Нийгмийн хоосролыг яаж дүүргэх вэ?

Хуучирсан мэдээ: 2016.09.28-нд нийтлэгдсэн

Нийгмийн хоосролыг яаж дүүргэх вэ?

Эцэгтэй нь амьдрахын тулд хүүгийнх нь аминд хүрсэн жигшүүрт хэрэг нийгмийг цочирдууллаа. Үнэхээр зүрх зүсэгдэм мэдээ.   

Т.Цогт, Г.Маралмаа гэж хоёр хүний хойд, урдах амьдралын золиос нь бас л хүүхэд байсан. Гэр бүлийн харилцаа үнэ цэнэгүй болсон энэ нийгэмд бусдын далайсан гарт дарлагдан өсч байгаа  хэчнээн хүүхэд байгааг хэлэхэд хэцүү. Харин тийм амьдрал дунд хүүхдийн эсрэг гэмт хэрэг онц ноцтой хэлбэрээр “бойжиж” байгааг олон бодит жишээ харуулсаар.

Дорнод аймгийн Хэрлэн суманд гарсан долоон настай хүүг санаатайгаар хөнөөсөн хэргийн захиалагч С гэгч нь 24-хөн настай, өөрөө бага насны хүүхэдтэй, бүсгүй хүн. Харин хүүхдийг хөнөөхөөр захиалга авсан гэмт хэрэгтэн бол өмнө нь 2016 онд хоёр удаагийн хулгайн хэргээр тэнсэн харгалзах ял сонсч байсан 18-хан настай хүү.

Олон нийтэд ил болгосон мэдээллээс харахад нас барсан хүүгийн эцэг Ц нь /50 орчим настай, махны ченж хийдэг/ зураач мэргэжилтэй С гэгч залуу бүсгүйтэй амрагийн холбоотой байжээ. Эхнэртээ удаа дараа гар хүрч байсан /Түүний эхнэр нөхөртөө зодуулсны улмаас нэг нүд нь хараагүй болсон гэх мэдээлэл бий/, гэр бүлээсээ гадуур харилцаатай нь ил болсон, гэрийн эзэн Ц нууц амрагтаа “Эхнэр, хүүхдээсээ салахгүй” гэж хэлсэн нь хүүг хөнөөх шалтгаан болсон гэж өөрөө мэдүүлжээ. Шинэ дүрэмт хувцаснаасаа уйдаж амжаагүй дэрвэж явсан хүүд үхэл гэгч  есдүгээр сарын 6-ны өдөр хичээлээсээ дөнгөж ирээд байхад нь нүүрлэжээ. Гэгээн цагаан өдрөөр, ээжийг нь гучаадхан минут дэлгүүр яваад ирэх хооронд энэ хэрэг гарсан. Ээж нь орж ирэхэд хүү нь ухаан алдсан байсан бөгөөд эмнэлэгт яаралтай хүргэсэн ч бие нь сайжрахгүй байсаар амьсгал хураасан байна. 

Хүний амь насыг хөнөөсөн, санаанд багтаж буухааргүй эдгээр хэрцгий хэргүүд орон нутагт ойр ойрхон давтагдаж байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Саяхан Архангай аймгийн Хангай суманд 35 настай залуу Английн аялагчийн цээжин тус газарт гадсаар зоон, зэрлэг балмадаар амь насыг нь хөнөөсөн хэргийг цагдаагийн байгууллага илрүүлсэн. Тэр этгээд аялагч залуугийн 200 ам.долларыг авахын төлөө хүний аминд халдсан бол энэ удаа 18 настай хүү 200 мянган төгрөгийн хөлс авч, хүүхдийн аминд хүрсэн талаар нийгэм тэр чигтээ л шуугиж байна.

Өнгөрсөн жил Төв аймгийн Баянчандманьсумын Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга нар сумынхаа малын эмч бүсгүйг хүчирхийлсэн нь хөдөөд гарсан ноцтой хэргүүдийн бас нэгэн жишээ.

Хүний амь насыг хөнөөсөн, санаанд багтаж буухааргүй эдгээр хэрцгий хэргүүд орон нутагт ойр ойрхон давтагдаж байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Баянчандмань сумын Засаг даргын тамгын газарт малын эмчээр ажилладаг, 26 настай бүсгүйг хуралд сууж байх үед нь Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нар дуудсан байдаг. Тухайн үед малын гоц халдварт өвчин гарсан гэх нэрийдлээр бүсгүйг хуурч, айлын унага тамгалах найранд авч очсон байдаг бөгөөд хэргийн газарт албаныхныг очиход Б.Ханбаатар согтуу машин дотроо, харин хохирогч бүсгүй их хэмжээний цус алдаж, зодуулсан байдалтай машины гадна ухаан алдсан байсан гэдэг.

Хүн санаандаа багтааж бодоход ч хэцүү эмгэнэлтэй түүх амьдралаас бүр л олон харагддаг болжээ.

Орон нутагт ажилгүйдэл, архидалт их байгаа. Эхнэр, нөхрүүд салж нийлсэн, үр хүүхдээ өнчрүүлсэн, сурч боловсрох бодолгүй, зүгээр л цаг хугацааг ямар ч таашаалгүйгээр туулж яваа хөггүй амьдрал хөдөөнөөс илт мэдрэгдэх болжээ. Тал шигээ уужуу сэтгэлтэй гэж өөрсдийгөө бид хэлдэг. Гэтэл талын Монголыг зорьж ирсэн жуулчдын цээжинд монгол хүн гадас зоодог болж. Монголчууд хөрөнгийн ядуу биш ухамсрын хоосролд нэг хэсэг хүмүүсээ алджээ.

Үнэндээ Монголын амьдрал нэг хэсэг нь хот, нөгөө нь хөдөө гэсэн хоёр эрэг дээр хуваагдан зогсчээ. Энэ хоёр эргийг холбох гүүр, амьдралыг үзэх үзэл, боловсрол, сэтгэхүйг нь өөрчлөх холбоос удахгүй тасрах гэж байгаа мэт сэтгэгдэл төрж байна.

Одоо бид яах вэ? Ажилгүй, мэргэжилгүй, амьдралд хайргүй, хүндлэлгүй ханддаг болсон нийгмийн хоосролыг яаж дүүргэх вэ? Өнөөдөр нийлж, маргааш салж байгаа энэ олон хуурамч гэрлэлт, худал амьдрал, түүний золиос болж байгаа хүүхдүүдийнхээ ирээдүйг яаж төсөөлөх вэ?

Үнэндээ Монголын амьдрал нэг хэсэг нь хот, нөгөө нь хөдөө гэсэн хоёр эрэг дээр хуваагдан зогсчээ. Энэ хоёр эргийг холбох гүүр, амьдралыг үзэх үзэл, боловсрол, сэтгэхүйг нь өөрчлөх холбоос удахгүй тасрах гэж байгаа мэт сэтгэгдэл төрж байна. Улс хөгжинө, өөрчлөгдөнө гэдэг зөвхөн Улаанбаатарт өндөр байшин, орон сууц барьж, хүмүүс гал түлж амьдрахаа болихыг хэлэхгүй байх. Хөдөөд Монголын хүн амын тал хувь нь амьдарч байгаа. Тэндээс гэтэл ямар их ухамсрын хоосрол, ямар олон золгүй тавилан мэдрэгдэх болсныг бодит амьдралын олон жишээнээс бид харлаа.

Хөдөөгийн зовлон Монголын зовлон болсныг энэ олон дуулиант хэрэг, нялх балчир үрсийн зуурдын хагацал харуулж байгаа болов уу.

Б.БАЯСАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж