага байдаг. Миний бие сагсан бөмбөгийн төрлөөр хичээллэж, олимпийн наадмаас мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Тэр бол миний хувьд, Бразил улсын хувьд түүхэнд тэмдэглэн үлдсэн агшнууд болж үлдсэн. Тиймээс орон орноос ирсэн шилдэг тамирчид, дасгалжуулагч, албаны болон хөгжөөн дэмжигч та бүхэнд баярлалаа. Риод тавтай морилсон бүгдэд баярлалаа.

Пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн +107 кг-д өрсөлдсөн Ираны тамирчин Сиаманд Рахман 300 кг-ыг өргөж, шинэ амжилтын эзэн болсон. Түүний хувьд 300 кг-ыг өргөсөн анхны тамирчин болсон юм.  Тэрээр мөн түүхэн дэх хамгийн хүчтэй эр гэгддэх цолыг аваад байгаа,

Хамгийн өндөр тамирчин нь Ираны суугаа волейболын тамирчин Мортеза Мехрзадселакжани байлаа. Түүний өндөр 2.46 метр. Багийнхаа гол найдвар байсан тэрбээр итгэл алдалгүй багаа алтан медальд хүргэж чадсан. Тэрбээр дааврын өөрчлөлтийн улмаас яс нь хэвийн бус хөгжжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж