Хөрөнгө оруулагчдад тушаа болдог журмуудыг цэгцэлнэ

Хуучирсан мэдээ: 2016.09.27-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчдад тушаа болдог журмуудыг цэгцэлнэ

Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалт 2011 онд 4.6 тэрбум ам.долларт хүрч байсан бол 2016 оны эхний хагас жилийн байдлаар 35 сая ам.доллар болж буурчээ.

Хөрөнгө оруулалт буурахад дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн огцом уналт нөлөөлсөн ч төрийн захиргааны байгууллага, хууль хяналтын байгууллагаас олгодог зөвшөөрөлтэй холбогдож байж болзошгүй хэмээн Засгийн газар үзэж, энэ асуудлыг судлах ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтоор ахлуулан байгуулсан юм.

Ажлын хэсэг эхний ээлжинд хөрөнгө оруулалт , аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой хууль тогтоомж, дүрэм журмын жагсаалтыг гаргаж, захиргааны хэм хэмжээний актуудыг хянасан байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 598 хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас 87 хууль нь аж ахуйн нэгжийн, 24 хууль нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зохицуулдаг байна. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар 110 тусгай зөвшөөрлийг төрөлжүүлэн нэгтгэж олгохоор зохицуулжээ. Харин захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 971 захиргааны хэм хэмжээний актаас хөрөнгө оруулалт, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой сайдын тушаал 168, агентлагийн даргын тушаал 25, нийслэлийн Засаг даргын захирамж 44, нийт 237 шийдвэр байгаа аж. Тэдгээрийг хянаж үзэхэд холбогдох хуулиудад нийцэхгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангахгүй сайдын тушаал 78, агентлагийн даргын тушаал 12, аймаг нийслэлийн Засаг даргын захирамж 10  нийт 100 шийдвэр байгаа нь тогтоогджээ.

Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн яам хөрөнгө оруулагчдад тээг болж хүндрэл чирэгдэл учруулж буй 86 шийдвэрийг хүчингүй болгох, 14 шийдвэрийг шинэчлэн баталж бүртгүүлэх тухай саналаа холбогдох байгууллага албан тушаалтанд хүргүүлсэн байна.

Мөн хууль тогтоомжтой зөрчилдөж байна гэж үзсэн журмыг хүчингүй болгох саналаа холбогдох сайдад хүргүүлсэн аж. Тодруулбал, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрөлтэй холбоотой 6 журам бүртгэлтэй юм байна. Эдгээрээс Уул уурхайн сайдын 2015 оны Үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай 15-р тушаалаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох , ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, түүний эрх олгох үйлчилгээний хөлсний хэмжээг баталсан нь Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжид нийцэхгүй байна гэж үзэн, хүчингүй болгох бүртгэлээс хасах саналыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлжээ.

Түүнчлэн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны Төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн үйлдвэрлэх, угсрах, засварлах тусгай зөвшөөрөл олгох журам батлах тухай 155 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 2011 оны "Импорт, экспортын лиценз олгох журам батлах тухай"  343 дугаар тушаалууд нь Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжид нийцээгүй тул хүчингүй болгож, бүртгэлээс хасах саналыг холбогдох сайд нарт уламжилжээ. Тэрчлэн холбогдох байгууллагуудаас гаргасан нийтээр дагаж мөрдүүлж байгаа шийдвэрүүдийг хянаж үзэхэд Мэргэжлийн Хяналтын ерөнхий газар нийт 22 тушаалыг хууль тогтоомжид заасны дагуу хянуулж бүртгүүлэхгүйгээр дагаж мөрдүүлж байсан зөрчил илэрчээ. Тиймээс дээрх тушаалуудыг хуульд нийцүүлэх, хүчингүй болгох арга хэмжээ авах санал хүргүүлээд байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж