- УИХ-ын гишүүн, АН-ын орон нутгийн сонгуулийн менежер Д.Эрдэнэбат орон нутгийн сонгуультай холбоотой мэдээллийг өчигдөр хийжээ.
Тэрээр “Орон нутгийн сонгууль АН төдийгүй ардчиллалыг дэмждэг улс төрийн хүчний хувьд онцгой юм. МАН-ынхан парламентад олонх болсон ч нийт сонгогчдийн 45 хувийг авсан юм. Орон нутгийн онгуультай холбоотой эргэлзээ дагуулж буй нэг том асуудал бий. Энэ нь бүртгэл болоод шилжилт хөдөлгөөний асуудал юм. Нэг сонгогч олон газар санал өгөх магадлал өндөр гэдэг маргаан АН-д ирсэн. Тиймээс бид уг асуудалд анхаарч ажиллах болно. УИХ-ын 2016 оны сонгуулиар царцааны нүүдэлтэй холбоотой олон асуудал үүссэн. Үүний маргаантай холбогдуулж ҮХЦ-д гомдол үүсгээд явж байна. Би үүгээр юуг хэлэх гээд байна вэ гэхээр орон нутгийн сонгуулиар дээрх хууль зөрчсөн үйлдэл дахин битгий гараасай. Энэ бол бидний сонгуульд оролцох, иргэд зөв сонголт хийх ганц боломж юм” гэлээ.
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон улсын Энхийг сахиулагчдын өдрийг өчигдөр тэмдэглэлээ. Уг арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS“ ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн хурандаа Б.Баатар захирагчтай 5 дугаар ээлжийн мотобуудлагын батальон, Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид явуулж буй Африкийн холбоо, НҮБ-ын хамтарсан энхийг сахиулах “UNАMID” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн дэд хурандаа Г.Тунгаамаа захирагчтай цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийн 6 дугаар ээлжийн бие бүрэлдэхүүнд төрийн одон, медаль гардуулах ёслол боллоо.
- УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан.
Намрын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
-Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл
-Хүний хөгжил сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл
-Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл
-“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл тэргүүтэй асуудлыг хэлэлцэх юм байна.
- Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдийн уулзалтад оролцож, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийн үг хэллээ. Тэрбээр энэ үеэр “Шинэ Засгийн газар бүрэлдэн байгуулагдаад, ирэх 4 жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө Улсын Их Хурлын чуулганаар саяхан батлуулсан. Удахгүй ирэх 2017 оны төсвийн төсөл болон эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөг УИХ-д өргөн барихаар төслийг боловсруулж байна.
Засгийн газар ирэх жилүүдэд хэрэгжүүлэх хөгжлийн зорилтуудаа амжилттай хэрэгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэхийн тулд юуны өмнө макро эдийн засгийг тогтворжуулах, сэргээх арга хэмжээг авах шаардлагатай болж байна” гэж мэдээллээ.
- Арилжааны банкууд ипотекийн зээлд зориулсан санхүүжилтыг зориулалтын бусаар ашигласан гэж мэдээлсэн. Монголбанкнаас хийсэн шалгалтын хариу хэзээ гарах вэ?
“Монголбанкнаас арилжааны банкуудад хийсэн шалгалтын хариу гарсан. Тодорхой зөрчлүүд илэрсэн учраас ипотекийн зээлийн санхүүжилтийг түр зогсоогоод байгаа. Ерөнхийд нь дурьдвал ипотекийн зээлийг цаашдаа илүү зорилтот бүлэг рүү чиглүүлэх, санхүүжилтийн илүү тогтвортой механизмыг бүрдүүлэх чиглэлд ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд эхний ээлжинд ипотекийн зээлд хамрагдах орон сууцны метр квадратад тавьсан 80 ам.метрийн хязгаарлалтыг хэвээр хадгалах, нэг хүнд нэг орон сууцны зээл олгох гэх зэрэг асуудлууд яригдаж байна. Удахгүй эцсийн шийдвэр гарах болов уу гэсэн хүлээлттэй байна”
- “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2016/03 тоот тогтоолоор М.Болорыг үүрэгт ажлаас чөлөөлж, 2016/04 тоот тогтоолоор Х.Алтайг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо.
- Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлөөс үүдэн хүүхдийн мөнгө олголтод тодорхой зохицуулалт хийхээр болжээ. Тухайлбал, улсын хэмжээнд нэг сая 21 мянган хүүхэд сар бүр 20 мянган төгрөг авдаг байна. Тэгвэл эхний ээлжид нийт хүүхдийн 60 хувьд нь мөнгийг нь бэлнээр олгохоор болжээ. Өөрөөр хэлбэл, өрхийн бүртгэлийн нэгдсэн сангийн судалгааны 1-10 дугаар бүлэгт орсон өрхийн хүүхдэд мөнгийг нь бэлнээр олгох юм. Тухайлбал, дундаж болон дунджаас доогуур өрхийн хүүхдэд мөнгийг нь бэлнээр олгохоор зохицуулжээ.
- Бээжингээс Замын Үүдийн чиглэлд явж байсан автобус өнгөрөгч наймдугаар сард шатаж, түүнд сууж явсан 37 монгол иргэн ачаа бараа, эд хөрөнгөөрөө хохирсон билээ. Азаар монгол иргэд автобус шатахын өмнөхөн гадагш үсэрсэн болохоор бэртэл гэмтэл аваагүй юм. Харин иргэдийн ачаа бараа, заримынх нь гадаад паспорт галд шатсан байдаг.
Тухайн үед иргэдийн хохирлыг тээвэрлэлт гүйцэтгэсэн БНХАУ-ын “Жиу Лун Сян” компани барагдуулна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Гэвч одоогоор ердөө л 10 иргэний хохирлыг барагдуулсан байна. Энэ талаар албаны хүн хэлэхдээ “Манай улсын иргэдийн хохирлыг барагдуулах асуудлаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дэд захирлыг БНХАУ-д 2016 оны наймдугаар сарын 27-30-ны өдрүүдэд томилон ажиллуулсан бөгөөд энэ үеэр даатгалын болон тээврийн компанийн холбогдох хүмүүстэй уулзахад хохирлын хэмжээг нотлох баримт материалыг үндэслэн Монгол Улсын иргэдэд учирсан хохирлыг түргэн шуурхай барагдуулах тухай мэдэгдсэн” гэж мэдээлжээ.
- Нийслэлийн цэцэрлэгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ашиглалтгүй сул ортой ажиллаж байгаа төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг дэмжих замаар Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд цэцэрлэгийн нэмэлт элсэлт зохион байгуулахаар боллоо.
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцсэн Монгол улсын 2016 оны төсвийн тодотголд Нийслэлийн Боловсролын газраас оруулсан саналын дагуу цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг нэмж хамруулах зорилгоор нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын салбарт 1425,3 сая төгрөгийг баталж 3087 хүүхэд нэмж элсүүлэх боломжтой боллоо.
- Хойд Солонгос манай улсаас хүмүүнлэгийн тусламж хүссэн талаарх мэдээллийг бид албаны эх сурвалжаас тодруулан хүргэж байна. БНАСАУ-ын зүгээс манай улсаас гадна ОХУ, Казахстан, Турк, Куба зэрэг орнуудаас дипломат ахан дүүсийн журмаар хоол хүнс, цэвэр ус, хувцас, хэрэглэлийн тусламж хүссэн тухай зарим хэвлэлээр мэдээлсэн. Энэ нь Хойд Солонгосын хойд мужуудад үүссэн байгалийн гамшиг тус улсад хүндээр тусч байгаатай нь холбоотой аж. Манай улс энэ асуудалд хэрхэн хандаж байгааг албаны эх сурвалжаас тодруулахад:
-БНАСАУ-д байгалийн гамшиг тохиолдсоны улмаас манай улсаас албан ёсны тусламж хүсч хандсан нь үнэн. Хүсэлтэд ямар хариу өгөх талаар хараахан шийд гараагүй бөгөөд Засгийн газар, УИХ-ын төвшинд хэлэлцэж шийдвэрлэх байх гэсэн хариуг өглөө.
- Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хороонд Нарны хорооллын дөрөвдүгээр байранд есөн сартай хүүхдээ гэрт нь цоожилж, давхар цахилгаан зуухаа асаалттай мартсан дуудлага өнгөрөгч даваа гаригт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу онцгой байдлын арван ангийнхан шуурхай ажиллаж есөн сартай охиныг болзошгүй аюулаас аварсан байна.