Азийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн тоглолтууд өчигдөр /2016.09.20/ боллоо.
МОНГОЛ-ТАЙВАНЬ 84:90
Энэ өдрийн хамгийн оргил тулаан. Хоёр жилийн өмнө багууд мөн нэг хэсэгт учраа таарахад манай залуус Тайванийг нутаг дээр нь нугаслаж байв. Тоглолт эхнээс ширүүн өрнөв. Тайванийн баг хурдтай, тэсрэлттэй, нуруугаар бага зэрэг өндөр байлаа. Харин манай залуус шидэлт сайтай бөгөөд ихэнх довтолгоогоо хувилбараар гүйцэтгэдэг. Нэгдүгээр үед багууд өгөө аваатай явсаар эцсийн мөчид А.Бямбадорж гайхалтай баззер-шот хийж эхний үе өндөрлөсөн юм. Удаах үе тэнцүүхэн эхэлсэн Тайванийн баг бүтэн талбайн хамгаалалт хийж, өрсөлдөгчөө ядраах зорилготой байсан. Гэвч тус хамгаалалт манай залууст төдийлэн саад учруулж чадаагүй. Энэ үеийн төгсгөлийг манай залуус тун нямбай хийж, эхний хагас 42:40-өөр дууслаа. Гуравдугаар үед өрсөлдөөн улам ширүүслээ. Багууд ээлжлэн оноо түүсээр, бүх хүчээ дайчлан хамгаалсаар байв. Ингээд тоглолтын хувь заяаг шийдэх сүүлчийн 10 минут эхэллээ. Шийдвэрлэх үеийн эхлэлийг Тайванийн баг бага зэрэг илүү эхлүүлсэн. Тэд тэргүүллээ эцсийн мөч хүртэл дагалж чадсанаар манай залуусыг 90:84-өөр буулган авлаа. Манай залуус өнөөдөр хэсгийн сүүлчийн тулаанаа Макао улсын шигшээтэй хийнэ. Тэднийг хожвол хэсгээсээ хоёрдугаар байраар гарч, хагас шигшээд үлдэх бүрэн боломжтой.
БНХАУ-БНСУ 80:67
БНХАУ-ын баг эхний тоглолтоо БНСУ-ын шигшээтэй хийв. БНХАУ-ын багийн хувьд дотоодын тэмцээндээ үргэлж дээгүүр өрсөлддөг бөгөөд өнгөрсөн оюутны лигтээ аваргалсан байна. БНХАУ Ази тивд сагсан бөмбөгийн хөгжлөөр тэргүүлдэг учир ямар ур чадвартай баг ирсэнийг манай сагсан бөмбөг сонирхогчид харахыг тэсэн ядан хүлээж байсан. БНСУ-ын багийн хувьд эхний тулаандаа Хонг-Конгийг дийлээгүй. БНСУ-ын баг долоон тоглогчтой ирсэн шалтгаанаа манай улсад Азийн оюутны АШТ-тэй зэрэгцэн оюутны лигийн тэмцээний плей-оффын тоглолтууд болж байгаа. Тиймээс бид багийнхаа гол тоглогчдыг тэнд үлдээгээд ирэхээс өөр арга байгаагүй хэмээлээ. Тоглолтын эхнээс БНХАУ-ын улсын залуус бүх талаараа илүүрхсээр өрсөлдөгчөө 80:67-гоор буулган авав. БНХАУ-ын баг өнөөдөр хэсгээ тэргүүлэх үү, үгүй юу гэдгээ шийдээх чухал тоглолтоо Хонг-Конгийн багийн эсрэг хийнэ.
МАКАО-КАЗАХСТАН 111:41
В хэсгийн хоёр сулхан багийн тулаан боллоо. Тоглолтын эхнээс Макао улсын шигшээ давамгайлсан бөгөөд тэд өрсөлдөгчдөө ямар ч боломж олгохгүй байлаа. Казахстаны шигшээ багт нэгэн тайлбарыг хийхэд тэмцээнд ирээд буй энэ баг нь улсынхаа оюутны хоёрудугаар шигшээ аж. Нэгдүгээр шигшээ баг нь Азийн оюутны сагсан бөмбөгийн АШТ-д ирэхээр сар гаруй бэлтгэлээ базаагаад байсан ч тус улсын мэргэжлийн лигийн шинэ улирал эхэлсэн байна. Оюутны нэгдүгээр шигшээд багтсан залуус бүгд лигийнхээ ямар нэг багт тоглодог байна. Лигийн дүрмийн дагуу лиг эхэлсэнээс хойш олон улсын тэмцээн оролцохгүй гэсэн дүрэмтэй аж. Тиймээс оюутны нэгдүгээр шигшээгийн залуус ирж чадаагүй гэнэ. Макао эхний хагаст ялалт байгуулсан гэхэд хилсдэхгүй. Улмаар тоглолт 111:41:ээр өндөрлөв. Ийнхүү Макао тэмцээний эхний хожлоо авсан юм.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО