“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК өвлийн бэлтгэлээ базааж дуусч, орон сууцны нийтийн аж ахуйн удирдах газарт дулааныг нь өгчээ. Хэрэв одоог хүртэл иргэн танайд халаалт ирээгүй бол тухайн Сууц өмчлөгчдийн холбоо болон орон сууцны конторуудаас шалтгааныг нь асуугаарай гэж УБДС компанийн инженерийн албаны дарга Э.Батмөнх мэдэгдлээ. Харин өнгөрсөн өвөл ашигласан дулааныхаа төлбөрөө төлөөгүй, өртэй хувийн орон сууцны конторуудыг төлбөрөө барагдуулж дуустал нь УБДС компани дулааныг нь хязгаарлах юм. Цаашид иргэд өөрийн харьяа конторууддаа хяналт тавьж, өрөө барагдуулах шаардлага хүргүүлэхгүй бол өвлийн хүйтэнд халаалтгүй хохирч магадгүй байна.
Малын түүхий эд, махыг боловсруулж бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх технологийг Монгол Улсад оруулж ирж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ ОХУ, БНХАУ руу экспортлох сонирхолтойгоор Бразил улсын хөрөнгө оруулагчдын төлөөлөл Монголд иржээ. Монгол, Бразил улс хоорондох худалдааны эргэлт туршилтаар ноос, ноолууран бүтээгдэхүүн гаргахаар цаашгүй. Иймээс хоёр улс харилцан ашигтайгаар мал аж ахуй, хоёрдогч түүхийн эдийг боловсруулж бэлэн бүтээгдэхүүн гарган, экспортод гаргахаар Худалдаа аж үйлдвэрийн танхимууд хамтын ажиллагаагаа эхлүүлжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны хоёр хүүхэд, сургуулийн насны долоон хүүхэд өртсөн байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч хоёр, явган зорчигч гурав бүртгэгдсэн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 109 жолоочийг илрүүлжээ.
Энэ удаагийн Оросын Төрийн думын сонгууль ямар нэгэн дуулиан шуугиангүй өнгөрлөө. Харин сонгогчдын оролцоо маш бага 47 орчим хувьтай байв. Нийт саналын хуудасны 50 хувийг тоолсны дараа эрх баригч буюу “Нэгдмэл Орос нам” 53 хувийн санал авлаа хэмээн Оросын Сонгуулийн ерөнхий хорооноос өчигдөр мэдээллээ.
Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Аляскийн үндэсний гвард, Номхон далайн тусгай ажиллагааны командтай хамтран зохион байгуулж байгаа Гамшгийн удирдлага сургалт, дадлага сургууль өчигдөр /2016.09.19/ Хууль сахиулах их сургуульд боллоо. Онцгой байдал, хил, цагдаа, шүүхийн шийдвэрийн сургуулийн албан хаагчдын гамшгийн удирдлагын чадварыг дээшлүүлэх, гамшгийн үед ажиллах харилцан хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилготой уг сургалт, дадлага сургуульд АНУ-аас гамшгийн удирдлагаар мэргэшсэн багш, мэргэжлийн аврагчид багтсан 20 гаруй оролцогчтой баг ирсэн бөгөөд хамтран сургалт, дадлага явуулж байгаагаараа онцлог юм.
Спортын төв ордны бүх өрөө, заал, коридор хуучирч муудаад зогсохгүй барилгыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас хоёр удаа гаргасан байдаг. Гэвч Үндэсний шигшээ багийн бэлтгэл дасгалжуулалт хийдэг үндсэн бааз болох тус барилгыг өнөөг хүртэл ашиглаж буй. БНХАУ-ын Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд уг асуудлыг оруулж тусламж үзүүлэх тухай өчигдөр хэлэлцжээ. Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамцын мэдээлснээр спортын ордныг шинэчлэн барих ажил өнгөрсөн жилээс эхэлсэн ч санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдвэрлээгүйгээс ажил нь удааширч одоогоор зураг төсөл боловсруулах шатандаа явж байгаа гэлээ.
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн Монголын талын гурван гишүүн болох Д.Ганболд, Б.Бямбасайхан, Ч.Отгочулуу нарыг ТУЗ-ын гишүүнээс чөлөөлсөн байна. Өнгөрсөн баасан гаригт “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ хуралдаж уг шийдвэрийг гаргасан байна. Шинээр томилох ТУЗ-ын гишүүдийг “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ын дараагийн ээлжит хурлаар ярилцах аж. Одоогоор ээлжит хуралдааны тов зарлагдаагүй байгаа юм.