Кибер гэмт хэрэгтнүүдийн нийтэлсэн Олон улсын сэргээшийн эсрэг агетлагийн (WADA) сэргээш хэрэглэхийг тамирчдад зөвшөөрч байсан ээлжит жагсаалтын гурав дахь хэсэгт 11 тамирчны нэр оржээ.
Fancy Bear гэсэн нэртэй хакеруудын бүлэг ВАДА-гийн баримтуудын гурав дахь хэсгийг өнгөрсөн долоо хоногт нийтлүүлсэн. Тэд Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн мэдээлэлд нэвтрэн тус агентлаг тамирчдад эмчилгээний зорилгоор хүчтэй мансууруулагч орсон хориотой эм тариаг хэрэглэхийг зөвшөөрсөн баримтуудыг хулгайлсан юм. Энэ удаагийн цувралд Их Британи, Герман, Дани, Испани, Австралийн тамирчдын нэрс багтжээ.
Нийтлэгдсэн баримтаар, сэргээшийг 2016 оны олимпийн боксын аварга эмэгтэй Никола Адамс, дугуйн спортын олимпийн аварга Лора Тротт, усанд сэлэлтийн мөнгөн медальт Шивон-Мари О'Коннор, академик завины тэмцээний мөнгөн медальт Оливия Карнеги-Браун нар хэрэглэж байжээ. Тэд бүгд Их Британийн тамирчид юм. Мөн тамирчдын хэрэглэж ирсэн эмийн нэрсийг тэнд гаргасан байна. Тухайлбал, Никола Адамс гэхэд л салбутамол, салметерол, флутиказона пропионат гэдэг эмийг 2009-2013 он хэрэглэж иржээ. Шимон Мари О’Коннор преднизолоныг 2012-2016 онд хэрэглэж ирсэн байна. Бүрэн хэмжээний жагсаалтыг байгууллагын сайтад нийтэлжээ.
Хориотой эм хэрэглэгчдийн жагсаалтад усанд сэлэлтээр гуравдугаар байр эзэлсэн Дани бүсгүй Жанетт Оттесен, Австралийн тамирчин, академик завины уралдааны олимпийн аварга Ким Бреннан, мөн энэ төрлийн мөнгөн медальтан Александр Белоногов, дугуйн спортын Жек Бобриж нарын нэр байна. Усанд сэлэлтийн Испанийн аварга бүсгүй Мирея Бельмонте Гарсия, Германы буудлагын тамирчин Юлиан Юстус ба теннисчин бүсгүй Лаура Зигемунд нар ч хориотой эм хэрэглэж байжээ.
Сануулахад, өмнө нь, Fancy Bear группын хакерууд “эмчилгээний зорилгоор” сэргээш хэрэглэсэн тамирчдын эмнэлгийн мэдээллийг олж авсан байлаа. Энэ дуулианд олон жилийн турш агентлагийн зөвшөөрлөөр хүчтэй сэргээш, мансууруулах бодис хэрэглэж байсан АНУ-ын спортын одод хамрагджээ. Дэлхийн цуутай теннисчид эгч дүү Серена, Винус Уильямс нар дуулианы гол баатрууд байсан юм. Олон тамирчин ямар өвчтэй нь тодорхойгүй, хэт их хөдөлгөөнтэй, анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй синдромтой гэж байсан юм.
ОХУ-д хандан хакеруудыг зогсоохыг хүсэв
Олимпийн болон дэлхийн шилдэг тамирчдын эмнэлгийн баримтуудыг илчилсэн материал сүлжээгээр цацагдсаны дараа нь олон улсын зүгээс кибер гэмт хэрэгт оросуудыг сэжиглэж байсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хүртэл бүгд л энд манайх хамаагүй гэж мэдэгдэж байсан. Хакеруудын хоёр дахь баримт нийтлэгдсэний дараа Олон улсын Олимпийн хорооны дарга Томас Бах оросуудад хандан хакеруудыг зогсооход туслахыг хүсчээ.
Хакеруудын Fancy Bears групп есдүгээр сарын 13-нд Олон улсын сэргээшийн эсрэг агеэтлаг хориотой эм хэрэглэхийг тамирчдад зөвшөөрсөн материалуудынхаа эхний хэсгийг гаргасан. Дараа нь нийтлэгдсэн хоёр дахь жагсаалтад нь найман орны 25 тамирчны нэр байсны дотор Риогийн олимпийн 14 медальтан, тэдний тоонд ОХУ-ын боксчин Миша Алоян байлаа.
Сэргээшийн мэдээллийн дөрөв дэх хэсгийг хакерууд ил болголоо
Fancy Bears, есдүгээр сарын 19-ны Даваа гаригт Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн мэдээний баазаас хулгайлсан баримтын дөрөв дэх хэсгийг нийтэллээ. Энэ жагсаалтад “эмчилгээний зорилгоор” сэргээшийн хүчтэй эм хэрэглэхийг WADA тамирчдад зөвшөөрсөн тухай илчлэгдсэн бөгөөд тус байгууллага алдагдсан материалуудыг үнэн гэдгийг баталсан юм.
Шинэ материалд эмчилгээний зорилгоор зөвшөөрөл авсан тамирчдын жагсаалтад дэлхийн нэг номерын теннисчин байсан Испанийн Рафель Надаль, Сомали гаралтай одоо Британийн тамирчин болсон олимпийн дөрвөн удаагийн аварга, холын зайн гүйлтийн тамирчин Мохаммед Фарах, Унгарын усанд сэлэгч, тоглолтуудын зургаан удаагийн шагналтан Ласло бага-Чех нарын нэр харагдлаа.
Уг баримтын дагуу Надальд бетаметазон хэрэглэхийг 2009 оны есдүгээр сард зөвшөөрсөн байна. Дараагийн жилд нь кортикотропин хэрэглэхийг зөвшөөрчээ. Фарахад 2008 оны аравдугаар сард триамцинолон, 2012 оны долдугаар сард өөр хэдэн эм тэдний тоонд морфин, викодин хэрэглэхийг зөвшөөрсөн байлаа. Бага Чех тус агентлагаас формотерол, багтраагийн эсрэг эм хэрэглэх зөвшөөрлийг 2011 оны аравдугаар сард авсан байна.
Эдгээр цуутнаас гадна, уг жагсаалтад Лукас Мартин Рей, Факундо Каллиони (өвсөн талбайн хоккей, хоюулаа Аргентиных), Лоик Люпаэр (Бельги, өвсөн талбайн хоккей), Франсина Нийонсаба (Бурунди, хөнгөн атлетик), Кристин Синклер, Мелисса Танкреди, Риан Уилкинсон, Софи Шмидт (бүгд Канадынх, хөлбөмбөг), Каспер Мортенсен (Дани, гандбол), Никлас Ларсен (Дани, дугуйн спорт), Димитри Баску (Франц, хөнгөн атлетик), Готье Грюмье (Франц, туялзуур жад), британичууд: Александра Дэнсон, Криста Каллен, Саманта Куэк (бүгд-өвсөн талбайн хоккей), Каллум Скиннер (дугуйн спорт), Хелен Гловер (завь), Жастин Роуз, Питер Рид (гольф) багтлаа. Жагсаалтыг АНУ-ын төлөөлөгчид: Ариана Вашингтон (хөнгөн атлетик), Брэйди Эллисон (байт сур), Коннор Йегер (усанд сэлт), Лори Эрнандес (спортын гимнастик) нар төгсгөжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР